Эр цэргийн алба эмнэлэг болоход ойрхон байна

ДУГААРЫН ОНЦЛОХ СЭДЭВ: Цэргийн насныхны эрүүл мэнд

Цэргийн алба хаах насны хязгаар 27, татагдах боломжтой нь 18-25. Энэ насныханд цэргийн зарлан дуудах хуудас найман удаа л хүргүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн та Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах үүргээ холбогдох хууль, тогтоомжийн дагуу заавал биелүүлэх ёстой гэсэн үг. Гэтэл өнөөгийн залуусын цөөнгүй нь цэргийн алба хаахыг ял, шийтгэл мэтээр хүлээж авдаг муйхар сэтгэлгээтэй хэвээр байна. Эх орныхоо төлөө тангараг өргөх хариуцлагатай албыг хайхрахгүй байгааг илтгэх наад захын үзүүлэлт бол залуусын эрүүл мэндийн доройтол юм.

ДЭМБ болон ЭМЯ-наас 18-27 насныхныг одоохондоо хүнд өвчинд өртөх эрсдэлтэй бүлэгт хамруулаагүй. Гэвч нас залуу байхын хэрээр тэд эрүүл мэнддээ анхаардаггүй, хэнэггүй, энэ талын боловсролгүй байгаа нь осол, гэмтэл, халдварт өвчинд өртөх шалтгаан болж буйг эмч нар хэлсэн. Төрийн захиргааны төв байгууллагууд энэ сарын эхээр “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан юм. Учир нь өнгөрсөн оны II ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт 12 874 иргэн хамрагдсанаас 5209 нь тэнцээгүй. Олонх нь гэмтэл, мэс засал, дотор, чих, хамар, хоолойн өвчин, харшлын улмаас хасагдсан байв. Албаныхан дээрх зөвлөгөөний үеэр “Залуучуудын олонх нь өвчтэй, эсэхээ цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгээр л мэдэж байна. Тиймээс аймаг, дүүргүүдийн эмнэлгүүд цэргийн насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж, эрүүлжүүлэх шаардлагатай” гэсэн саналд нэгдсэн.

Жил ирэх тусам цэргийн алба хаах хүний тоо цөөрч, залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй байгаа учраас холбогдох байгууллагууд арга бараад буй. Ямар сайндаа л энэ оноос эхлэн эмчлэх боломжтой өвчтэйг нь цэргийн албанд тэнцүүлж байх вэ дээ. Тодруулбал, Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өнөө жил өөрчлөлт оруулж, богино хугацаанд эдгэрэх өвчтэй залуусыг албанд нь “мордууллаа”. Боломжтойг нь цэргийн хуаранд эмчилнэ гэнэ. Бүр болохгүйг нь Цэргийн төв эмнэлэгт анагаах юм байх.

Харь хүнд хэлэхээс ч ичмээр эдгээр шийдвэрийг төрийн албаныхан гаргахгүй байхын арга ч алга. Тэдний иргэний үүргийг биелүүлэхийн тулд төр, засгаас байр, хоол, хувцас хэрэглэлээр бүрэн хангадаг. Дээрээс нь эмчилгээний төлбөр нэмэгдлээ. Энэ улсын ирээдүй, хүний хань, хүүхдийн аав болсон, болох гэж буй залуус минь ээ, цэргийн хуаран өвчтөн эмчилдэг газар биш шүү. Эх орныхоо төлөө эрүүл чийрэг байж, Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг болох эр цэргийн албаа нэр төртэй хаах сан.

Энэ удаагийн цэрэг татлагад хамрагдсан залуусын тоо өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэнийг албаныхан сайшааж буй. Эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан хүний тоо нийслэлийн хэмжээнд гэхэд өнгөрсөн оныхоос 8.7 хувиар багасжээ. Энэ нь мэдээж өвчтэй хүмүүсийг цэргийн албанд тэнцүүлсэнтэй холбоотой. Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоодод ажилласан төрөлжсөн мэргэжлийн эмч нар эрт илрүүлгийн багцаас гадна нарийн шинжилгээнүүд ч давхар авдаг. Нэг дүүрэгт гэхэд жилд дунджаар цэргийн насны 1000 гаруй хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагддагаас 40-50 хувиас нь ямар нэг өвчин илэрдгийг мэргэжлийнхэн хэлсэн. Илүүдэл болон хэт бага жингийн асуудал, шүдний өвчин зэрэг нь бүр “хавтгайрчээ”. Тиймээс дүүргийн эмнэлгүүдийн эмч нар тэдэнтэй эргэн холбогдож, эмчлүүлэхийг зөвлөж, цөөнгүй дууддаг ч үл тоодог нь харамсалтай. Эцэст нь эр цэргийн алба эмнэлэг болж хувирах вий.

