Эрүүл ёс зүйг дээдлэгчид

Манай улсад боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаас гадна тулгамддаг олон асуудал бий. Эмнэлгээр үйлчлүүлэх гэж дугаар авч, хэд хоног хүлээн, бүтэн өдрийг эмчийн өрөөний хаалга сахин өнгөрүүлдэг зэрэг хүнд суртлаас үүдэлтэй асуудлууд тулгарсаар байгаа юм. Эл асуудлыг иргэд хэлж, ярьж, гомдол гаргадаг ч шийдэлд хүрсэнгүй, одоо ч бахь байдгаараа. Тэгвэл Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн хүлээж дугаарлах хугацааг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй эмзэг бүлгийнхэнд хүрч үйлчилилж эхэлсэн нь үр дүнд хүрчээ.

Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг 10 аймагт хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн нэг жишээ нь Говьсүмбэр. Тэд уг төслийг амжилттай хэрэгжүүлж, Эрүүл мэндийн яамнаас “Ёс зүйг дээдлэгч хамт олон” гэрчилгээ авчээ.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт дээрх төслийн хүрээнд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь” дэд төслийг хэрэгжүүлж, аймгийн 850 гаруй иргэнийг тандалт судалгаанд хамруулсан байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүйн түвшин таарууг судалгаанд хамрагдсан иргэдийн олонх нь “ховолжээ”. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга Д.Өлзийтогтох “Эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй тааруу хэмээн дүгнэгдсэн нь тэдний биеийн хэлэмж, гаргаж буй үйлдлүүдтэй холбоотой болохыг олж харсан. Тухайлбал, эмч, сувилагч өвчтөнд үйлчлэхдээ хайхрамжгүй, хүндлэлгүй ханддаг нь иргэдэд тийм мэдрэмж төрүүлдэг. Тиймээс эмч, мэргэжилтнүүдийн харц, хөдөлгөөнийг өөрчлөхөөс уг ажлыг эхлүүлсэн. Төсөл хэрэгжүүлж эхлэхэд дуртай хүлээж авсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн цөөхөн байсан. “Ажлаа дийлэхгүй байхад ёс зүйн лекцэд хамруулах гэлээ” гэж төвөгшөөсөн. Хоёр жил гаруйн хугацаанд ажилласны үр дүнд л хү­мүүс ойлгож хүлээж авдаг боллоо. Мөн Ёс зүйн хорооны ажилтнууд энэ хүнд ажлыг хийснийхээ төлөө цалин, урамшуулал авдаггүй нь нөлөөлдгийг анзаарсан. Тиймээс Ёс зүйн хорооны ажилчтнуудыг цалин, урамшууллаар хангах нь чухал гэдгийг ойлгож, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад захидал бичсэн ч өдий хүртэл хариу ирүүлээгүй байна” гэсэн юм. Мөн тус эмнэлгийн ёс зүйн хорооны гишүүдийн ажил үүрэг тодорхой бус байжээ. Тиймээс 2017 оны арванхоёрдугаар сард Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Ёс зүйн салбар хороог шинэчлэн байгуулж, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулах тал дээр ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ “Эрүүл зүрх, эрүүл хөдөлгөөн, эрүүл ёс зүй” уриатай дараагийн дэд төслийг хэрэгжүүлж буй аж. Үүний хүрээнд тус эмнэлгийн тасгууд “Сайн туршлагаа хуваалцъя” долоон сарын аян өрнүүлж, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, шуурхай үйлчлэх санаачилгуудаа хуваалцдаг болсноор ажлын бүтээмж, иргэдийн сэтгэл ханамж 15-20 хувь нэмэгдсэн гэнэ.

САЙН ТУРШЛАГА

Аяны хүрээнд эмнэлгийн 10 тасагт 20 гаруй сайн туршлага хэрэгжүүлж буй аж. Үүний нэг нь “Гялс сувилагч”. 

Сувилагч халууны шил, боолт, даралт хэмжигч зэрэг олон зүйлийг биедээ авч явах шаардлагатай. Гэтэл тэр бүгд ажлын хувцасных нь халаасанд багтдаггүйгээс эргэж буцах, цаг алдах тохиолдол нэлээд гардаг байжээ. Тиймээс “Гялс сувилагч”-ийг халдвартын тасгийнхан санаачилж, Нэгдсэн эмнэлгийн долоон тасагт хэрэгжүүлжээ.

Дараагийн туршлага нь “Тухлаг эвүүр”. Сувилагч нар өвчтөнүүдэд тариа хийхэд гарыг нь зөв байрлуулах хамгийн чухал гэнэ. Тиймээс тэд эм, тариагаа зөөдөг тэргэнцрийн хажууд эвүүр хийжээ. Үүнд төсөв зарсангүй, өөрсдөө модоор хийж, зөөлөвчөөр бүрсэн байв. “Тухлаг эвүүр”-тэй болсноор сувилагч, өвчтөний аль аль нь цагаа хэмнэх болсныг иргэд ч баталсан.

ЗҮРХ, СУДАСНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД БҮХ НИЙТЭЭРЭЭ ХИЧЭЭЖ БАЙНА 

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт Зүрх, судасны тасаг, нарийн мэргэжлийн эмч байдаггүй аж. Тиймээс зүрх, судасны өвчлөл, нас баралтаараа улсад тэргүүлж, даралт ихсэх өвчтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, 2017 онд даралт ихсэх өвчтэй иргэдийн тоо 200 гаруй байсан бол 2018 онд 500 гаруй болж нэмэгдсэн байна. Үүнээс урьдчилан сэргийлж, тэмцэхийн тулд эм, тарианаас гадна хөдөлгөөн чухал. Тиймээс аймгийнхаа Биеийн тамир, спортын газартай хамтран бүх нийтийн өглөөний гүйлт, дасгал өнгөрсөн сарын 8-наас зохион байгуулж эхэлжээ. Засгийн газар, харьяа яамнаас төсөв гаргаж, зүрх, судасны тасагтай болгох, эсэх нь тодорхойгүй учир өөрсдийнхөө чадах хэмжээнд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч эхэлсэн нь энэ. Ажлын ачаалал их, ар гэрийн амьдралдаа санаа зовох, зохицуулах зүйл олон хэмээн шалтаглан, өөрсдийн эрүүл мэндээ гаргуунд гаргасаар ирсэн иргэд уг арга хэмжээнд оролцохдоо тун хойрго ханддаг, өдөрт 10, 20 хүн л оролцдог байж. Харин одоо 100 гаруй хүн хамрагддаг болсон талаар эмнэлгийнхэн баярлан ярьсан. 

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлж буй төсөлтэй танилцах явцад дээрх шиг сайн жишээ олныг дурдаж болохоор байсан юм. Тэр ч бүү хэл, “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлээгүй Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн Говьсүмбэрийнхнээс туршлага судалж, хэрэгжүүлж эхэлсэн нь тэдний ажил хэрхэн өгөөжөө өгснийг илэрхийлэх биз ээ. 

Харин Дэлхийн банкны мэргэжилтнүүд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийнхний хийж, хэрэгжүүлж буй ажилтай танилцсаныхаа дараа “Эмчийн ёс зүй, харилцаа хандлагыг өөрчлөх нь нэг хэрэг. Харин өвчтөний ёс зүй ч хамааралтай учраас тэдэн рүү чиглэсэн ажил эхлүүлбэл илүү үр дүнтэй” хэмээн зөвлөсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)