ЭРЭЛХЭГ ШОТЛАНДЧУУДЫН ЭМЗЭГ НУУЦ

ШОТЛАНД УЛС


Олон өнгийн хээтэй банзал өмссөн эрчүүд хөөрөгт цуур хөгжим үлээж буй дүрс өөрийн эрхгүй нүдэнд үзэгдэх шиг. Олон зуун жилийн тэмцэлд зутран Их Британийн вант улсад харьяалагдах болсон Шотланд улсыг ийм л төсөөлөлтэйгөөр зорилоо.

Гудамж бүр нь хурдан морь хөлөглөн, сэлэм жадаар дайтдаг байсан эртний түүхийг хадгалсан хэрнээ “Call of Duty”-г зохион бүтээж компьютерийн зах зээлийг эзэгнэж чадсан энэ улс миний төсөөлснөөс их өөр, хоёрдмол сэтгэгдэл үлдээв.

Телевизор, галт тэрэгний хөдөлгүүр, эдийн засгийн үл үзэгдэх гар, пенициллин энэ бүхнийг шотландчууд зохион бүтээсэн.

Газрын зураг дээрх цэг гэлтэй жижигхэн энэ улс эрэлхэг улстөрчид, хүн төрөлхтний амьдралыг өөрчилсөн эрдэмтэд, сэтгэлийн утсыг хөндөх яруу найрагч, уран бүтээлчдээр үеийн үед баян байжээ.

ГЭР БУУДАЛ


Улс хооронд нисдэг жижигхэн онгоцноос бууж европ стандартын онгоцны буудлаар дамжив. Нөгөө л байдаг эрээлжилсэн зар сурталчилгаа биднийг замчилсаар хил нэвтрэх хэсэг дээр ирлээ. Сахал үс болсон, улаан үстэй гаалийн ажилтанд шалгагдаж Жерард Батлерийн эх нутагт хөл тавив.

Дэлхийн бусад улсад тун ховорхон үзэгдэх улаан үс шотландчуудын арван хувийг чимдэг аж. Биднийг эх орондоо урьсан шотланд найз маань автобусаар явна гэдгээ дуулгав. Аялал жуучлал хөгжсөн газар гэдэг нь автобусны буудлаас эхлээд л харагдана.

Цаг, мөнгө хэмнэх энэ шугам онгоцны буудал, хотын төвийг холбож, Эдинбург хотыг тэр чигээр нь харуулна. Тэрхэн зуур “Дисней” продакшны үлгэрийн ертөнцөөр аялж буй юм шиг санагдана.

Уулан дээрх орд харш, айдас төрүүлэм шивээлсэн оройт байшин, гол горхиор хүрээлэгдсэн сүм, хар цагаанаараа л ижилсэх сууц нь хаант улсын түүхийн олон нугачаа, өнгө будгийг илэрхийлэх шиг.

Автобусны цонхоор шинжин явсан энэ гудамжнуудыг маргааш өглөөнөөс нь “метрлэж” эхэллээ. Нарийхан гудамжийг тал талаас нь шахаж барьсан байшингуудын тагт маш өвөрмөц байгаа нь энэ хотын бас нэг онцлог гэлтэй.

Бидний сонгосон зочид буудлыг ахимаг насны эхнэр нөхөр хоёр ажиллуулдаг юм байна. Ихэнх шотланд айл хашаандаа цэцэрлэгт хүрээлэнтэй, доод хонгилдоо амьдрах тохилог байртай юм билээ. Доод хонгил гэхээр харанхуй, хүйтэн хөндий газар төсөөлөгдөж байгаа биз дээ.

Гэтэл гэрэлтэй, цэвэрхэн, цав цагаан өнгөөр тохижуулсан, олон өрөөтэй, өндөр таазтай, голдоо камин зуухтай “гэр буудал” биднийг угтав. Төв байшингаасаа салангид, гаднаас ордог тусдаа хаалгатай болохоор их олон айл “гэр буудал” ажиллуулдаг юм билээ.