ИНФОГРАФИК

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

“Хилийн цэргийнхэн эрүүл байх ёстой”

2020.10.27 Торгон хилд алба хаахаар Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон нийслэлийн есөн дүүргээс цугларсан залуус Хилийн цэргийн 0151 дүгээр ангид эрүүл мэндийн давтан үзлэг хийлгэж байв. Тэд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги, салбарууд руу хуваарилагдаж, цэргийн албаа хаах юм. Залуус эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол цөөнгүй гарах болсон. Тиймээс тэдний дунд ямар төрлийн өвчин, эмгэг зонхилон тохиолдож буй талаар сурвалжиллаа.

Цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор энэ удаагийн цэрэг татлага өнгөрсөн жилүүдийнхээс онцлог болжээ. Зохион байгуулагчид халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайг баримтлан, залуусыг ээлж ээлжээр нь эмчийн үзлэгт оруулж байсан юм. Тэнд амны хаалт зүүгээгүй нэг ч хүн харагдсангүй.

Залуус ээлжээ хүлээн, эмчид үзүүлэхээр жагсан зогсжээ. Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн О.Амарбаяр “Анх удаа зарлан дуудах хуудас ирсэн болохоор ихэд догдолсон. Хараа муу, нүдний шил зүүдэг ч цэргийн албанд тэнцлээ. Маш их баярлаж байна. Өөрийн хүслээр хилийн заставт очиж, дайчин нөхөдтэйгөө мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх аз тохиолоо. Өмнө нь 151 дүгээр ангийн харьяа Албаны нохой сургалтын хэлтэст гурван сар суралцан, нохой сургагч болсон. Хугацаат цэргийн алба хаасны дараа Дотоод хэргийн их сургуульд суралцах төлөвлөгөөтэй” гэлээ.

Давтан үзлэгт хамрагдаж буй залуусыг хэсэг хэсгээр нь нэг өрөө рүү оруулав. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн 10 эмч газар дээр нь үзлэг, оношилгоо хийж байв. Залуус урьдчилсан үзлэгээр орохдоо цус, шээсний шинжилгээ өгч, цээжний рентген зураг авхуулжээ. Эдгээр шинжилгээний хариу сайн гарсан учраас дараагийн шат буюу нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж буй нь энэ. Залуус энд мэдрэл, сэтгэцийн эрүүл мэнд, ЭХО, хараа, шүд зэргээ оношлуулсан. Цэргийн насныхны дунд зонхилж буй өвчин, эмгэгийн талаар Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын Эрүүл мэндийн албаны дарга, хошууч Б.Баярсайханаас тодруулахад “Эмчийн үзлэгт орсон залуусын дунд төмсөгний хуухнагийн судасны үрэвсэл, арьс болон харшлын эмгэг, шүдний өвчлөл давамгайлж байна. Ялангуяа эрүүл шүдтэй хүн ховор юм. Хилийн цэргийн харьяа анги, салбарууд сум, тосгонд байрладаг. Өөрөөр хэлбэл, төв суурин газраас алслагдсан тул тэнд нарийн мэргэжлийн эмч нар байдаггүй. Тиймээс эрсдэлээ тооцоолж, аль болох эрүүл хүмүүсийг хил рүү хуваарилдаг” гэв. Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд цэргийн албанд тэнцүүлэхгүй байх өвчний жагсаалтыг багтаасан байдаг. Тэдгээрээр өвчлөөгүй бол 18-25 насны эрчүүд цэрэгт явах үүрэгтэй. Цэргийн жинхэнэ алба хаах хүсэлтэй залуус зарлан дуудахаас өмнө зайлшгүй нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэх хэрэгтэйг зохион байгуулагчид хэллээ.

