Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг өөрчилж, Гэр бүлийн хуулийг шинэчлэн найруулна

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгалаа

УИХ-ын ээлжит бус чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах, эсэхийг хэлэлцэв. Эл асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр’’, “Монголросцветмет’’ ХХК-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сарын хугацаагаар сунгах тогтоолын төслийг дэмжсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ нар асуулт тавьж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувийн саналаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

УИХ-ЫН 2019 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Мөн хуралдаанаар УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан хууль санаачлагчид болон УИХ дахь намын бүлэг, зөвлөл, байнгын хороодоос санал авахад Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь намын бүлгээс 14, АН-ын зөвлөлөөс 23, УИХ-ын гишүүд, байнгын хороодоос 62, Засгийн газраас 82, нийт давхардсан тоогоор 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах хүсэлт ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа намрын ээлжит чуулганаар хэлэлцэн, батлахаар хуульд тусгайлан заасан, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох байнгын хороод эхний ээлжинд хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн, Монгол Улсын хууль, тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасан болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдийг нэр заан тусгасан байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн, тогтоолд нэр заагаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг тухай бүрд шийдвэрлэж байхаар тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг УИХ-ын тогтоолоор баталсантай холбогдуулан хууль тогтоомжуудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг судлан, холбогдох төслүүдийг боловсруулах бэлтгэлийг хангаж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлсэн. Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин, баталлаа.

Уг тогтоолд 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг доорх байдлаар эрэмбэлжээ.

  1.  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль
  2.  Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай
  3.  Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай
  4.  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  5. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл
  6.  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл
  7. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл
  8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл
  9. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  10. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  11.  Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  12.  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  13. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  14. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  15. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  16. Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  17. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  18.  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  19. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл
  20. Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл
  21. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  22. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  23. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  24. Өмгөөллийн тухай хуулийн төсөл
  25. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  26. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл
  27. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  28. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  29. Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл
  30. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл
  31. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  32. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл
  33. Бусад

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)