Эрүүл бус нийгэмд “хөгжил” ч хөшүүн

-Алдаа, дутагдлаа хэзээ ч хүлээдэггүй, болж өгвөл бултаж, будилж, завхруулдаг эрүүл бус жишиг энэ нийгэмд тогтжээ-

“Алдаагаа ухаарч чаддаг байх нь зөв хүмүүжлийн илэрхийлэл. Өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрч, уучлал хүсэх нь харилцааны соёлын чухал хэлбэр. Гэмшдэггүй, уучлалт хүсдэггүй хүмүүс хувиа хичээсэн, үл мэдэгч байдаг. Буруугаа хүлээн зөвшөөрөх нь нийгэмтэйгээ зөв харилцаж, эрүүл уур амьсгалтай амьдрах хөшүүрэг”.

Суртал ухуулга шиг энэ мэт ухаалаг үгсийг радио, телевиз, сонин хэвлэлээр өдөр тутам, цаг, минут бүрт давтдаг болбол ямар вэ. Ядаж л хүний чихэнд хоногших байх. Эс бөгөөс монгол хүмүүс гэмээ ухаарч буруугаа хүлээдэггүй, мэдэн будилдаг, хэлснээсээ буцдаг муу зуршилтай болчихлоо. Сүүлийн 20, 30 жилийн турш яг л ийм янзаар явсаар эцэстээ бүр уламжлалт “зан үйл” шахам болох нь энэ муухай зан. Амьдрал зөв, буруу, нэмэх, хасах цэнэгийн дунд үргэлжилдэг биз дээ. Гэтэл бид гэмтэй хэрнээ гэмгүй, буруутай мөртлөө буруугүй гэж зүтгэж, нохойтох юун. Буруугаа хүлээхгүй байх нь зөн төлөвийн доголдол. Гэхдээ бас алдаагаа хүлээн зөвшөөрөх чадварыг хүмүүжлээр суулгах боломж бий. Үүнийг багаас нь эзэмшүүлж, эцэг, эх нь зааж, орчноор нь дамжуулан төлөвшүүлэх ёстой гэж олон улсад алдартай сурган хүмүүжүүлэгч, сэтгэлзүйчид зөвлөсөн байдаг.

Юу ч болсон бүгдийг мэдэн будилаад, өөрийнхөөрөө зүтгээд дуусдаг муухай үзэгдэл манай нийгэмд нийтлэг үзэгдэл болсныг хэдхэн жишээгээр өгүүлье.

Гадаад, дотоодын гэлтгүй сүүлийн үед амтай бүхний ярианы сэдэв болсон нэг нөхрийн “гэмгүй” үйлдлийг юун түрүүнд дурдъя. Түүнийг тэргүүн эгнээнд эрэмбэлж, онцлох шалтгаан ч бий. БНСУ-ын онгоцоор үйлчлүүлж, үйлчлэгчтэй нь зүй бус харилцаж, “энд тэнд” нь хүрэх үедээ тэр хүн Монголын жирийн нэг иргэний хувиар бус, улсынхаа Үндсэн хуулийн цэцийн дарга, төрийн албан хаагч гэсэн статустай явсан. Тийм байж архи ууж, согтуурхан, бие махбодоо захирч чадаагүй нь Д.Одбаярын нэг алдаа. Алдаагаа ойлгохгүй, биеэ өмөөрч “Юу болсныг санахгүй байна. Тийм үйлдэл гаргаснаа санахгүй байгаа болохоор би согтсон байжээ” гэж архинд буруугаа тохох гэж муйхарласан тэрбээр хэр өчүүхэн болохоо нотлоод зогсоогүй гэмээ ухаараагүйгээ өөр нэг үгээрээ баталсан. Тэрбээр өөрийгөө дипломат эрх ямбатай гэж омогдсон талаар БНСУ-ын хэвлэлүүдэд шуугисан. Дипломат эрх ямбатай хүн бусдын бөгсийг илж, таашаал авч болдог гэж мань хүн боддог байж, хөөрхий. Бэлгийн дарамт үзүүлэх нь хувь хүний араншин болохоос ямар нэгэн ямба, албан тушаал, эрх мэдэлтэй падлийгүй зүйл. Ингэж мэдэн будилж, өөрийгөө өмөөрсөн нь энэ хүн ёс зүйн доройтолтойн шинж.

