Эрүүл мэндийн 50 байгууллага 350 ажлын байр зарлана

Жил бүрийн наймдугаар сард эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж, дэмжих арга хэмжээнүүдийг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулдаг. Үүний хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс салбарын ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор “Хөдөлмөрийн яармаг-2020” арга хэмжээг энэ сарын 16-17-нд цахимаар явуулах болжээ. Өнөө жилийн арга хэмжээг шинэ вирусийн улмаас хугацааг нь наашлуулж, анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын төгсөлттэй давхцуулж буйгаараа онцлог гэдгийг тус төвийнхөн хэлсэн. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай ажлын байрны мэдээллийг нэгтгэх, танилцуулах, зуучлах, ажил идэвхтэй хайгсдыг бүртгэх, төгсөлтийн дараах сургалтыг сурталчлах зэрэг багтжээ.

Түүнчлэн тус яармагт эрүүл мэндийн 50 байгууллага 350 орчим мэргэжлээр ажлын байр зарлах бөгөөд дүрс оношилгооны, дотрын эмч, сувилагч эрэлттэй байгаа аж. Ташрамд дурдахад, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн онд 3.5 хувиар өсөж, 54 587-д хүрчээ. Мөн 2020 онд 3500 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн их сургуулиа төгсөж буй гэнэ.