Эхийн эндэгдлийг бууруулж, мянганы зорилтод хүрэх “мөрөөдөл”

Орчин үеийн эмэгтэйчүүд турьхан, өвчлөмтгий, хоёр хүүхэд төрүүлээд л бие нь “дийлэхээ” больдог тухай эмч нар халаглах. Умайн хүзүүний хавдар, улайлт шарх, бөөр, шээсний замын үрэвсэлгүй эмэгтэй ховордсон гэнэ. Бүр багаасаа архаг, суурь өвчин “тээсээр”, түүнийгээ эмчлүүлэхгүй нярайлдаг нь өөртөө ч, хүүхдэдээ ч олон эрсдэл дагуулах болжээ. Жирэмсэн эхчүүд амны хөндийн үрэвслээс эхлээд цусны даралт ихсэх, бэлгийн замын халдварт өвчин, дотор эрхтний эмгэг өөрчлөлттэй, илүүдэл жинтэй, цаашлаад цөөнгүй нь хавдартай байгааг судалгааны олон баримт гэрчилнэ. Эдгээрээс багадаа л аль нэг нь, түүнээс олон өвчин эхчүүдэд зэрэг оношлогдож буйг мэргэжлийнхэн хэлсэн. Энэ бүхний уршгаар үрээ тээж, төрүүлэх “үүргээ” биелүүлж чадахгүйд хүрч, нэг бол ураг зулбах, эсвэл хүүхэд нь төрөл бүрийн эмгэг, өөрчлөлттэй мэндлэх, цаашлаад эх амиа алдах том шалтгаан болж буйг анхаараарай.

Таагүй мэдээ дуулгахад, улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 13 эх үрээ тэвэрч чадалгүй, эндсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанд дурджээ. Дөрөвхөн сарын дотор 13 гэдэг өндөр тоо. Учир нь 2018 онд нийт 21 эх зуурдаар нас барсан нь 100 мянган амьд төрөлтөд 27.1 буюу эндэгдлийн түвшин дунд зэргийг “зааж” байв. Тэгвэл он гарснаас хойш уг үзүүлэлт 51.8 болсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 31.9-өөр нэмэгдсэн дүн юм. Шалтгааныг нь тодруулахад эрхтэн тогтолцооны эмгэгээр дөрөв, төрсний дараах үеийн хүндрэлээр тав, жирэмсэн үедээ дөрвөн эх эндсэн байна. Тэдний тав нь орон нутагт бүртгэгджээ.

Эндсэн эхчүүдийг насны бүлгээр авч үзвэл 37.3 хувь нь 25-29, 21.5 хувь нь 30-34 насныхан байсан нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, эдгээр тоо улсын дүнгээс 10-120 тохиолдлоор олон байгаа юм. Энэ мэт ид хөдөлмөрлөх, нөхөн үржихүйн насандаа эмэгтэйчүүд төрөхийн шалтгаанаар олноороо эндэж буйд эмч нар ихэд санаа зовниж байна. Ээжүүд ирээдүйд мэндлэх үрийнхээ төлөө эхлээд биеэ эрүүлжүүлэх наад захын ойлголт, мэдлэгтэй болох, цаашлаад жирэмслэхээсээ өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн өвчин илэрвэл эмчлүүлж байж гэр бүлээ төлөвлөх нь зүйтэйг дээрх баримтууд “хэлэх” биз ээ.