Өөр нэг зүйл нь, тэрбээр Сөүлд ярьснаа, яаж жижгэрснээ “умартаж”, Улаанбаатарт тэс өөр зүйл хэлээд, томорч байгаа нь бусдыг хүндэлж мэддэггүйн илрэл. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын дотор ийм нунж дорой хувь хүн байсныг монголчууд мэдлээ. Үүнээс гадна мэдэн будилаад түүнийг өмөөрөөд байгаа сайд, дарга нарыг “нүцгэлээд” нэг тольдвол иймэрхүү л дүр зураг гарах болов уу.

“Барс” худалдааны төвд импортын тахиа, гахайны мах борлуулдаг нэг худалдаачин “Монгол саарал жагсаалт гэдэг юманд орсноос болж барааны үнэ нэмэгдчихсэн шүү дээ. Хэд хоногийн өмнөхөөс хоёр дахин үнэтэй болсон. Сүүлийн үед Хятадаас тахианы мах ховор ирж байгаа нь ч үнэд нөлөөлсөн” гэж шүлэг уншиж буй мэт дуржигнуулав. Ингэж хэлэхдээ өөртөө тун итгэлтэй байсан түүнээс нөгөөх жагсаалт гэдэг зүйлийнх нь талаар лавшруулан асуухад “Мэдэхгүй ээ, лав олигтой юм биш гэсэн. Доллар өсөж, барааны үнэ нэмэгдсэнийг л сайн мэдэж байна. Дахиад ч өснө гэсэн шүү, та одоо авбал алдахгүй” гэж ихэд аминчлан зөвлөсөн түүнд талархах, гомдохын алиныг бүү мэд. “Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад оруулжээ” гэсэн мэдээ цацагдахтай зэрэгцээд бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж, үүнийгээ тайлбарлаж чадахгүй мэдэн будилах монгол наймаачдын сувдаг сэтгэл ээ гэж. Ингэж дураараа авирлаж байгааг нь мэдсээр байж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй дүлий, сохор төр, засгийнханд буруу их бий. Үнэ дээш явахад юу ч дуугардаггүй хэрнээ буулгах тал дээр харин “Ёстой болохгүй, зах зээлийн нийгэмд үнэд зохицуулалт хийх боломжгүй” гэж мэдэмхийрэх. Өөрийн таамаг, дураар үнийг хөөрөгддөг завхарсан будилаантай улс манайхаас өөр байна уу.

Өнгөрсөн зун нэгэн талийгаачийн ажил явдалд залагдсан лам залуу номоо уншиж эхэллээ. Чухам юу гэж байгааг жирийн бид мэдэх биш. Жигтэйхэн чанга дуугаар эхэлснээ аажимдаа намссаар амандаа бувтнаж, сүүлдээ хоолойн уг хавиараа “эргэлдүүлж”, нүдээ тас аниад, хамраараа гуншиж эхлэв. Ингэж байтал гаднаас орж ирсэн өөр нэг лам “Хүүе, чи юу уншаад байгаа юм бэ. Ингэж уншдаг юм уу, боль” гэж зандрахад нөгөөх залуу нүдээ нээж харснаа огло харайх нь тэр. Сүүлд орж ирсэн нь нэлээд номтой, эрдэмтэй гэдгээрээ хүмүүст танигдсан лам юм гэсэн. Түүний тайлбарласнаар бол “фронтын нөхөр” нь талийгаачийн хойдхын номыг буруу, зөрүү уншиж, “будилсан” гэнэ. Буяны үйлд хүртэл ийм будилаантай, булингартай сэтгэлээр хандахаар яах болж байна аа.