Зочид буудлаас илүү чөлөөтэй, өвөрмөц санагдсан. Тэгээд ч тавын тавуулаа зочид буудалд байрласан бол үнэ өндөр тусах байсан нь ойлгомжтой.

ТАВАН ЦУЛЫН АМТЫГ МЭДЭРСЭНГҮЙ


Манай “гэр буудал” хотын төвтэй их ойрхон, хурдан явбал арван хэдхэн минут. Шотланд найз маань биднийгээ ингэж мунхруулсан юм. Энэ богино зам уулын өөдөө гэдгийг бидэнд хэлэхээ албаар мартсан бололтой.

Юун арван минут вэ. Баруун зүүнгүй огцом өдөө тэмүүлэх гудамжууд нь долоон уулыг бүсэлж, тэгш газар бараг алга. Үүрээр гарч, хол зам туулж үлдсэн эцсийн хүчийг минь энэ уулархаг хот сорох шиг. Найз минь интернэтээр хайж олсон газартаа л хооллоно гэж зүтгэснээрээ бидний ундууцлыг хүргэж, тэвчээрийг барав.

Бид ууртай, ядарсан, өлсөж цангасан амьтад хооллох газартаа арай чүү хүрэв. Манай хэд хоол захиалах гэж бөөн юм болдог зуршилтай. Ярина, маргана, сонгоно. Тэдний шуугиж байх зуур хоолны цэсийг хурдхан шиг гүйлгэж хартал “Хаагийс” гэсэн үг нүдэнд тусав.

Хаагийс” бол манайхаар дотор мах гэж сонссон болохоор нутгаа санасан би ихэд олзуурхан тэр хоолыг захиаллаа. Жижигхэн хэрнээ тохилог энэ зоогийн газрыг мөн л гэр бүлээрээ ажиллуулдаг аятай.

Хэлоуины баяр дөхсөн учраас янз бүрээр чимсэн нарийн боовыг урд цонхон дээрээ ярайтал өржээ. Хүн орж ирэх бүрт хонх дуугарна. Удалгүй сул ширээгүй боллоо. Нүдний үзүүрт уур утаа савссан таваг харагдаж “Хаагийс” ширээнд залрав.

Хонины зүрх, элэг, уушгийг татаж янз бүрийн ногоотой хольж амталсан энэ хоол нухсан төмсөөр хачирладаг гэнэ. Харин хонины гэдэс идчих гэсэн миний санаархал бүтэлгүйтэж таван цулын амтыг ч мэдэрсэнгүй.

Нутгийнхан нь бор соусанд дүрж байгаад л амтархан идэх юм. Наадахыг чинь ингэж иддэггүй л юм даа гэж хэлмээр санагдлаа. Манай хэдэд харин миний сонголт маш их таалагдсан бололтой “Хагийс”-аараа алдартай зоогийн газар тэр оройдоо л очъё гэх санал дэмжигдэв.

 Нийслэлээсээ нэлээд хол байрлах энэ газар руу галт тэргээр юм уу машинаар л хүрнэ. Оюутан бидэнд хаанаасаа ч машин олдох билээ дээ. Даалмен явдаг галт тэрэгний буудлыг олох гэж мөн ч удаан алхав.

Хамгийн хачирхалтай нь Эдинбургийн энэ галт тэрэгний буудал яг л Лондоны Паадингтон гэлтэй. Галт тэрэг, тасалбар нь хүртэл яг ижил юм. Их Британийн вант улсад харьяалагдах дөрвөн улсыг эгч дүүстэй зүйрлэм, өөр хэрнээ адилхан.

 Галт тэрэгний цонхоор хязгаар нь үл үзэгдэх ногоон уулс, хааяа нэг өнгө нэмэх мал бэлчиж харагдана. Эд нар хонь хургаа алдахгүй гэхдээ томоос том тоогоор тэмдэг тавьдаг юм байна. Галт тэрэгний зогсоол бүрээр соёл иргэншлээс холдсоор зэлүүд газар буулаа.