Харамсалтай нь, манай бүсгүйчүүдэд ийм дадал, хэвшил суугаагүйг илтгэх хэд хэдэн судалгаа байна. Энэ оны эхний дөрвөн сард 27 761 жирэмсэн эмэгтэй хяналтад хамрагдсаны 11 орчим хувь нь оройтсон. Цөөнгүй нь давтан үзлэгээ дутуу хийлгэх, таслах, зарим шинжилгээндээ хамрагддаггүй зэргээр хэл ам таталдаг аж. Жирэмсний хугацаанд хүүхдийг нь амар мэнд бойжуулах, өөрийнх нь эрүүл мэндийг давхар хянаж, эрүүл саруул амаржуулах гэж эмч нар хэрэндээ хичээх ч сүүлийн үеийн зарим эмэгтэйн хэнэггүй, хайнга, хувиа хичээсэн занг “хүмүүжүүлж” хүчрэхгүй болсон гэх. Жишээлбэл, жирэмсний эхний саруудад бэлгийн замын халдварт өвчинтэй нь оношлогдсон болгоныг эмчлээд явуулахаар төрөхийн өмнөх давтан шинжилгээгээр дахин илрэх нь хэвийн үзэгдэл гэнэ. Энэ тохиолдолд өвчнийг эмчлэхэд хэдийн оройтсон, урагт ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байдаг аж. Жирэмсний хяналтад орсон дээрх 27 761 эмэгтэйг бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээнд тус бүр 92-99 хувь хамруулахад 488-д нь трихомониаз, 77-гоос нь заг хүйтэн, 549 хүнээс тэмбүү илэрчээ. Өнгөрсөн онд төрөлхийн тэмбүүгийн 52 тохиолдол бүртгэгдсэн бол он гарснаас хойш зөвхөн нийслэлд гэхэд найман хүүхэд ийм халдвартай төрсөн байна. “Хормойн” өвчин эхийн аминд ноцтой халгүй ч хүүхэд эндэх тэргүүлэх шалтгааны нэг болсоор байгаа тул тоо, баримтыг нь энд зориуд эш татав.

Харин одоо эхийн эндэгдлийн ноцтой шалтгааны талаар тодруулснаа хүргэе. Жирэмсэн эмэгтэйд хорхойтсон шүд хүртэл том аюул байдаг тул энэ нь айхавтар, тэр нь гайгүй өвчин гэж хэлэх боломжгүй аж. 2018 оны сүүлчээр бүртгэгдсэн нэгэн эмгэнэлт жишээ дурдахад, дөрөв дэх хүүхдээ тээж байсан эмэгтэй нас барсан. Тэрбээр жирэмсний хяналтын ээлжит үзлэгээ хийлгэхээр эмнэлэгт очихдоо “Эмч ээ, шүд өвдөөд, эрүү рүү чинэрээд байх юм. Яавал дээр вэ” гэж хэлчихээд хэсэг хугацааны дараа бие нь муудаж, төрөх эмнэлэгт хүрээд эндсэн байдаг. Шалтгаан нь амны хөндийн халдвар цусанд нь орж, эмнэлгийнхний хэлээр нэвчээс болсноор тулгар эх, урагтайгаа хорвоог орхисон. Бие давхар эмэгтэйчүүдийн олонх нь жирэмслэхийнхээ өмнө биш, дараа нь шүдээ эмчлүүлдэг, зарим нь бүр тоохгүй явсаар нярайлдаг аж. АНУ-ын Детройтын эрүүл мэндийн сургуулийнхны судалснаар эхчүүдийн амны хөндийн нян, халдвар хүүхдэд халдах өндөр эрсдэлтэй. Хэдийгээр хүүхэд шүдгүй төрдөг ч нэг нас дөнгөж өнгөрөв үү, үгүй юү шүд нь хорхойтдог нэг шалтгаан энэ аж. Цаашлаад ураг дутуу, жин багатай төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Ерөөс 2000 оноос хойш жирэмсэн, амаржсан эхчүүд халдварт болон халдварт бус өвчинд өртөх нь нэмэгдсэн учраас хийсвэрээр амаржих, тэгэх явцдаа эндэх тохиолдол цөөнгүй гарах болов. 1990 оноос өмнө монголчуудын хоол, хүнс байгалийн гаралтай байсантай холбоотойгоор эхчүүд эрүүл чийрэг, барагтай л бол чилээрхдэггүй байсан гэдэг. Харин эдүгээ хүнсний аюулгүй байдал эрсдэл дагуулахын сацуу агаар, хөрс, орчны бохирдлын нөлөөгөөр жирэмсэн эхчүүдэд төрөл бүрийн аминдэм уулгах болсон. Үүнийг өнөө цагт зайлшгүй хэрэглэх шаардлагатай ч уршгаар нь ураг хэвлийдээ хэт томорч, мэс засал хийлгэх, улмаар эхийн эрүүл мэндийг доройтуулах үндэс болж буйг судлаачид онцолсон. ДЭМБ-ын тайланд дурдсанаар, тухайн улсын нийт жирэмслэлтийн 5-15 хувийг мэс заслаар төрүүлэхэд хэвийн гэж үздэг. Харин манайд энэ тоо хоёр дахин их байдаг нь үүнтэй холбоотой гэнэ.

