Эхлээд МАН-ын бүлгийг байгуулах ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбоотой асуудал хэлэлцжээ. Өнгөрсөн долоо хоногт арилжсан 1.5 тэрбум долларын бондын хүүд өдөрт 270 сая төгрөг төлөх гэнэ. Мөн өнгөрсөн хугацаанд нийт 400 тэрбум төгрөгийн бонд гаргасан, одоо арьс, ширний салбарыг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байгаа. Тиймээс МАН-ынхан “Бонд бол өр, өнөөдөр биш ч маргааш түүнийг төлөх болно. Тиймээс яг юунд, хэрхэн зарцуулах гэж байгааг хянах хэрэгтэй” гэлээ. Энэ тухай МАН-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэд шинэчлэлийн биш, бондын Засгийн газар боллоо хэмээн шүүмжилсэн юм.

Гишүүн С.Бямбацогт “Дотоод, гадаадад гаргасан бондын хүүд зориулж нэг өдөр гаргах мөнгөөр цэцэрлэг, хоёр өдрийн мөнгөөр сургууль барьж болно. Гэтэл сургууль, цэцэрлэг Монгол Улсад хүрэлцээгүй байна. Тиймээс хяналт тавихын тулд бид Бүлгээ байгуулж, Байнгын хороонд гишүүн байх ёстой” гэлээ. МАН-ын бүлгийг баталгаажуулах зохицуулалтыг тусгасан УИХ-ын болон дэгийн тухай хуулийн төслийн хэлэлц үүлгээс АН завсарлага авсан. Дээрээс нь Өвөрхангайгаас тодорсон АН-ын хоёр гишүүний тангараг өргөх асуудлыг МАН дэмжихгүй байгаа. Улс төрийн эл үл ойлголцлыг зөвшилцөж шийдэхийн тулд хамтарсан Ажлын хэсэг байгуулах саналыг МАН-ынхан гаргаж байгаа аж.

АН-ынхан эхлээд таван гишүүний тангаргыг өргүүлээд, дараа нь УИХ-ын болон дэгийн тухай хуулийг хэлэлцэнэ гэсэн бол МАН-ынхан “Зөвшилцөх Ажлын хэсэг цөөнхдөө хүндэтгэлтэй хандаж, Бүлэг байгуулах асуудлыг эхлээд ярих хэрэгтэй. Таван гиш үүний тангараг өргөх асуудлыг ч Ажлын хэсэг дээр зөвшилцөнө” гэв. Үүнээс гадна өчигдрийн хуралдаанаар арьс ширний салбарыг дэмжих зорилгоор гаргах гэж буй 200 тэрбум төгрөгийн бондод сүү үйлдвэрлэгчдийг хамруулах ёстой гэж тэд үзсэн байна. Нэг литр сүүнд 500 төгрөгийн урамшуулал олгох нь зөв гэжээ. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд аймаг бүрт Хөдөлмөрийн хэлтэс байгуулах заалт орсон юм байна. Үүний удирдлагыг орон нутгийн удирдлага томилдог байсныг больж, шууд дээрээс томилохоор төсөлд зохицуулсныг тэд “Эрх баригчид орон нутагт эрх мэдэл өгөх бодлогоо зөрчиж байна” гэсэн юм.
С.УУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)