Эрүүл мэндийг дэмжих төвд 20 орчим төрлийн үзлэг, оношилгоо хийж байна 

Эрүүл мэндийн болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)- ийн менежментийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлсэн билээ. Ингэснээр тус эмнэлгийнхэн төлбөртэй үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлж, орлого олох боломж нь бүрдсэн. Үүний хүрээнд тэд олон улсын стандартад нийцсэн, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төвийг өнгөрсөн сард ашиглалтад оруулав. Эрүүл мэндийг дэмжих тус төвд амбулаторийн 20 орчим төрлийн оношилгоо, шинжилгээ хийдэг юм байна. Түүнчлэн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй болгоход түлхүү анхаардаг аж.

Нүд, шүд, рентген, эмэгтэйчүүд, дотрын ЭХО, СТ оношилгоо, тархи, зүрхний цахилгаан бичлэг зэрэг амбулаторийн үзлэг, шинжилгээг нэг дор цогцоор нь хийдэг бөгөөд хоол зүйч эрүүл амьдрахын чухлыг сурталчилж байв. Тоног төхөөрөмжүүд нь бүгд шахам сүүлийн үеийнх. ЭХО аппарат гэхэд л Монголд хоёр байдгийн нэг нь аж. Тус төхөөрөмжөөр оношилж болох бүх эрхтнийг нарийн түвшинд шинжилдэг, элэгний хатуурлын зэргийг хүртэл тогтоодог гэнэ. УНТЭ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалтын албаны дарга З.Ариунжаргал “Эрүүл мэндийг дэмжих төвд зөвлөх болон тэргүүлэх зэрэглэлийн, доктор, профессорууд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж байна. Иргэд ажлын ачаалал, бусад шалтгаанаар эрүүл мэнддээ төдийлөн цаг зав гаргадаггүй. Нөгөө талаас улсын эмнэлгүүдийн хүлээгдэл, чирэгдэлтэй ч холбоотой. Тэгвэл Эрүүл мэндийг дэмжих төв иргэдэд хүндрэлгүй үйлчлэхэд чиглэсэн. Тухайн хүн нэг өдрийн дотор шаардлагатай бүх төрлийн үзлэг, шинжилгээнд хамрагдана гэсэн үг. Төвийн 17 кабинетаар өдөрт дунджаар 100-130 хүнд үзлэг, оношилгоо хийх хүчин чадалтай. Тасаг, нэгжүүдийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн, багцын шинжилгээний сонголтуудтай, ходоодны дуранг гэхэд л үйлчлүүлэгчийн сонголтоор мэдээгүйжүүлэгтэй хийх зэргээр давуу тал олон. Эмч нарын үзлэг, шинжилгээний дүгнэлтийг үндэслэн, тухайн үйлчлүүлэгчид шаардлагатай давтан шинжилгээ, хяналтад оруулах, мэс засал хийх зэргээр цогц үйлчилгээтэй. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өнгөцхөн хийгээд орхидог гэх уламжлалт ойлголтыг халах, шинэ шатанд гаргах, тусламж, үйлчилгээг зөв зохион байгуулалтад оруулахаар ажиллаж байна. Хувь хүн, байгууллага, хамт олонд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг дөрвөн төрлийн тусгай багцаар төлбөртэй, төлбөргүйгээр ажлын болон амралтын өдрүүдэд үйлчилдэг” гэсэн юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)