”Эрүүл мэндийн баг” ээлжит хуралдаанаа хийв

Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвд “Эрүүл мэндийн баг”-ийн ээлжит хурал болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ ярилцлаа.

Уг хуралд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн зөн, Адра, Улаан загалмай, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл оролцов.

Хурлын эхэнд ЭМЯ-ны холбогдох ажилтнууд Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон Эбола вируст халдварын өнөөгийн байдал, яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулсан юм. Мөн Эрүүл мэндийн багийн “Газар хөдлөлтийн үед үзүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцсэний дээр тус багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

ДЭМБ-ын зүгээс эбола вируст халдвараас сэргийлэх бэлэн байдлыг хангахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Турк, БНХАУ-д эмч, мэргэжилтнүүдийг туршлага солилцох уулзлат, сургалтад хамруулах талаар ажиллана гэдгээ илэрхийлсэн бол НҮБ-ын Хүүдийн сан хүүхдүүдэд зориулсан уг халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны чиглэлд хамтран ажиллана гэв.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Ч.Туяа “Ирэх 2014-2015 оны өвөлжилт, хаваржилтийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал болон бэлэн байдал”-ын талаар багийн гишүүдэд мэдээлэл хийсэн. Арванхоёр болон нэгдүгээр сард хүйтний эрч төдийлөн чангарахгүй ч цас их орохоор байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Дорнод аймагт орсон цасны зузаан 1-11 см байгаа бөгөөд бусад аймагт цас ороогүй байгаа юм байна. Тиймээс өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлэх нь чухал болохыг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал, төв, суурин газраас алслагдсан айл, өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулсан зөвлөмж зөвлөгөөг (хоол хүнс, дулаан хувцас, эм тариа, түлш, өвс тэжээлийн нөөцтэй байх) хүргэх;

Төв, суурин газрын эрчим хүч, ус, дулаан хангамжийн шугам сүлжээний өвөлжилтийн бэлтгэл ажилд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран үзлэг шалгалт зохион байгуулах;

• Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймаг, сумын отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах ажлыг цас орж цасан бүрхүүл тогтох, автозам даваа хаагдах, хүйтрэхээс өмнө оновчтой зохион байгуулах шаардлагатай.

Онцгой байдлын ерөнхий газраас дээрх нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвтэй хамтран улсын чанартай автозам, даваанд ажилладаг “Шуурхай ажлын хэсэг”-ийн байршлын мэдээ, автозам, давааны нөхцөл байдал хүндэрдэг 14 аймгийн 89 сумын судалгааг гаргасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)