Цэргийн амьдралд хөл тавьж буй залуусын сэтгэл зүйн талаар ХХЕГ-ын гэрээт хилчин, цэргийн тоо бүртгэл хариуцсан офицер, хурандаа Ц.Эрдэнээ “Цэрэгт явах иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Учир нь “Ковид-19”-өөс сэргийлэх үүднээс нэгдүгээр ээлжийн цэрэг татах ажиллагаа, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг зохион байгуулаагүй. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцох сонирхолтой нь цөөнгүй байна. Гэрээт хилчин болох хүсэлтэй нь ч бий. Хугацаат цэргийн албанд тэнцсэн залуус торгон хилээ манахыг илүүд үзэх болжээ. Ялангуяа Халхын гол, Мэнэнгийн отрядод очиж халдашгүй, дархан байдлыг хангахад үүрэг гүйцэтгэх хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэн” хэмээв. Дурсах түүхтэй үлдэхийн тулд хилийн албыг сонирхож буйгаа цэрэгт татагдсан залуус онцолсон. Түүнчлэн хилийн цэрэгт алба хаасан залуус тэндээ үлдэж, хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах тохиолдол ихэсжээ. Эх орны манаанд хоёр жилийн хугацаатай, цалинтай ажиллах гэрээт хилчин болох боломж хэн бүхэнд нээлттэй бөгөөд тэд сард 850 мянгаас 1.2 сая төгрөгийн цалин авах боломжтой юм байна.

Цэргийн албыг биеэр болон дүйцүүлж хааж болдог. Мөнгөөр дүйцүүлэх бол нэг цэргийн бүтэн жилийн зардлыг төлдөг гэнэ. Хүн бүхэнд ийм боломж байхгүй учир биечлэн хаахыг залуус илүүд үздэг болжээ. Түүнчлэн албандаа мордсон хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх нь ч бий аж. Жишээлбэл, намар цэрэгт яваад хавар чөлөөлөгдвөл тухайн өвчнөө эмчилсний дараа үлдсэн хугацааныхаа албыг заавал хаах ёстой аж.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцдэггүй залуусын тоо олширсныг албаныхан мэдээлж байгаа. Иргэд үүнд ямар бодолтой явдгийг тодрууллаа.

Б.ТОЛЬТГИЛБЭР (Чингэлтэй дүүргийн VIII хорооны иргэн):

-Хөнгөн бэртэлтэй, эсвэл эдгэрэх өвчтэй залуусыг цэргийн албанд тэнцүүлж буй нь саашаалтай. Эр хүн цэргийн алба хааснаар амьдралын ухаантай болж, хатууждаг. Биед нь илэрсэн өвчин хууч амь насанд нь эрсдэл учруулахгүй бол цэрэгт явуулах нь зүйтэй. Биеийн жин хүрэхгүй, гүн сорвитой гэх шалтгаанаар цэрэгт тэнцүүлэхгүй байгаа нь утгагүй хэрэг. Миний бодлоор өвчтэй залуусын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж цэргийн алба хаах хугацааг нь багасгах гэх мэтээр зохицуулалт хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд тааруу үзүүлэлттэй хүнийг цэрэгт явуулахдаа хот, эсвэл харьяа аймаг, сумтай нь ойрхон ангид хуваарилбал эрсдэл бага болов уу. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд биеийн тамирын хичээл тогтмол заах нь чухал байна. Учир нь мэдээллийн эрин зуунд ухаалаг утас ашиглах болсноор “дэлгэцийн донтолт” сүүлийн жилүүдэд гаарч байгаа. Мөн залуучуудын эрүүл мэнд тааруу байгаа нь ядууралтай ч холбоотой. Манай улсын хүн амын 70 хувь нь дундаас доош орлоготой учир аминдэмтэй хоол, хүнс тэр бүр хэрэглэж чаддаггүй. Хэрэглэж буй ихэнх хоол, хүнсэнд нь химийн бодис агуулагддаг учир биед нь сөргөөр нөлөөлдөг биз. Мөн төр, засгийн бодлого дутсанаас болж хүүхэд, залуучууд тэр бүр эрүүл мэндийн боловсрол эзэмшдэггүй учраас аливаа өвчин “залуужих” болсон гэхэд хилсдэхгүй.

А.ДӨЛГӨӨН (Сүхбаатар дүүргийн IV хорооны иргэн):

-Залуучууд цэргийн албанд явбал нэг жил дэмий өнгөрнө, эсвэл найз охин нь хүлээж чадахгүй гэж эмээдэг. Зарим нь цэргийн ангид байдаг дарамт, шахалтаас айдаг гэдэг. Тиймээс эрүүл мэндийн асуудалтай гэж худал хэлэн, аль болох тэнцэхгүй байхыг хичээнэ. Энэ нь эмнэлэг, зэвсэгт хүчнийхнийг төөрөгдүүлж, худлаа дүн гаргахад нөлөөлсөн байж магадгүй. Учир нь миний ажигласнаар сүүлийн үеийн залуус биеийн галбир, эрүүл мэнддээ онцгой анхаардаг болсон. Нэг найз минь хараа муутай учир цэрэгт тэнцээгүй. Багад нь эрүүл байхын тулд хэрхэх ёстойг сайн ойлгуулаагүй учир тоохгүй явсаар хараа нь муудсан юм. Ер нь залуучууд эрүүл мэнддээ анхаардаггүй учир архаг өвчтэй 18-20 настай хүн олширч байгаа биз.

