Эх дэлхийн сүүлчийн тэмцэл

Дэлхийн түүхэнд тодоос тод тэмдэглэн хадгалах хар жагсаалт байгалийн гамшигт үзэгдлээр баяжин уртассаар байна. Хуй салхи, аадар бороо, аянга цахилгаан, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлтийн цар улам бүр хүч нэмэн оворжиж, хүрээгээ тэлэн томорч байна. Хүн төрөлхтний бахархал, хөгжил дэвшлийн гэрч болсон бүтээн байгуулалтыг хормын төдийд нураах их хүч зөвхөн байгальд л байдгийг бид биеэрээ мэдэрч, нүдээрээ харж сууна. Дэлхийд нүүрлэх байгалийн гамшгаас үүдэлтэй хохирлын талаарх мөнгөн дүнгээр хэмжих нэгж жил тутамд өсөх болов. Өнгөрсөн онд дэлхийн олон орон 306 тэрбум ам.долларын хохирол амсжээ. Энэ нь өмнөх оноос даруй 60 гаруй хувиар өссөн дүн юм. Эд материалын мөнгөн дүнгээс гадна гамшигт нэрвэгдэж сураггүй болсон, амиа алдсан хүн 11 мянгаар тоологдож байна.

2019 он. Байгалийн гамшигт үзэгдэл дэлхий дахинд тасралтгүй нүүрлэх таагүй зураглалыг эрдэмтэд гаргав. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, экологийн доройтол, сүйрэл Монгол Улс, ОХУ-д өнөө жил илүү хүчтэй мэдрэгдэнэ хэмээн Америкийн эрдэмтэд “зөгнөөдөхлөө”. Бүр хамгийн их хохирлыг оросууд болон монголчууд амсана хэмээн зарласан юм. Аюулын тоо ганц нэгээр тогтохгүй, бүр дараалсан гамшиг нөмрөх эрсдэл байгааг давхар анхааруулжээ. Хүчтэй цасан болон шороон шуурга, аянга цахилгаантай аадар бороо, үер усны гамшиг, хэт хүйтрэлт, халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлүүд шинэ оны түүхэнд хуудас нэмэн зузаарах нь.

ДЭЛХИЙН ЦАРЦДАСТ ОЙРТОХ АГШИН

Нарны аймгийн гурав дахь гараг, цор ганц амьдралт ертөнц болсон дэлхий хүн төрөлхтний хийсэн үйл бүрт ийнхүү хариу барьж эхлэв. “Дэлхий хүн төрөлхтний эсрэг эцсийн тэмцлээ эхлүүлсэн” хэмээн салбарын эрдэмтэд санал нэгтэй дүгнэлээ. Цөм, мантийн гадуурх царцдас хэмээх бүлээн, зөөлөн хөрсөөр бүрхэгдсэн дэлхий өдгөө 4.57 тэрбум жил наслаад байна. Дэлхийн хөрс 30-100 км зузаан бөгөөд чулуулгаас бүрддэг. Угтаа энэ нь уул нурууд, ой тайга, далай тэнгис, тивийг бүрдүүлэн цогцлоосон цэнхэр гаргийн гол судас нь юм.

Харин одоо дэлхийн бүтцийг задлан ухаж, сөхөн сануулсны учрыг тайлбарлая. Уур амьсгалын өөрчлөлт одоогийн эрчээрээ үргэлжилж, бүх мөсөн бүрхүүл хайлж дуусвал далай тэнгисийн усны түвшин 60 хүртэл метрээр нэмэгдэнэ. Ингэснээр далайн эрэг орчмын бүх хот живнэ. Товчхондоо, хэдэн зуун сая хүн усанд үйж, амьдрах газаргүй болох аймшигтай төсөөлөл бууж байгаа юм. Манай гаргийн мөсөн давхарга ганц км-ээс илүү хайлахад л мөнөөх мантид энэ хэрээр ойртоно гэсэн үг. Мөс хайлсаар байвал чулуулаг давхарга буюу дэлхийн хөрс аандаа үгүй болох юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мөсөн голууд хайлж, хар салхи, далайн шуурга өмнөхөөсөө улам хүчтэй болсоор байгаа. Энэ хэрээр ойн түймрийн давтамж нэмэгдэх болжээ. АНУ-ын баруун мужуудад гэхэд л ойн түймрийн цар хүрээ өнгөрсөн он жилүүдтэй харьцуулахааргүй ихээр нэмэгдэж, асар том талбайг хамран хуйхлах болов. Судлаачид үүнийг цаг агаар хэт дулаарч, цас эрт хайлах болсонтой холбон тайлбарлаж байна.

