Эхний алхамдаа ээрэгдсэн эрхзүйчид

-Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэдний 10-30 хувь нь л тэнцдэг-

Нутгийн нэг эгч “Зунаас хойш “Хүүхдээ ажилд оруулмаар байна, хуулийн сургууль төгссөн” гээд олон удаа ярьсан юм. Хүмүүс хааяа нэг “Сайн хүүхэд байна уу” гэж над руу холбогддог болохоор гайгүй хүүхэд байвал анкетыг нь авчихъя” гэж бодоод уулзлаа. “Төрийн албаны анкетаа бөглө” гэсэн чинь төрсөн газар гэдэгт “Аймгийн нэгдсэн эмнэлэг” гэж бичив. Нөхрийнхөө эрхэлдэг ажлыг бас алдаатай биччихлээ. Хууль, дүрэм асуухаа байгаад хоёр өгүүлбэр хэлж, цээжээр бичүүллээ.

10 алдаа гаргасан байх юм. Юун хуульчаар ажилд орох, ерөнхий боловсролын сургуульдаа буцаад сур, аав, ээжийнхээ мөнгийг дэмий үрсэн “Өөдгүй хүүхэд” гэж загнаад гаргав” хэмээн Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Б.Гүнбилэг бичжээ. Мөн тэрбээр хуульч бэлтгэж буй хувийн сургуульд хичээл зааж байхдаа дээрх явдлыг санаж, дөрөвдүгээр дамжааны нэг оюутнаар “Хуульчийн” гэдэг үгийг самбарт бичүүлтэл “Хуулчийн” гэж бичсэн бол дараагийнх нь “Хуульчдын” гэдгийг “Хуульчдийн” гэж буруу бичжээ.

“Хуульч гэдэг бол ном унших, бүх насаараа реферат бичих л ажил. Өөр юу ч биш. Үндсэн ажил чинь оюутан цагтаа бичсэн рефератаа л үргэлжлүүлэх. Ном уншихгүй болохоор алдаатай бичнэ. Ном уншихгүй бол хуульч болохгүй. Нөгөө өвөл хүйтэн болно гэдэг шиг” хэмээн тэрбээр үргэлжлүүлжээ. Аав, ээж нь хүүхдээ алдартай хуульч болно гэж итгэж суугаа байх. Гэтэл тэдний байгаа байдал нэг иймэрхүү. Зөвхөн хуульч, эрхзүйч гэлгүй манай дээд боловсролын системд Монгол хэлний зөв бичих дүрэм гээгдсэний бодит жишээ энэ юм.

Хүний хувь заяаг хааш нь ч эргүүлэх хүчтэй цөөн мэргэжлийн нэг нь хуульч. Эмч хүн их, дээд сургуулиа төгсөөд мэс барьж хүний биед хүрдэггүй шиг, багш мэргэжлийг эзэмшээд багшлах эрхийн шалгалтад тэнцэхгүй бол ээж, аавын хүүхдүүдэд эрдэм ном заадаггүйтэй адил эрхзүйчид хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй бол шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах эрхгүй. Хуульчийн мэргэжлийн шалгалт гэдэг эрхзүйчдийн эхний алхам. Гэвч эхний алхамдаа ээрэгдсэн эрхзүйчид Монголоор дүүрэн бий гэхэд хилсдэхгүй.

Шүүгч, прокурор, өмгөөлөгчийн туслах, УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан, хууль зүйн сургуулийн багш, туслах багш, төрийн болон төрийн бус байгууллагын эрх зүйн судалгааны ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан эрхзүйч хуульчийн мэргэжлийн шалгалт өгөх эрхтэй болдог. Энэ жил зургаа дахь удаагаа болох гэж буй хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцохоор 1163 хүн бүртгүүлжээ. Нийгмийн даатгалын дэвтрээ ирүүлээгүй болон дутуу явуулсан, дипломын дугаараа бичээгүй, мэргэжлийн дадлага хийгээгүй зэрэг үндэслэлээр шалгалтад орох эрхгүй болсон цөөнгүй эрхзүйч байгаа аж.

Шалгалтын талаар Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын хорооны гишүүн, хуульч Н.Туяагаас тодруулахад “Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдсөн. Хуульчийн мэргэжлийн хариуцлага, ёс зүйг тусгайлан зохицуулж өгснөөрөө ач холбогдолтой болсон юм. Урьд нь Хууль зүй, дотоод хэргийн яам шалгалтын асуудлыг хариуцдаг байв. Одоо Монголын хуульчдын холбоо хуульч гэж хэнийг хэлэх, ямар шаардлага тавих, үүнийг хангасан, эсэхийг хэрхэн яаж тогтоохыг цогцоор нь хариуцаж байна.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар шалгалт явуулах журмыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталдаг. Өнгөрсөн онд гаргасан журмыг нэмж өөрчилсөн. Тестийн буюу сорилгын шалгалтын хугацаа 150 минут байсныг 200 минут болголоо. Шалгуулагч, төгсөгчдөөс ирсэн санал хүсэлтийн дагуу хугацааг уртасган 200 сорилыг 200 минутад бөглөхөөр зохицуулсан. Хуульчдын холбооны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 75 хоногийн хугацаанд бүртгэл явагддаг. Шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө бүртгэлийн ажиллагаа дуусах ёстой.