Т.БАТТӨР (Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн):

-Ах минь зэвсэгт хүчинд алба хаадаг юм. Түүнээс тодруулахад, цэрэг татлагад өндөр, нам, жин, судасны өвчин зэргийг онцгойлон анхаардаг гэсэн. Хэтэрхий туранхай, ачаалал даахгүй хүнийг тэнцүүлдэггүй. Мөн тэрбээр “Энэ жил цэргийн зарлан дуудах хуудас очсон залуусын 88.5 хувь нь тэнцсэн. Тэр ч бүү хэл, 18 хүрээгүй 15-20 залуу цэрэгт явахаар өргөдөл өгсөний 1-2 нь тангаргийн баяр болохоос өмнө 18 нас хүрэх учир цэргийн албанд тэнцүүлсэн. Их, дээд сургуульд элсэж чадаагүй залуус цэргийн алба хаахаар ирэх тохиолдол олон. Зэвсэгт хүчинд залуучууд байлдааны бэлэн байдалд суралцаж, зэвсэгтэй харьцах болон тулааны бэлтгэл хийж, хатуужилтай болдог” гэсэн.

Б.ДЭЛГЭРЦОГТ (Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн):

-Цэргийн зарлан дуудах хуудас ирээд, эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдсан. Эхлээд дүүрэгт, дараа нь дамжин өнгөрүүлэх ангид шалгадаг юм билээ. Гэхдээ би нурууны архаг өвчтэй учир дүүрэгт үзүүлээд л цэргийн албанд тэнцээгүй. Үзлэгт орох үеийг тайлбарлаж чадахгүй юм. Эмч нар бүх зүйлийг чинь шалгана гэсэн үг. Ямар ч хувцасгүй эрчүүдтэй нэг өрөөнд хамт байхаар их эвгүй мэдрэмж төрдөг юм билээ. Эмч нар миний эргэн тойронд байсан хүмүүсийг яс шалгаж, үзлэг хийсэн. Миний хувьд эрүүл мэнддээ анхаардаггүй учир, нуруугаа гэмтээгээд анхаарахгүй явсаар өвчнөө бүр хүндрүүлчихээд байна. Хамгийн чухал нь эрүүл байх гэдгийг насанд хүрээд л ойлголоо.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

С.БАЯРМАГНАЙ: Залуус осол, гэмтэлд өртөх нь нэмэгджээ

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнайгаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хугацаат цэргийн албаны II ээлжийн татлагыг нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-25-нд зохион байгуулсан. Залуусын идэвх, оролцоо хэр байв?

-Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1115 дугаар захирамжийн дагуу зохион байгуулсан энэ удаагийн цэрэг татлага өмнөх жилүүдийнхээс онцлог боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд зарлан дуудах хуудас авсан иргэдийн 96 хувь нь цэрэг татлагын комиссоор орсон нь урьд онуудад байгаагүй өндөр үзүүлэлт болов. Тодруулбал, өнөө жил цэргийн насны залуусын идэвх, оролцоо сайн байсан. Сайн дураараа албанд “мордох” хүн ч олширчээ. Оюутнуудыг энэ жил цөөн татсан. Ер нь цэргийн алба хаасан оюутнууд бүгд сайн дураараа явдаг. Манай улсад төмөр замын бүтээн байгуулалт ид өрнөж буй. Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд үүнд оролцож байгаа учраас энэ жил тийш очиж, ажиллах сонирхолтой хүн олон байлаа.

-Цэргийн насныхны дунд халдварт болон халдварт бус өвчин элбэг байгаатай холбоотойгоор хугацаат албанд тэнцэх хүн цөөрсөн гэдэг. Тиймээс өнөө жил Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийг тодорхойлох журамд өөрчлөлт оруулж, эмчлэх боломжтойг нь тэнцүүлсэн гэсэн. Эмчлэх боломжтой гэдэгт нь ямар ямар өвчин оруулсан юм бол?