Дэлхийн дулаарлаас үүдэлтэй хохирол байгалийн гамшигт үзэгдлээр зогссонгүй. Эртний сүм хийд, хот суурин, барилга байгууламж, түүх соёлын үнэт өв, урлагийн бүтээлүүд олон зууныг ажралгүй давсаар өдгөөг хүрсэн билээ. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тэдний олонх нь сүйдэн, эвдэрч, нурж эхэлжээ. “Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг гэрчлэх баримтыг дэлхийн дулаарал залгиж байна. Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр үргэлжилбэл хэврэгшиж муудсан барилга байгууламж, урлагийн бүтээл, түүх дурсгалын газруудыг аврах ямар ч арга бидэнд байхгүй” хэмээн олон орны судлаач анхааруулав.

Тэрчлэн Альп хийгээд бусад өндөр уулсын өсөлт маш хурдтай явагдаж эхэлжээ. Энэ нь уулсыг хучин бүрхэж байсан цас мөс, мөсөн голуудын гэсэлт, ууршилттай холбоотой юм байна. Хэдэн мянган жилийн турш цас мөс, мөсөн голууд дэлхийн гадаргууд асар их даралт өгсөөр XX зуунтай золгожээ. Гэтэл өнгөрсөн зуунаас эхлэн тасралтгүй хайлж урссанаар жин нь хөнгөрч, дэлхий гадаргуу аажмаар дээшилсээр байгаа гэнэ. Уул нуруудын өсөлт ийнхүү нэмэгдсэнээр олон зуун жил унтаж байсан галт уулсыг сэрээх, газар хөдлөлтийг идэвхжүүлэх гол шалтгаан нь болж байна.

Индонезын Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас үүссэн цунамид амиа алдсан иргэдийн тоо 430-д хүрч, сураггүй алга болсон хүн 154 болж нэмэгдлээ гэж “Киодо” агентлаг өнгөрсөн жил мэдээлж байв. Мөн 2018 оны арванхоёрдугаар сарын 22-нд болсон гамшигт Суматра болон Ява арлын эрэг орчмын хотууд өртсөн юм. Үүнээс хоёрхон хоногийн дараа Италийн Этна галт уул дэлбэрч, их хэмжээний үнсэн үүл үүссэний улмаас эдийн засагт нь багагүй хохирол учруулжээ. Италийн Үндэсний геофизик, галт уул судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, галт уул орчим 130 газарт чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Монголд гэхэд л газар хөдлөлтийн идэвхжил сүүлийн арав гаруй жилд тасралтгүй өссөн судалгаа гараад байна. Тэр тусмаа Улаанбаатар хот орчимд өнгөрсөн жил 870 гаруй удаа газар хөдөлснийг тогтоолоо. Үүнийг өмнөх жилтэй харьцуулахад 200 орчмоор нэмэгдсэн бөгөөд гол идэвхжил нь Эмээлт, Хустай, Авдар уулын хагарлын дагуу явагджээ. Энэ нь 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн хагарал болохыг манай эрдэмтэд тогтоогоод байна. Иймд зогсолтгүй идэвхжиж байгаа газар хөдлөлт уг хагаралд хэрхэн нөлөөлөхийг, энэ нь цаашлаад Улаанбаатар хотод ямар гамшиг, аюул дагуулж болзошгүй талаар дахин үнэлэх нарийвчилсан судалгааг яаралтай хийх хэрэгтэй аж. Харамсалтай нь, Монгол Улс энэ талаарх томоохон судалгааны ажлыг одоогийн байдлаар лав эхлүүлээгүй л байна. Уг нь ул суурьтай судалгаанд тулгуурлан эрсдэлээс хамгаалах, бага хохирол амсах нөхцөл бүрдэнэ гэдгийг мартаж боломгүй.

ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬСАЛ

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал дан ганц байгалийн гамшгаар “бэлэг” барьсангүй. Цэнхэр гаргийн биологийн олон төрөл зүйлийн хувьд мөхлийн зуун болж байна. Одоогийн байдлаар гэхэд дэлхийн хэмжээнд 80 гаруй төрөл зүйлийн амьтан дайжиж, дүрвэснийг тогтоосон. Дулаарлын нөлөөгөөр улирал улирлын өнгө өөрчлөгдөн хувьсаж, цаг хугацааны хүрдэд мэдэгдэхүйц “гажиг” суучихаад байна. Хавар эрт эхлэх болсноор өт хорхойгоор хооллодог шувууд үй олноороо устан үгүй болох эрсдэл нэмэгджээ. Тэрчлэн олон сая жил тогтож хэвшсэн байгалийн жам алдагдаж эхэлснээр өвс, ургамлын соёолох, үр жимсээ өгөх хугацаанд хүртэл өөрчлөлт орчихоод байна. Үүнтэй холбоотойгоор нүүдлийн шувууд хийгээд олон төрөл зүйлийн амьтанд устах аюул нүүрлэв.

Арктикийн мөс хайлж байгаа нь доод өргөргийн амьтан, ургамалд ийнхүү сөргөөр нөлөөлж эхэллээ. Гэхдээ эсрэгээрээ мөсөн тивд амьдрал цэцэглэх нөхцөл бүрджээ. Жилийн ихэнх цагт мөс, цасанд дарагдан байдаг өвс, ургамал амь орон ногоорох болсон нь дэлхий хэрхэн өөрчлөгдөж буйн нэг жишээ юм. Эрдэмтэд энэ байдлыг “Арктикийн биологийн хөгжил, цэцэглэлтийн эрин” хэмээн нэрлэсэн байх жишээтэй. Үүнтэй холбоотойгоор олон төрөл, зүйлийн амьтад өндөрлөг газар руу нүүдэллэж эхэлснийг судалгаагаар тогтоогоод байна.

Улирал улирлын цаг хугацааны өөрчлөлт Монголд ч тод харагдах болсон. Газар тариалангийн бүс нутагт гэхэд өнгөрсөн жил цаг агаарын өөрчлөлт илүүтэй мэдрэгдэн тодоор тэмдэглэгдэв. Тариа тарьснаас хойш гантай хуурай өдрүүд 40 гаруй хоног үргэлжилсний эцэст аадар бороо асгартал шаагив. Чухам тэр үед хатаж хуурайшсан хөрстэй бүс нутгуудад орсон аадар үер болон урсаж, гамшиг дагуулан хохирол амсуулсныг санаж буй биз. Үнэндээ өнгөрсөн зун монголчууд аагим халууныг бараг мэдрээгүй. Бараг ганц сар үргэлжилсэн зуны нарлаг өдрүүдэд аагим халууныг заасан температурын үзүүлэлт ч тун ховор тохиосон. Тэрчлэн бэлчээрийн ургамлын бүтцэд гарч буй өөрчлөлт дэлхийн дулаарлын нэгэн тод жишээ юм. Ашигт ургамлын тоо цөөрч, хөл газрын ургамлын эзлэх талбай нь нэмэгдсээр байгаа аж.