Эдгээрээс хамгийн ноцтой нь эмэгтэйчүүдэд жирэмсний явцад үүссэн төрөх замын элдэв өвчин, эхэс түрүүлэх, эсвэл амаржих хугацаанаас өмнө ховхрох, зүрх, судасны эмгэг, ураг тээх хугацааны хордлого болон хүүхэд буруу байрлах зэрэг цөөнгүй “дайсантай” нүүр тулах болжээ. Мөн албаныхны хэлснээр амаржих явцад болон түүний дараа олон янзын хүндрэл эхэд гарч байгаа нь эндэгдлийг тэглэх боломжийг хаадаг гэх. Тодруулбал, нэг жилд төрсөн нийт эхийн 60-80 хувьд нь их, бага хэмжээгээр хүндрэл гардаг байна. 2018 онд л гэхэд жирэмсний болон төрөх үеийн, төрсний дараах хүндрэл 65 064 удаа тохиолдож, 1000 амьд төрөлтөд 844 ногджээ. Энэ нь хөгжиж буй орнууддаа өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Тэдний 39.2 хувь нь жирэмсний үед, 49.3 хувь нь төрөх явцдаа, 2.3 хувь нь төрсний дараа бие нь мууджээ. Голдуу татах, ухаан балартах, цус алдах зэргээр эхийн аминд ноцтой хүндрэл гардаг байна. Энэ бүхнээс болж 2018 онд 21, өнгөрсөн жил 19 эх нас баржээ.

Өөр нэг шалтгаан нь төр, засгийн алдаатай бодлого, хэрэгжүүлдэггүй амлалт, зорилт, хөтөлбөрийн хэрэгжилт муугаас эх, хүүхэд эндэх тохиолдол буурахгүй байгаа юм. Засгийн газрын 78 дугаар тогтоолоор “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан билээ. Үүний хүрээнд 2017-2021 онд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг тасалдуулахгүй гэж амлажээ. Түүнчлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэх замаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахыг зорьж буй. Тодруулбал, 2020 онд эхийн эндэгдлийг 100 мянган амьд төрөлтөд 25-д “барих” зорилт тавьсан ч эхний дөрвөн сард уг үзүүлэлт хэдийн 51.8 болжээ. Тэгэхээр энэ нь бас л биелэхгүй “мөрөөдөл” болсныг харуулна. Жил бүр 400 орчим эх эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ амаржиж, төрөхийн ямар нэгэн эрсдэлтэй нүүр тулсаар байхад, эмэгтэйчүүдийн суурь өвчин, жирэмсний хугацаан дахь элдэв хүндрэлийг бууруулаагүй цагт манай улс эхийн эндэгдлийн түвшнийг Мянганы хөгжлийн зорилтод хүргэх тухай ярих нь эрт аж.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд “Эх яагаад эндэв” судалгааг гурван жил тутамд хийж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглана” гэсэн хэрнээ одоо болтол уг шалтгааныг тодруулаагүй. Хамгийн сүүлд буюу 2012-2015 онд эндсэн эхчүүдийн шалтгаан, нөхцөлийг судалсныг 2017 онд холбогдох байгууллагынхан танилцуулсан байдаг. Үүнд эндсэн эхчүүдийн 20 хувь нь жирэмсний хяналтад ороогүй, эмч нар тухайн эмэгтэйг хүүхэд тээж чадах, эсэхийг нь эрт, үнэн зөв үнэлээгүй, өвчин, зовуурийг нь илрүүлдэггүй зэрэг дутагдал байгаа талаар дурджээ. 1990, 2009 оныг бодвол эх, хүүхдийн эндэгдлийн түвшин тодорхой хэмжээнд буурсан ч дээрх хөтөлбөрт тусгасанчлан тэдэнд ээлтэй нийгэм цогцлоогүй л байна. Өөрөөр хэлбэл, одоогийн парламент “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийн эх, хүүхдэд нэн шаардлагатай эрүүл хүнсний бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эндэгдлийн шалтгаан, хүчин зүйлийг бууруулах, ээлтэй эмнэлэг, байгууллага бий болгох хөдөлгөөн өрнүүлэх зэрэг хэрэгтэй зорилт, төлөвлөгөөг нь биелүүлэлгүй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах гэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)