“Эрүүл мэндийн тэгш байдал ба салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болов

ДЭМБ-аас дэвшүүлсэн бүх нийтийн эрүүл мэндийн хамралт буюу хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмын хүрээнд “Эрүүл мэндийн тэгш байдал ба салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг хамруулсан хэлэлцүүлэг болов.

Тус хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Р.Оюунханд болон дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд зэрэг нийт 70 гаруй хүн оролцсон юм.

Энэ хүрээнд ЭМЯ-наас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, НЭМГ-аас зохион байгуулсан дүүрэгчилсэн хэлэлцүүлгийн дүн, нийслэлийн есөн дүүрэгт хийсэн судалгааны үр дүнг танилцуулж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр оролцогчид санал бодлоо хэлэлцлээ.

“Эрүүл мэндийн тэгш байдал ба салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдийн судалгааг гаргаж салбар дундаа хамтран шийдвэрлэх, хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг бага наснаас нь эхлэн олгох асуудал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ээлтэй орчин бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын хамрагдалт болон дүүрэг хорооны статус, мөн хорооны нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх зэрэг саналыг хэлэлцсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)