​“Эрэл”-ийн газар дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3000 ам метр газрыг 1997 оноос хойш эзэмшиж буй “Эрэл” компани нь тухайн газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй тул эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох захирамжийг нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр гаргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Газрын тухай, Захиргааны ерөнхий хуулийг үндэслэн ийм захирамж гаргасан байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах дээрх газарт орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу, иргэд амарч зугаалах ая тухтай орчин бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иж бүрэн тохижуулах ажлыг ирэх оны гуравдугаар улиралд зохион байгуулахыг захирамжид мөн тусгажээ.

Үүнийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан аж.


Ц.Ундрал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)