Хавар эрт эхэлж, удаан үргэлжлэх болсноор хүн төрөлхтөнд тулгараад буй бас нэг том асуудал нь харшил, элдэв нянгийн гаралтай ханиад томуу, халдварт өвчний тархалт. Найтаах, нүд загатнах, хамар битүүрэх харшил улам даамжирч, жил бүрийн хавар бараг л хоёр хүний нэг нь өвчилж байна. Харшил ийн хүрээгээ тэлж буйг эрдэмтэд дэлхийн дулааралтай холбон тайлбарласан бөгөөд энэ байдал цаашид улам даамжирна хэмээн саяхан гаргасан тайландаа дурдав. Учир нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн түвшин нэмэгдэж, температур дулаарснаар ургамал эрт цэцэглэн энэ хэрээр их тоос ялгаруулах болжээ. Цэцгийн тоос ийнхүү нэмэгдэж, харшлын улирал эрт эхэлж, удаан үргэлжлэх болсон нь олон өвчний суурь болж байна.

ДЭЛХИЙН ХҮЙТЭН ХОТ ХАТАЖ БАЙНА

Цэнхэр гаргийн температур нэмэгдсэн нь томоохон мөсөн голууд хайлахад нөлөөлөөд зогсохгүй мөнх цэвдэг, дэлхийн хөрсийг гэсгээж эхэлсэн. Хөрс ийн гэсэж, зөөлөрснөөр газрын гадаргад хөдөлгөөн орж, ялангуяа дэд бүтэц буюу төмөр зам, хурдны зам, байшин барилгуудад сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Өндөрлөг газрын цэвдэг гэссэнээр хад чулууны болон хөрсний нуралт эрс нэмэгджээ. Тэрчлэн тундрын дагуух цэвдэг гэссэнээр эртний хүмүүсийн цогцос ил гарах болов. Үүнтэй холбоотойгоор олон зууны өмнө устаж үгүй болсон, удаан хугацаагаар нуугдмал байсан зарим төрлийн халдварт өвчин дахин дэлгэрэх боломжтойг эртэмтэд тогтоолоо.

Судалгаанаас харахад сүүлийн хэдэн арван жилд Арктикийн асар том 125 нуур ширгэж алга болсон байна. Ширгэсэн нууруудын ойролцоо хийсэн судалгаагаар доорх мөнх цэвдэг хайлсантай холбоотой болохыг баталжээ. Нэг нуур ширгэхэд түүний тэтгэн тэжээж байсан экосистем бүхэлдээ устана гээд бодоход хор хохирлыг нь дэнслэн тооцоход үнэхээр бэрх.

Улаанбаатарын өвөл өнгө зүсээ өмнөхөөс өөрөөр хувиргасаар байгаа нь бас л дэлхийн дулаарал хүчтэй нөлөөлж эхэлсний баталгаа. Японы эрдэмтдийн 2015 онд хийсэн судалгаагаар хот орчмын гурван газарт мөнх цэвдгийн зузаан 2-4 метр байжээ. Арваад жилийн өмнө 4-6 метр байсан гээд тооцвол хоёр метрээр багассан дүн юм. Мөнх цэвдэг ийнхүү хайлсаар байвал 20-30 жилийн дараа Улаанбаатарын газрын мөс бүрмөсөн үгүй болох төлөв гарсан байна. Угтаа энэ нь хамгийн хүйтэн хот хэмээн дэлхийд данстай Улаанбаатар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гүнээсээ халж, хатаж эхэлснийг гэрчлэх хангалттай баримт.

...Хүн төрөлхтөн ойн түймэр, үер ус, салхи шуурга гээд байгалийн гамшгаас сэргийлэхэд хэтэрхий оройтсон ч байж магад. Үнэндээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээллийг бид санаснаас хэтэрхий бага, дэндүү цөөхнийг хүлээн авч байна. Гэтэл өнөөдөр дэлхийн дулаарал геополитикийн асуудал болон хувирлаа. Чухам үүнтэй холбоод үзэхэд л уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай хамааралтай судалгаа, аюулын талаарх урьдчилсан таамаг, эдийн засгийн тооцоо, эрсдэлээс хамгаалах арга зам гээд олон асуудалд бид анхаарлаа хандуулж, ач холбогдол өгч амьдрах хэрэгтэй болов.

Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)