Эрүүл мэндийн үйлчилгээ хумигдсан ч зардал нь өссөөр

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын зардал сүүлийн 15 жилд 83.7 тэрбумаас 823 тэрбум төгрөг болтлоо өсжээ. Эл хугацаанд санхүүжилт нь ч тэр хэрээр нэмэгдсэн гэсэн үг. Үүний үр дүнд бүх шатлалын эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжийг чамлахааргүй шинэчилж, орчин, нөхцөл нь сайжирч, анагаах ухааны тодорхой ололт, амжилтад ч хүрсэн. Гэхдээ эдгээр нь иргэдийн эрүүл мэндийн өнөөгийн эрэлт, хэрэгцээг хангахуйц хэмжээнийх байж чадахгүй байна. Монголчууд одоо хүртэл эмнэлгээр үйлчлүүлэхдээ хүнд суртал, авлига, хээл хахуультай нүүр тулсаар. Танил эмчдээ тал засан, танихгүйгийнхээ гарыг “хүндрүүлэхгүй” л бол олигтой үйлчилгээ авдаггүй.

Улсын эмнэлгүүдийн ачаалал хар зах шиг хэвээр, хүлээгдэл, чирэгдэл нь улам л газар авсаар байна. Цаашлаад даатгалын урамшуулал, үндэсний хөтөлбөрүүдэд жирийн иргэд хамрагдаж бараг чаддаггүй. Тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж бүх шатлалд энэ мэт ахихгүй байхад эрүүл мэндийн салбарын зардал дээш цойлсоор.

Манай улс коронавирусээс сэргийлэх хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-наас өнөөдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд, хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмтэй байгаа. Үүний нөлөөгөөр улсын болон өрхийн эдийн засаг уруудаж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн. Гэхдээ эрүүл мэндийн салбарын зардлыг хэмнэх, нөөцлөх боломж байгааг илтгэх олон судалгаа гарчээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ныхны мэдээлснээр, энэ он гарснаас хойш улсын хэмжээнд эмнэлгийн ор ашиглалт давхардсан тоогоор 3 850 302 болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 341 622-оор цөөрсөн байна. Нэг хүний хэвтэн эмчлүүлэх зардалд даатгалаас 400 000 төгрөг (өмчийн хэлбэрээс үл хамааран) төсөвлөдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Үүнээс гадна халдварт өвчин ч буурч, эмчилгээ хийлгэсэн хүний тоо 42 549-өөр цөөрсөн гэхчлэн хүн амын эрүүл мэндийн цөөнгүй үзүүлэлт “хасах” заажээ. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд “Ковид-19”-өөс болж эмчилгээ, үйлчилгээгээ хумьж, иргэдийг шаардлагагүй л бол эмнэлэгт хэвтүүлэхгүй, төлөвлөгөөт мэс заслуудаа хүртэл таначихсан. Тийм байхад Эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал эсрэгээрээ 27.3 тэрбум төгрөгөөр өссөн байх юм.

Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2020 оны эхний долоон сард 208.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн жилийнхээсээ 29 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин тусламж, үйлчилгээний зардал нь 191.1 тэрбум төгрөгт хүрч, дээр өгүүлсэнчлэн 27.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Шимтгэл төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татвар 12.4 хувиар буурсан нь даатгалын орлого багасахад голлон нөлөөлсөн аж. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан ҮСХ-нд даатгалын сангийн тайлангаа хүргүүлэхдээ шимтгэлийн орлогоо 208.5, зарлагыг 220.1 тэрбум төгрөг гэжээ. Үүнээс эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 191.1, эмийн үнийн хөнгөлөлтөд 21.1, сувилалд 7.7 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн байв.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар, салбарын санхүүжилтийн 38.5 хувийг цалин хөлс, урамшуулалд, 12 хувийг барилга, автомашин, тоног төхөөрөмж, их засварт, 13.9 хувийг бусад үйл ажиллагаанд, үлдсэнийг нь үндсэн буюу тусламж, үйлчилгээнд зарцуулдаг байна. Эдгээр нь нийлээд ДНБ-ий 2.2 хувийг бүрдүүлж буй аж. Өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн салбар нь улсынхаа эдийн засгийн багагүй хувийг бүрдүүлдэг орнуудад эл үзүүлэлт таван хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс эрүүл мэндийн салбартаа чамгүй хөрөнгө “хаядаг” болсон гэсэн үг. Хамгийн гол нь зарцуулалт, санхүүжилтдээ биш, эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд үрэлгэн, үр ашиггүй зардал нь нэлээд хувийг эзэлж ирснийг судлаачид хэлсэн. Ялангуяа даатгалаар санхүүждэг төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй, “сэглэдэг” нь татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлэх гол шалтгаан болжээ.

