Этгээд гэмээр спорт

Орчин цагийн хүмүүс “жирийн” спортоос уйдаж, жирийн бусыг сонирхох үе ирсэн бололтой. Доор дурдах спортууд бол спорт гэж хэлэхэд ч итгэмээргүй атлаа олны сонирхлыг ихэд татдаг юм.

ЭХНЭРЭЭ ҮҮРЭХ

Зарим эрчүүд эхнэрээ үүрэх дургүй бол энэ тэмцээнд оролцогчид эхнэрээ аль болох унагалгүй үүрэхийг хичээдэг. Финландын Сонкаяарви хотоос гаралтай эл спортын гол дүрэм бол төрөл бүрийн саад бүхий зайг эхнэрээ нуруундаа үүрээд аль болох хурдан туулах.

Эл спортын үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс гадна тивийн хэмжээний цар хүрээтэй арга хэмжээ ч зохиогддог. Тухайлбал, Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээний ялагч нь эхнэрийнхээ жинтэй тэнцэх хэмжээний шар айраг, эхнэрийнх нь жингээс тав дахин хүнд бэлэн мөнгө болон Финландад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авдаг.

ЭКСТРИМ ИНДҮҮДЭЛТ

Спорт уу, урлагийн үзүүлбэр үү? Аль аль нь л болов уу. Эл тэмцээний оролцогчид өөрсдийгөө “индүүдэгчид” гэж нэрлэдэг бөгөөд бартаа саад ихтэй байгалийн өвөрмөц байрлалыг сонгож, улмаар тусгай тавцан дээр өөрсдийн авчирсан хувцсаа индүүддэг.

Оролцогчид усан доор, хаднаас дүүжлэгдэх, цанаар эсвэл сноубордоор гулгах мөн тээврийн хэрэгсэл дээр явж байхдаа хувцсаа индүүдэж ур чадвараа шалгахаас гадна аваргаа тодруулдаг гэнэ.

ӨНДӨГ ШИДЭХ

Дэлхийн өндөг шидэх холбооноос гаргасан мэдээллээс үзвэл шидсэн өндгийг барьж авах гээд бүтэлгүйтэж хагалахын зугаацал, баяр хөөрийг хүмүүс олон жилийн өмнөөс мэддэг байжээ. Энэ нь тун хөгжилтэй тэмцээн гэж тус холбооныхон үздэг аж. Өндөг шидэх хоббитой хүмүүс жил бүр Английн Сватон хотод болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож аваргаа тодруулдаг юм.

УСАН ДООРХ ХОККЕЙ

Зүлгэн дээрх бөмбөгтэй хоккейн дүү бол усан доорх төрөл юм. Октопуш гэж нэрлэдэг эл спортын холбоо дэлхийн олон улсад бий бөгөөд хоёр багийн тоглогчид усан санд шумбаж, цохиур ашиглан эсрэг багийн хаалганд шайб оруулахыг хичээдэг юм. Эл төрлийн анхны ДАШТ 1980 онд болж байжээ.

Бэлтгэсэн: Э.Манлайбаатар 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)