Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчилнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. 2005 онд баталсан Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан нь энэ аж. Хүүхдийг хөхний сүүгээр хооллохын ач холбогдлыг ойлгуулан таниулж, дэмжихэд тус төслийн зорилго оршиж буй.

Нөгөө талаас нэгэнт эхийн сүү орлуулагч нэмэлт бүтээгдэхүүнийг дэлхий даяар хэрэглэж буй тул түүний зохистой хэрэглээ, тавих хяналт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн сурталчлах зэрэг олон харилцааг уг хуулиар зохицуулахаар буй. Харин манай гишүүд аливаа хуулийн төсөлтэй тэр бүр нарийн танилцдаггүй, өнгөц ханддаг нь энэ удаагийн хэлэлцүүлгээс ч харагдаж байлаа.

Ямар сайндаа л М.Билэгт гишүүн “Нийгэмд мартагдсан зарим зан үйлийг хуулиар зохицуулах ёстой. Одоо манай эцэг, эхчүүд бараг л ямар брэндийн сүүгээр хүүхдээ хооллож буйгаараа уралддаг болж. Эхийн сүүг орлуулах ямар ч бүтээгдэхүүн байхгүй. Дөнгөж төрсний дараа сүү муу баймагц манайхан шууд л сүү орлуулагч хэрэглэх гэдэг болчихож. Төрсний дараах нэг, хоёр хоногт хүүхэд уйлахад хөхөө навшуулж байгаад сүү оруулдаг байхгүй юу. Хүүхдээ уйлуулж байгаад ч хамаагүй хөхөө навшуулаад байвал сүү ордог юм” хэмээн хичээл “заав”.

Дашрамд дурдахад, 1997 онтой харьцуулахад эхийн сүү орлуулагч импортын бүтээгдэхүүний хэмжээ арав дахин нэмэгдсэн байна.

Санал хураалтад оролцсон хүмүүсээс О.Баасанхүү гишүүн л уг төслийг дэмжээгүй юм. Түүнийг ч мөн төслөө сайн ойлгоогүй байж марзганах гэлээ хэмээн “ангийн” зарим нь шүүмжилж байв. Уг төслийг санаачлан боловсруулсан Эрүүл мэнд, спортын сайд А.Цогцэцэг болон О.Баасанхүү гишүүний эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

О.БААСАНХҮҮ: ЭХ, ҮРИЙН ХООРОНДОХ ЗАН ҮЙЛИЙГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ГЭЭД БАЙНА

-Нялх, балчир гэж яг хэдэн насны хүүхдийг хэлээд байна вэ. 50 гарчихсан хүүгээ эцэг, эх нь “нялх үр минь” гэж ярьдаг юм шүү дээ. Ямар ч эх хүн хүүхдээ аль болох хөхөөрөө хооллохыг хичээдэг. Хүүхэд нь сүүндээ цадахгүй болохоор арга буюу нэмэлт тэжээл хэрэглэдэг. Нэмэлт бүтээгдэхүүний үнэ нь ч өндөр байдаг. Ингэж хууль батлан туйлшрах хэрэг байна уу.

Хуулиар нийгмийн харилцааг зохицуулдаг болохоос зан үйлийг оролддоггүй юм. Гэтэл эх, үрийн хоорондох зан үйлийг үүгээр зохицуулах гээд байх юм. Төрөлхөөсөө хөхний сүүгүй хүнд тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэг үү. Эмэгтэйчүүдийг доромжлоод байгаа юм уу. Гоо сайхнаа бодож хүүхдээ хөхүүлдэггүй хүмүүс Барууны орнуудад л байдаг биз. Ингэж хууль хуулдгаа болих хэрэгтэй.

А.ЦОГЦЭЦЭГ: УГ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ОЛОН ЭЕРЭГ ҮР ДҮН ДАГУУЛНА

-Манай улсын хувьд хүүхдийг эхийн сүүгээр хооллох байдал жил ирэх бүр муудаж байна. “Эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн байгаа юм чинь” гэсэн хандлагаар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлэх гэсэн хандлага ялангуяа залуучуудын дунд газар авч байгаа. Энэ хэрээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа юм. Эрүүл мэнд, өсөлтөд нь ч нөлөөлж байгаа.

Монгол хэлний тайлбар тольд дурдсанаар 0-1 хүртэлх насны хүүхдийг нялх, 1-3 хүртэлх насных бол балчир гэдэг юм билээ. Тиймээс хуулиа ингэж нэрлэхээр тусгасан. Бид уг харилцааг зайлшгүй хуульчлах ёстой. Энэ хууль батлагдвал олон эерэг үр дүн дагуулна.

Эхээсээ хагацсан, хаягдсан хүүхдийг аль болох эхийн сүүгээр хооллохын тулд тусгайлан банк байгуулж ажиллахаар төсөлд тусгасан. Үүний зэрэгцээ ямар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэх зэрэг олон зүйл уг хуулиар тодорхой болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)