Эрүүл тоног төхөөрөмжүүд ЭМНЭЛЭГТ ҮХЭЖ БАЙНА

Манайхан төсөв мөнгө байхгүй, хямарлаа гэх хэрнээ олон сая, тэрбум төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл авчихаад хав дарчихдаг. Бас л сонин улс шүү.

Үе үеийн төр баригчид салбарч ноорсон эрүүл мэндийн салбарт улс төрийн тоглолт хийж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж ирсний гай энэ.

Үүний “хүчинд” өчнөөн өвчнийг оношилж, эмчлэх хүчин чадалтай машинууд эм, уралж бодисгүйн гачаалаас болоод хүний амь аврах үүргээ “умартчихаж”. 

 

 ОНОШИЛГООНЫ ТӨВҮҮДИЙГ БҮРЭН АЖИЛЛУУЛАХАД 3.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Сайд, дарга нарын “Монголд битгий хэл Азид байхгүй өндөр хүчин чадалтай аппарат” хэмээн тууз хайчлан хүлээж авсан эд нь урвалж бодис, дагалдах эм хэрэгсэлгүйгээс “хог” болж буйг “Өнөөдөр” сонин хөндөж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013-2014 онд 11 аймагт Оношилгооны төв байгуулсан.

Тухайн үед “Орон нутгийн иргэд оношилгоо, эмчилгээгээ хийлгэхээр Улаанбаатарыг зорих шаардлагагүй боллоо” гэж дээр, доргүй ам уралдаж, эрх баригчид өөрсдийгөө дайнд ялсан баатар мэтээр өргөмжилж байсныг санав. Ерөнхий сайдын төсөв (2013 оны)-ийн 50 тэрбумын багцаас 25-ыг нь гаргаж, Архангай, Баян- Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймагт Оношилгооны төв байгуулсан. Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Хятад, Бразил зэрэг улсын дэлхийд тэргүүлэгч фермийн 27 нэр төрлийн, 240 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг аймаг бүрт нийлүүлсэн ч өнгөрсөн хугацаанд зөвхөн хагас автомат машинуудыг л ажиллуулж байжээ.

Төвүүдэд суурилуулсан дээрх багаж, тоног төхөөрөмж олон улсын болон ДЭМБ-ын стандарт хангасан, орчин үеийн дэвшилт технологитой. Харамсалтай нь эдгээрийг байнга ажиллуулахад шаардлагатай мөнгийг эмнэлгүүдийн төсөвт тусгаж өгөөгүйгээс тэн хагасыг нь ажиллуулаагүйг ЭМСЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан хэлэв.

Тэрбээр “Хүн ам, газарзүйн байршил, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, үзүүлэлтэд нь үндэслэн 11 аймагт 18-23 нэр төрлийн, олон улсын технологи бүхий компьютерт томографи, уушги, ходоод, бүдүүн гэдэс, бөөр, шээсний дижитал дуран, суурин дижитал ЭХО, тархины судасны допплерографи, лабораторийн шээс, биохими, уролог, гематологийн аппаратууд суурилуулсан.

Үнэтэй тоног төхөөрөмж чанараа дагаад өртөг өндөртэй түүхий эд, материал буюу урвалж, эмнэлгийн хэрэгсэл “нэхдэг”. Эдгээрийг Монголд үйлдвэрлэдэггүй, гадаадаас импортолдог учраас хүндрэл үүсгэж байна. Дээрх Оношилгооны төвүүдийг байгуулахдаа маш том зорилт тавьсан ч үүдээ нээгээд удалгүй доголдож эхэлсэн нь үүнтэй холбоотой.

Гэхдээ нэн чухал аппаратуудыг дотоод нөөц бололцоогоороо ажиллуулж байгаа. МRI ч юм уу, зарим томоохон тоног төхөөрөмж ачаалал ихтэй байх тусмаа зардал багатай ажилладаг. Өөрөөр хэлбэл, хүн үзсэн, үгүй ч бай 24 цагийн турш урвалж шаарддаг. Тэгэхээр хүн амын нягтаршил багатай бүс нутагт иймэрхүү аппарат суурилуулах нь төсөв мөнгөнд хүндрэлтэй тусч байгаа нь үнэн” гэж ярив.

ЭМСЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийнхэн 11 аймгийн Оношилгооны төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад жилд 3.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Гэтэл 2015 онд аймгуудад ердөө 955 сая төгрөг өгсөн байх юм.

Зарим аймагт хүчин чадал нь ахадсан тоног төхөөрөмж суурилуулсан тул Оношилгооны төвүүд зардлаа хэмнэхийн тулд зарим аппаратаа ашиглаж байгаа гэх.

ТТАХНЭ-Т СУУРИЛУУЛСАН МRI-Г 490 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСНА

Хүний амь авардаггүй үхмэл аппаратууд орон нутгаар хязгаарлагдсангүй. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн шинэ барилгыг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Дээд шүүх, шинээр байгуулагдах Мөрдөх албаны байр болгоно хэмээн булааснаас болж “том” хэрэг мандсаныг бид мартаагүй.

Эцэст нь тэрбээр цэргийн хоёр эмнэлгийг нэгтгэн, барилгад суурилуулсан дөрвөн тэрбум төгрөгийн өртөг бүхий сүүлийн үеийн СТ болон MRI-г юу ч биш болгосон юм. Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 9-нд эмнэлгийн зориулалтаар тохижуулсан хэсгийг нурааж байхдаа МRI дээр юм унагааж, эвдсэн.

Тухайн үед түүнийг 300 сая төгрөгөөр засна гэж байсан ч өртөг нь өдгөө 490 саяд хүрснийг ЭМСЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан хэлж байна. Дээрх хоёр аппаратыг ХСҮТ рүү нүүлгэнэ, нүүлгэхгүй гэж маргалдаж байх зуур засаг төр хэдэнтээ солигдож, ТТАХНЭ-ийн шинэ барилга буцаад ЭМСЯ-ны харьяанд шилжин ирж, Улсын IV төв эмнэлгийн үүрэг гүйцэтгэхээр болоод буй.

Өнөөдрийг хүртэл МRI-г эвдсэн эзэн нь ч олдоогүй. Татвар төлөгчдийн мөнгөөр барьсан барилга, аппарат тоног төхөөрөмжөөр тоглосон албан тушаалтанд ч хариуцлага хүлээлгэсэнгүй. Үүнийг дагаад зүв зүгээр ажиллагаатай СТ аппарат “хэлмэгдэж”, зэвэрсээр.

Байгаагаа арчилж тордохын оронд нэг бол эвдэлж хэмхэлнэ. Эсвэл төсөв мөнгөгүй гээд авдартаа хийчихдэг улс байх уу.

ХАВДРЫН БҮХ ТӨРЛИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТУУДЫГ

АГУУЛАХАД ХУРААЖЭЭ

Цаашид ч улсын эмнэлгүүдэд “амьгүй албатууд” олширсоор байх нь. Монгол, Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх томоохон хэмжээний төсөл хэрэгжиж буй.

Энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус бүр долоон сая еврогоор тоног төхөөрөмжийг нь шинэчлэх юм. Саяхан ХСҮТ-д хавдрын бүхий л оношилгоо, эмчилгээнд шаардлагатай аппарат, техник хэрэгсэл нийлүүлсэн. Гэтэл эмнэлгийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйгээс эдгээр тоног төхөөрөмжийг агуулахад хадгалж байна.

Нэг градусаас бага температурт хадгалвал бүгд ажиллагаагүй болох эрсдэлтэй. Тэгвэл дээрх аппарат тоног төхөөрөмжийг агуулахад 4-10 градусын дулаанд хадгалж буй гэж ЭМСЯ-ныхан хэлсэн.

Ирэх оны улсын төсөвт Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгад 4.5 тэрбум төгрөг тусгаж, гүйцээнэ гэж улстөрчид биднээр чулуу хөөлгөсөн бололтой. Учир нь 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна лээ.