Цар тахлаас болж улс орнууд бүсээ чангалж, хэмнэж болох зардлыг хасаж байна. Энэ жишгээр манайх ч эрүүл мэндийн үйлчилгээгээ үлэмж хэмжээгээр хумьсан атлаа зардал нь өсчихдөг хачирхалтай. Коронавирусээр өвчилсөн хүмүүсийг хэвтүүлэн эмчлэхэд мэдээж тодорхой хэмжээний зардал гарч байгаа. Дээрээс нь агаарын хилээ хааж, авто замын ачаа тээврийг тодорхой хэмжээгээр хязгаарласантай холбоотойгоор эм, тарианы үнэ нэмэгдсэн. Мөн ам.долларын ханшийн зөрүү ч үүнд нөлөөлж буй. Гэхдээ улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 341 622-оор цөөрсөн. Даатгалаас нэг хүнд 400 000 төгрөг зарцуулдаг гэвэл хэвтүүлэн эмчлэх үйлчилгээнээс гэхэд л 136.6 тэрбум төгрөг хэмнэсэн байх учиртай. Халдварт өвчний статистикийг харсан ч эмчилгээ, үйлчилгээний зардал багасахаар байна. Эдгээр үзүүлэлт бол зөвхөн цар тахлын хорио цээрийн үеийн л дүр зураг гэдгийг ялгаж салгаж ойлгох болов уу.

Учир нь Монгол Улс цөөнгүй өвчний тархалт, нас баралтаар дэлхийд “тэргүүлж” байгаа тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд тарсныг уншигчид мэдсэн байх. Тодруулбал, дэлхийн улс орнуудын хүн амын эрүүл мэндийн харьцуулсан үзүүлэлтүүдийг нэгтгэдэг www.+worldlifeexpectancy.com сайтад нийтэлснээр, хорт хавдрын нас баралтаар (100 мянган хүнд ногдох) манай улс нэгдүгээр байрт бичигджээ. Харамсалтай нь, энэ нь тийм ч гайхаад байх шинэ статистик биш. Монголчууд сүүлийн 10 жилд элэгний вирусийн халдвар, хорт хавдар, тархины харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчний нас баралт, тархалтаар бүсийн орнууд, тив, дэлхийд дээгүүрт орж ирсэн.

Гурван сая гаруйхан хүн амтай мөртлөө халдварт бус өвчинд ингэтлээ дарлуулж, жил бүр олон мянгаараа нас барсаар байгаа нь манайд урьдчилан сэргийлэх үйлчилгээ орхигдсоны бэлээхэн жишээ гэдгийг судлаачид шүүмжилдэг. Эл үйлчилгээ, тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын сан 2005 оноос хойш зарлагаасаа давсан орлоготой, ашигтай ажиллаж ирсэн. Гэвч уг сангийн мөнгийг эрх баригчид хуримтлуулж, хадгалах нэрийдлээр дураараа ашигласаар эцэст нь цөөнгүй хувийг нь салхинд “хийсгэснийг” бүгд мэднэ. Өнгөрсөн онд гэхэд даатгалын санд 469.6 тэрбум төгрөг (90 гаруй хувь нь шимтгэлийн орлого) цугларснаас 358.2 тэрбумыг нь зарцуулсан байна. Үүнээс 111 тэрбум төгрөгийг ашиглаагүй үлдээсэн. Ерөнхийд нь харвал 2010 оноос хойш даатгалын санд жилд дунджаар 45-111 тэрбумын үлдэгдэлтэй, нийт 617.3 тэрбум төгрөгийн илүүдэлтэй явж иржээ. Гэвч татвар төлөгчдийн энэ их мөнгө одоо хаана байна вэ. Яагаад хэн ч нэхэж, шалгаадаггүй юм бол.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)