Хуульчийн мэргэжлийн энэ удаагийн шалгалтын бүртгэл долдугаар сарын 9-ний 13.00 цагаас эхэлж, наймдугаар сарын 26-ны 00.00 цагт дууссан. Онлайнаар нийт 49 хоног бүртгэлээ. Хуульчийн бакалаврын зэрэгтэй, төгссөн сургууль нь Хуульчдын холбооноос магадлан итгэмжилсэн, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн эрхзүйч энэ шалгалтад орох боломжтой. Тэнцсэн тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болдог” гэв.

Дөрвөн жил номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хэрнээ шалгалт өгч буй эрхзүйчдийн дөнгөж 10-30 хувь нь л тэнцэж, шүүгч, прокурор, өмгөөлөгч болох эрх нь нээгддэг гэхээр чамлахаар үзүүлэлт санагдана.

Тодруулбал, 2015 онд 1178 хүн хуульчийн шалгалт өгснөөс 364 нь тэнцжээ. Үүнээс хойш тэнцсэн хүний тоо буурсаар байгаа юм. 2016 онд 1348 хүн шалгалт өгснөөс 154 нь авах ёстой 100 онооны 70, түүнээс дээш үнэлгээ авч босго давжээ. Харин өнгөрсөн онд 1084 хүн хуульч болох гэж зүтгэснээс 229 нь даваагаа амжилттай давсан байна. Энэ онд 1163 эрх зүйч мэдлэг, чадвараа сорино. Тэдний хэд нь тэнцэж, хуульчдын эгнээг тэлэх нь энэ сарын 26-28-ны хооронд явагдах шалгалтын дараа тодорхой болох юм.

Дээрх тоон мэдээллээс харахад шалгалт өгч буй эрхзүйчдийн багахан хувь нь л дөрвөн жил сурч, хоёр жил дадлага хийснийхээ үр шимийг гаргадаг гэсэн үг. Хэдийгээр шалгалтад жил бүр 1000 гаруй эрхзүйч оролцдог ч тэнцдэг нь ийм цөөн байгааг энэ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулийн чанартай холбон тайлбарладаг хуульчид бий. Гэхдээ улсын болон хувийн аль ч сургууль сургалтын нэг стандарт, хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулж буй учраас аль нэг нь сайн гэж үнэлэхэд хэцүү. Тухайн эрхзүйч шалгалтдаа хэрхэн бэлдэхээс л бүх зүйл шалтгаална гэж үзэх нь ч цөөнгүй юм билээ.

Монголын хуульчдын холбооноос шалгалт товлосон өдрөөс эхлэн сургалт явуулдаг юм байна. Шалгалт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь эрх зүйн мэдлэгийг нь сорих сорил. Энэ давааг давсан эрхзүйчид иргэн, эрүү, захиргааны эрх зүйн тодорхой тохиолдолд хууль хэрэглэн гурван бодлого боддог аж. Бодлогыг гурван шалгагчийн дундаж оноогоор дүгнэдэг учраас хамгийн бодитой үнэлгээ гардаг гэж шалгалтын хорооны гишүүд үздэг. Шалгалтад бэлтгэдэг олон газар бий бөгөөд тэдгээр нь хуулийн бодлогыг бодох өөр өөр аргачлал зааж өгдгийг анхаарах шаадлагатай гэнэ.

Шалгагчийн аргачлал бас өөр учраас энэ бүхнийг нэг байлгах үүднээс Хуульчдын холбооноос сургалт явуулдаг байна. Тухайлбал, эрүүгийн эрх зүйн бодлогыг арван алхмаар бодох бол захиргааны хэрэгт найман алхмаар бодох жишээтэй. Шалгалтад хэрхэн бэлтгэх талаар ном, гарын авлага гарсан учраас эрхзүйчид өөрсдөө л бэлтгэлдээ анхаарахад шалгалтад бүдрэхгүй болов уу. Гэвч бодит тоон мэдээллээс харахад шалгалтад тэнцэж буй эрхзүйчид хуруу дарам. Хариуцлагатай ажил эрхлэх гэж буй хүмүүс хэрнээ шалгалтын өдөр бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэхээ мартдаг, цагаасаа хоцордог зэрэг хайнга байдал гаргах нь цөөнгүй гэх юм билээ.

Саяхан хуульчид нэгдэн “Хуульчдын форум-2018” уулзалт зохион байгуулсан. Шударга ёсыг сахиулан хуулиа дээдлэхэд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид үнэнч шударга, улс төрөөс ангид, хараат бус, хариуцлагатай байж, мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэдэг, өндөр мэдлэг, ур чадвартай хуульчдыг бэлтгэх, чанаржуулах зорилгоор зөвлөмж гаргаснаа тэр үеэр дуулгасан юм. Харин тэдэнд мэргэжлийн шалгалтаа амжилттай давж, мэргэжлийн гэдгээ баталсны дараа ажил үүргээ мэргэжлийн түвшинд явуулах нөхөрсөг зөвлөмж өгье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)