Эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь чухал гэв

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбар 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцлаа. 

Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийг өвдсөний дараа биш, өвдөхөөсөө өмнө оношлуулж урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь энэ жилийн чухал ажил хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон хэлэв. Мөн тэрээр ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй. Иргэд маань жилдээ нэг удаа зайлшгүй урьдчилан сэргийлэх шинжилгээ өгч байх. Хэрэв өвчин зовлон тохиолдбол урьдчилж мэдээд бага дээр эмчлэх гэсэн эрүүл мэндийн боловсролыг эмч, ажилчид иргэдэд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Соён гэгээрүүлэх ажил зөвхөн боловсролын салбар, соёл урлагын салбар дээр явагдах зүйл биш гэдгийг эрүүл мэндийн салбарын ажилчид анхаарч, иргэдийн эрүүл мэндийн боловсролд соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Өвдөж зовохоосоо өмнө оношилгоо, шинжилгээ хийлгэж байх нь эрүүл мэнддээ зарцуулах зардлаа хэмнэх юм гэлээ. 

Энэ жил эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр " Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийн 12 дахь үнэлгээгээр дотоодод халдвар тархах магадлал өндөр гэж гарсан. Тиймээс хүний нөөц, лаборатори, эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг дөрвөн чиглэлд бэлэн байдлыг хангаж ажиллаж байна. Дотооддоо алдах эрсдэлийг багасгахын тулд оношилгооны лабораториудыг нэмж байгуулж байна. ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлийн лабораторийг 12 сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод аймгийн лабораториудыг өргөтгөнө. ХӨСҮТ-ийн орны нөөцийг 450 болгон нэмэгдүүллээ. 

  • Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, 
  • АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг (Мэдрэлийн тасаг)
  • Нийслэлийн 9 дүүргийн болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг нийт 1000 орчим нэр төрлийн 11500 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслээр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн КОВИД 19 халдварын тархалтыг удаашруулж, хязгаарлах, нийгмийн болон эрүүл мэндийн цаашдын яаралтай тусламж, үйлчилгээний бэлэн байдлын чадавх болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 

2020 оноос хийж эхлүүлсэн ажлын тухайд нэгдүгээрт иргэдийг өвдөхөөс нь урьтаж урьдчилан сэргийлдэг, хүндрэхээс нь өмнө эрт илрүүлж эмчилдэг болгохоор нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт "Эрүүл мэндийн дэмжих төв" байгуулах тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна" гэв. 

2020-2024 онд хэрэгжүүлэх ажлуудаас:

  • Иргэн бүрээ жилд нэг удаа зайлшгүй үзлэг, шинжилгээнд хамруулдаг болох ажлыг эхлүүлсэн
  • Цахим цогц тогтолцоог нэвтрүүлж, хүнд суртлыг халах ажил эхэлсэн
  • 5 дүүрэгт яаралтай түргэн тусламжийн төвийг ажиллуулна
  • Эмнэлгүүд үзсэн, эмчилсэн хүний тоогоор ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжилт авч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлнэ
  • Хөнгөлөлттэй эмнүүдийг бүх эмийн сангуудаар 11-р сарын 1-нээс олгож эхэлнэ. Гэх мэт иргэн төвтэй ажлуудыг хийхээр ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)