Жил бүр Наадам хэмээх сайхан баяраараа монголчууд будилдаг “өвчин хуучтай” болоод удаж байна. Хурдан хөлгүүдээ эрлийз, монголоор нь ялгах гэж будилна. Хүчээ сорьдог хэдийгээ сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэж талцана. Үнэн мөнийг нь олохоор хийсэн шинжилгээнийх нь хариуг зөв, буруу гэж муйхарлана. Угтаа энэ бүх маргаан мэдэхгүйдээ бус, мэдэн будилдагтаа байгаа юм гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэ бол юу ч биш. Өөрт ашигтай, хэрэгтэй бол улс, эх орон, түмэн олны эрх ашгийг үл хайхарч, цаг хугацааг умартан, өдөр, шөнийг ялгахгүй хуралдаж шийдвэр гаргадаг УИХ, Засгийн газартай улсад нийгмийн сэтгэл, сэтгэц яаж эрүүл байх билээ. “Мэдэн будилж, залилахдаа гаргууд хүнийг УИХ-ын гишүүн гэнэ” гэсэн егөөтэй үг хүртэл гарсан байна.

Хэдэн жилийн өмнө Монголын үндэсний агаарын тээврийн компанийн лого, гол имиж болсон өнгийг нь хүртэл тус байгууллагыг удирдаж явсан нэг нөхөр хувийн компанийнхаа танилцуулга, каталогид хуулбарлан тавьчихаад, олон улсад түгээсэн хэрэг явдал болсныг хүмүүс санаж байгаа болов уу. Хаанаас нь ч харсан МИАТ-ийн өнгө төрхийг хувийнхаа компанийнх мэтээр зориуд төөрөгдүүлж, мэдэн будилсан нь зах зээлийг нь луйвардах арга байсан гэдэг. Ингэж хэн дуртай нь улсын байгууллагын нэр хүндийг өөрийнх мэт өмчилдөг зохисгүй үйлдэл Монголоос өөр газарт гарахгүй.

Нийтийн тээврийн үйлчилгээ тааруу, түгжрэл их байна, жолооч нар нь бүдүүлэг, унаа нь бохир заваан гэж шүүмжилдэг. Үнэндээ бол түгжрэл, техникийн хүрэлцээнээс бусад нь автобусны жолооч нараас, өөрөөр хэлбэл, хувь хүний соёл, харилцаа, ухамсраас л шалтгаалсан асуудал шүү дээ. Өөрөөс шалтгаалах зүйлээ зөв зохистой хийж, үүрэг, хариуцлагынхаа дагуу үйлчлүүлэгчдийг хүндлээд байвал хэл ам татлах асуудал гарахгүй. Гэтэл техникийн бүрэн бүтэн байдалдаа анхаараагүй байж замын голд зогссон хойноо “Би мэдэхгүй ээ, өглөө шалгуулаад гарсан унаа эвдрэх нь надад хамаагүй” гэж мөн л мэдэн будилаад суух.

Энэ мэтээр эсрэгцүүлэн, сөргөөгөөд дан муу жишээ дурдаад байвал шүүхийн танхимд байгаа мэт болох буй за. Хамгийн гол нь буруугаа мэдрэхгүй, бусдыг үл тоогоод байгааг л шүүмжлэх гэсэн юм. Миний хувьд нийгэм ба сэтгэл, авир араншин судлаач, эмч биш болохоор ийм байдал хэзээ, хаанаас эхтэй, яагаад гэхчлэн “ээдрээг тайлах” талаар ярихыг чухалчилсангүй. Хүн бүр энэ нийгэм яагаад буруу гишгээд байгаагийн учир, шалтгааныг гадарлах учраас дүгнэлтээс зайлсхийж, зөвхөн эргэцүүлэн тунгаах үүднээс элдэв асуулт ургуулаад, өөрийгөө бусадтай, өрөөлийг өөртэйгөө жишлээ.

Айлын хүүхэдтэй тоглоомоо булаацалддаг, найзынхаа хурууг хазаж, нүүрийг нь мааждаг бага насны хүүхэд шиг зоргоороо, зөнгөөрөө үйлдэл хийдэг зангаа бид татахгүй бол тун горьгүй нь. Ингэж мухайрлаж, мэдэн будилж, цэвэрхэн амьтны дүр эсгэж явах хооронд дэлхий биднээс нүүр буруулж мэдэх нь ээ. Өөрсдөө ч хоцрогдсон, бүдүүлэг, хувиа хичээгч болж, “хөгжил” нь хүртэл хөшүүн болчихдог эрүүл бус нийгэмдээ живэх нь байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)