Тэгэхээр ирэх онд өргөтгөлийн барилга ашиглалтад орохгүй, тоног төхөөрөмжүүдээ ч ашиглаж чадахгүй нь.

УЛСДАА ГАНЦХАН БАЙДАГ ТАСАГТАА ДӨРВӨН САР АЖИЛЛАХ

ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨВ ТУСГАДАГ

Өндөр өртгөөр авсан өөр нэг тоног төхөөрөмж үе үе доголдох болжээ. Засгийн газар болон Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг хос толгойт спект-гамма камертай болсон.

Хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологид суурилсан уг төхөөрөмжөөр өдгөө хорт хавдрууд, мэдрэл болон дотоод шүүрлийн гаралтай хавдар, яс, үе мөч, бамбай булчирхай, зүрх судас, тархины цусан хангамж, цул эрхтний бодисын солилцооны үйл ажиллагааны өөрчлөлтийг молекулын түвшинд оношилж байгаа.

Тус төхөөрөмжийг ажиллуулж эхэлснээс хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс, оношилгооны төвийн ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн аппаратад ашигладаг цацраг идэвхт бодис ч байсхийгээд дуусчихдаг болжээ. Тус эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн Цөмийн онош зүйн тасгийн их эмч С.Эрдэнэчимэг “Аппарат суурилуулснаас хойш үйлчлүүлэгчдийн тоо 50 хувиар нэмэгдсэн. Бид улсын төсвөөс болон Олон улсын атомын энергийн агентлагаас санхүүждэг.

Улсын төсвөөс 2014 онд 127 сая, энэ онд 90 сая төгрөг буюу дөрвөн сар ашиглах хэмжээний эм, урвалж бодис авч өгсөн. Бидэнд зөвхөн үндсэн оношилгоогоо тасралтгүй явуулахын тулд 2016 онд 220 орчим сая төгрөг шаардлагатай. Спект камерт ашигладаг цацраг идэвхт бодисыг ус, хөвөн, хар тугалга зэрэгт шингээн тээвэрлэдэг.

Манайх хар тугалгад шингээснийг нь ашигладаг. 20 кг хар тугалгад 20-хон гр цацраг идэвхт бодис байдаг. 20 гр бодисыг нэг сар л хэрэглэнэ. Үүгээр бамбайн шинжилгээ хийлгэх 350, түрүү булчирхайн хавдар тодорхойлуулах 100, нийт 500 гаруй хүн оношлоод дуусдаг” гэж ярив.

БӨӨР ОРЛУУЛАХ 10 АППАРАТ ИРЭХ ОНД АЖИЛЛАХ УУ

Аль ч шатлалын эмнэлгүүдийн зовлон нэг. Аймгуудын Нэгдсэн эмнэлгүүдэд төсөв хүрэлцэхгүйгээс ажиллахгүй аппарат олон биш ч мэр сэр байгааг дарга нар нь хэлж байсан. “Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд МRI, СТ мэтийн томоохон тоног төхөөрөмж байхгүй учраас асуудал бага.

Орон нутагт Оношилгооны төв байгуулах нэрийдлээр хамаг мөнгөө тэнд түгжчихсэн. Нэг хорооны дайтай хүн амтай аймагт МRI суурилуулж өгөх нь хэр оновчтой вэ. Тэгтэл дүүргүүдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, аппарат, техник хэрэгсэл хүрэлцэхгүй байна.

Хүн ам шигүү төвлөрсөн газруудынхаа эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй” гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа хэлэв.

Саяхан Баянхонгор аймаг болон Налайх дүүрэгт тус бүр гемодиализын таван аппарат олон улсын байгууллагаас хандивласныг сануулъя. Эдгээрийг тасралтгүй ажиллуулъя гэвэл нэг аппарат жилд 50 сая төгрөг зарцуулахыг Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэбат хэлж байна.

