“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад долоон жил хорих ял оноолоо

“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэх эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдөр хэлэлцэж шийдвэр гаргалаа. “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт тодорхой хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болжээ. Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сард тэд хамтран ажиллах гэрээ байгуулж, Ш.Баярсайхан банкны ашиг, үйлдвэрийн орлогоос хувь хүртэхээр тохирсон байна. Бүр тодруулбал, Ш.Баярсайхан “Ариг” банк, БҮК-1 үйлдвэрт хөрөнгө оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэхдээ Б.Эрдэнэбат гэрээний үүргээ биелүүлэлгүй ашиг, орлогоо хувьдаа зарцуулсан гэнэ. Харин Ш.Баярсайхан өөрийгөө залилуулсан хэмээн үзэж, Б.Эрдэнэбатыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, мөн хуулийн 18.6-2.2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэж заасны дагуу ял төлөвлөсөн юм. Шүүхээс Д.Сэргэлэнд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, түүнийг цагаатгалаа. Харин Б.Эрдэнэбатыг буруутайд тооцон, долоон жил хорих ял ногдууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)