ЭХЭМҮТ олон улсын стандарт хангалаа

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг болон Хүүхдийн яаралтай тусламжийн тасгууд олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг 2018 оноос нэвтрүүлж эхэлжээ. Түүнээс хойших хугацаанд холбогдох мэргэжлийн байгууллагынхан тус төвийг үе шаттайшалгаж, дээрх стандартыг хангаж чадах, эсэхийг тогтмол хянаж байжээ. Тэгвэл ХБНГУ-ын DQS компанийн тэргүүлэх аудитор тус төвд энэ сарын 24-27-нд үнэлгээ хийж, дээрх шаардлагыг 100 хувь хангасан болохыг магадлалаа. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрөөс тодруулахад “Бид энэ стандартыг хангахын тулд хоёр жил бэлтгэсэн. 

Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн тоног төхөөрөмжөө шинэчилж, сайжруулан, дэлхийн түвшний оношилгоо, эмчилгээг хийдэг боллоо. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 бол хамгийн сүүлийн үеийн стандарт. Эмнэлгийн үйлчилгээг хэрхэн зөв зохион байгуулж, үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай, эрсдэлгүй, чанартай тусламж үзүүлж байгааг харгалзан, олон улсын байгууллага үнэлгээ өгдөг. Үүнийгээ жил бүр шалгуулж, баталгаажуулах нь маш чухал. Одоогоор ЦССҮТ, СЭМҮТ, АӨСҮТ-ийнхөн дээрх стандартыг хэсэгчлэн, зарим нь 100 хувь хангаад байна” гэв.

ЭХЭМҮТ хүүхдийн өвчний нарийн мэргэжлийн 24 төрлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Мөн 21 аймаг, есөн дүүргийн харьяа хүндрэлтэй болон дутуу төрөх магадлалтай ээжүүдийг хүлээн авдаг юм. Тус төвийнхөн дээрх стандартыг хангаснаар тусламж, үйлчилгээнийх нь чанар, хүртээмж олон улсын түвшинд хүрсэн гэсэн үг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)