-Тийм ээ, цэрэг татлагын гол шалгуур бол эрүүл мэндийн үзүүлэлт. Энэ жилээс бэлгийн замын халдвар, шамбарам (I, II үе), цөсний чулуу зэрэг эмчлэх боломжтой өвчтэй хүмүүсийг цэрэгт тэнцүүлсэн юм. Тодруулбал, богино хугацаанд эдгэрдэг таван төрлийн 21 өвчний жагсаалтыг Цэргийн төв эмнэлгээс гаргасан. Үүний дагуу Батлан хамгаалах яам (БХЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагууд болон дүүргүүдийн Цэрэг татлагын товчоодод хүргүүлснээр албанд “мордох” залуусын тоо өнөө жил эрс нэмэгдсэн гэсэн үг.

-Тэднийг цэргийн хуаранд нь эмчлэх юм уу?

-Цэргийн бүх анги эмнэлэгтэй. Хуаранд эмчлэх боломжгүйг нь Цэргийн төв эмнэлэгт анагаана. Үүнд шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс гаргаж байгаа. Энэ удаагийн цэрэг татлагаар залуусын дунд мэс засал, гэмтлийн шалтгаантай өвчлөл дийлэнх хувийг эзэлсэн. Өөрөөр хэлбэл, залуус осол, гэмтэлд өртөх нь нэмэгдсэн байна. Цаашид цэргийн насныхныг эрүүлжүүлэхдээ энэ чиглэлд бас анхаарах шаардлагатай болжээ.

-Энэ удаагийн цэрэг татлагад хамрагдсан залуусын хэдэн хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан бэ?

-Зарлан дуудах хуудас авсан хүмүүсийн 96 хувь нь Цэрэг татлагын товчоогоор орсныг дээр хэлсэн. Тэдний 14 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагдаж, бусад нь тэнцсэн. Өнгөрсөн жил эл үзүүлэлт 22.6 хувьтай байсан юм. Энэ нь цэргийн насныхны эрүүл мэндэд анхаарч буйн илрэл. Нөгөө талаас залуус цэрэгт явахын тулд адаглаад л нүд, амны хөндийн эрүүл мэнддээ анхаардаг болжээ.

-1990 оноос хойш төрсөн залуус төрийн албанд ажиллах бол цэргийн алба заавал хаах хуультай. Энэ нь ч бас нөлөөлсөн байх.

-Өмнө нь иргэд албан хүчээр цэрэгт “мордох”, эсвэл дуйцүүлэх гэдэг байсан нь одоо багассан. Энэ жилээс халагдсан цэргүүдэд дүрэмт хувцсыг нь өгдөг болсонд баяртай байгаа. Цаашид цэргийн алба хаагчдын халамж, үйлчилгээг сайжруулах, идэвх, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийг нь дэмжих хүрээнд БХЯ, ЗХЖШ хамтраад 2024 он хүртэл төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж байна.

-Цэргийн алба хаагаагүй, нас нь хэдийн өнгөрсөн хүмүүсийг дүйцүүлдэг шүү дээ. Тэдний дунд эрүүл мэндийн шалтгаанаар хоцорсон нь олон байдаг уу?

-Цөөнгүй хувь нь эрүүл мэндийн улмаас цэргийн алба хаадаггүй. Гэхдээ хоёр ба түүнээс олон хүүхэдтэй, эцэг, эхээ асардаг бол ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас чөлөөлдөг. Мөн гадаадад амьдардаг, эсвэл шилжүүлгээ хийлгээгүй, хаяг тодорхойгүй хүмүүс хоцордог. Найман удаагийн цэрэг татлагаар бүртгүүлээгүй, чөлөөлөгдсөн хүмүүсийг төлбөр авч, албанд дүйцүүлдэг. Үүнийг хүмүүс торгууль гэж эндүүрдэг. Цэргийн алба хаагчийн тухайн жилд хэрэглэх байр, хоол, хувцас, бусад хэрэглээний зардлыг дүйцүүлэх алба хаагсад төлөх журамтай. Үүнийг Засгийн газрын тогтоолоор жил бүр шинэчлэн баталдаг. Энэ нь нэг дайчинд зарцуулж буй мөнгөн дүн тухайн жилийн ханшийн өсөлтөөс шалтгаалж хэлбэлздэгтэй холбоотой. Жишээлбэл, 1994 онд төрсөн хүмүүс энэ жилээс цэрэгт явах боломжгүй болсон. Тиймээс Засгийн газрын 85 дугаар тогтоолын дагуу 880 мянга орчим төгрөгөөр дүйцүүлэн хааж байна.

Бэлтгэсэн: О.Бат-Ундрах, Э.Намуунцэцэг, О.Оргилох 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)