Тэрбээр “Нийт 250 сая төгрөгийн эм, урвалжийн зардлыг жил бүр өгч гэмээнэ бөөр орлуулах аппаратуудаа бүрэн ашиглана. Ямар ч байсан 2016 оны нэгдүгээр сарын төсвийн тодотголоор бидний асуудлыг шийднэ гэсэн.

Түүнээс гадна зүрхний бичлэгийн хоёр, цусан дахь чихрийн хэмжээг тодорхойлогч 2-3 аппарат тест, дагалдах хэрэгсэл байхгүйгээс ажиллахгүй удаж байна. Сард эм, эмнэлгийн хэрэгсэл авахад 30 сая төгрөг өгдөг ч 40 саяыг зарцуулдаг” гэлээ.

ЭМНЭЛГҮҮДИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТАД МУУ ДҮН ТАВЬЖ БАЙНА

Үндэсний аудитын газрын 2014 оны зургадугаар сард танилцуулсан тайлангаас харахад Эрүүл мэндийн яам (хуучнаар) тоног төхөөрөмжийн нэгдсэн бодлого зохицуулалт, судалгаа, бүртгэлгүйгээс аль эмнэлэгт ямар тоног төхөөрөмж шаардлагатай нь тодорхойгүй.

Ашиглалтын хяналт сулаас зарим эмнэлэгт нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглахгүй хадгалж буйг харж болно.

Тухайлбал, III амаржих газарт 2013 онд нийлүүлсэн 72.2 сая төгрөгийн тэргэнцэр, автоклав, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2013 онд нийлүүлсэн 197.4 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөс хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын автомат шахуурга нь гэмтэлтэй, I амаржих газарт 2013 оны тавдугаар сард “Лабтек” ХХК-ийн суурилуулсан 245 сая төгрөгийн 4D ЭХО аппарат, зөөврийн рентген иж бүрдэл дутуу, мэс заслын дурангийн багаж, хэвлийн дурангийн аппарат ажиллагаагүй, “Доктор Айболит” ХХК-ийн нийлүүлсэн 78.8 сая төгрөгийн үнэтэй ургийн монитор, умайн хүзүү шалгах багаж, нярайн отсос, зөөврийн инкубатор зэрэг тоног төхөөрөмжүүд нь ашиглалтын шаардлага хангахгүй, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Оношилгооны төв шинээр байгуулахад 2.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж ирснээс “Чоно гол”, “Си ай ти”, “Сетунари” ХХК-ийн нийлүүлсэн техник хэрэгслүүдийн иж бүрдэл дутуу, техникийн шаардлага хангахгүй байжээ.

Энэ мэтчлэн улсын эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн нарийн судалгаа байхгүйгээс ашиглахгүй хадгалж буй техник хэрэгслүүд олон буйг Үндэсний аудитын газрынхан судалгаандаа дурдсан байна.

Мөн эмнэлгүүдийн хүчин чадал, хэрэгцээ шаардлагыг тодорхой болгоогүйгээс анхан шатны төвд ашиглах тоног төхөөрөмжийг II шатлалын эмнэлэгт, заримд нь бусад эмнэлэгт шаардлагатай аппаратуудыг давхардуулж өгсөн асуудал гарсан байна.

Тухайлбал, Завхан аймгийн Эрүүл мэндийн төвд нийлүүлсэн дөрвөн ширхэг отсос, шээсний гурван анализатор агуулахад хадгалагдаж байгаа бол Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд нийлүүлсэн элекронкакулятор умайн хүзүүний шарх түлдэг аппаратыг II дахь шатлалын эмнэлгүүдэд ашигладаг юм байна.

Энэ бүхнээс харахад аймаг, орон нутгийн эмнэлгүүдэд нийлүүлж буй тоног, төхөөрөмжийг хүлээн авах, хянах механизм нь сул учир нарийн мэргэжлийн аппаратуудыг эзэнгүйдүүлж буй аж. Тодруулбал, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, зээл, тусламжаар оруулж ирсэн “эмч” машинуудыг хүний амь аврахгүй, үхмэл хөрөнгө болгож буйг дээрх баримт нотлох биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)