Гудамж бүрт нь зарах үндэсний хоол “Хаагийс”-ыг нь идэх гэж энэ хол газар явдаг нь учиртай юм байна. Эндээс Шотландын бахархал болсон 14 км урт улаан гүүр хамгийн тод харагддаг аж. Тэгээд ч энэ найзын маань төрсөн хот.


БУЛШЛАГДСАН ГУДАМЖ


Аливаа улсад заавал үзэх ёстой байшин барилга, дурсгалт газар бий. Шотланд улсын хувьд 778.000 хүнийг багтаах Эдинбург хот тэр чигээрээ түүх гэлтэй. Хүн амынхаа тоогоор Гласковын дараа орох ч XV зуунд нийслэлээр өргөмжлөгдсөн нь учиртай.

Гоё сайхныг магтан дуулах уламжлалт хэв маягтай энэ хотыг дүрсэлж чадахгүй. Үзэсгэлэнтэй гэхээсээ илүүтэй өвөрмөц, нууцлагдмал. Түүх дурсгалаа гайхамшигтай хадгалж үлдсэн гэдгээрээ ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Эдинбург хот тэр чигээрээ үзмэр гэсэн үг.

Гэгээнтэн Гийлсийн сүмийн урд

Хуучин ба шинэ гэж хоёр хэсэгт хуваагдах хотыг онгорхой дээвэртэй улаан автобус дээрээс харах хамгийн тохиромжтой. Хүн төрөлхтний замналыг түүхэн киноны кадрууд шиг нүдний өмнө дэлгэх хотын увдист татагдсандаа юу, эсвэл хүчтэй салхинд цохиулсандаа ч тэр үү хотыг хэдэнтээ тойров.

Хотын шинэ хэсэг нь XVIII зуунд бий болсон гэхээр одоо энэ тодотгол зохимжгүй мэт. Үхмэл галт уул дээр баригдсан энэ хотын хуучин хэсгийг олъё гэвэл өөд өөдөөсөө харан сүндэрлэх хоёр харшаар баримжаа авч болно.

Хотыг зааглах энэ хоёр ордны хоорондох зайг хараад өөрийн эрхгүй “ердөө л энэ үү” гэж бодогдоно. Хуучин Эдинбург хүн амаа багтааж шингээхээ больсон Европын олон арван том хотуудын адил гашуун түүхтэй.

Европын хөгжлийг тодорхойлж байсан энэ хотын хүн ам жил ирэх тусам хэдэн арван мянгаараа нэмэгдсээр дээд хязгаартаа хүрчээ. Газар нутгийн гачаал гэдгийг мэдэхгүй төрж өссөн би энэ үеийн амьдралыг хадгалан үлдсэн Мэригийн гудамжийг үзэж байж л зовлонг нь ойлгов.

 

Мэригийн гудамжаар аялахаар ирсэн жуулчдыг дундаж зууны хувцас өмссөн махлаг эр угтан өөрийгөө хэдэн зуун мянган жилийн тэртээгээс ирсэн гэж танилцуулав. Аюулгүй байдлын анхааруулга өгч дууссаныхаа дараа томоос том модон хаалга онгойлгон пад харанхуй руу биднийг дагуулан явлаа.

Тэгж их анхааруулах нь арга ч үгүй юм билээ. Цаг хугацаанд элэгдэж мөлийсөн нарийхан шатаар сохор хүн аятай тэмтчин доошоо буулаа. Үзэсгэлэнт Эдинбург хотын доор хөгжлийн гашуун түүхийг өгүүлэх бас нэг чимээгүй хот нойрсоно.

Тэр үеийн хотын газрын зураг яг л загасны ясыг санагдуулна. Уртаашаа 3.5 км газрын төлөө тэмцэж байсан 80 мянган хүн хүссэн газраа байшин барьж, ямар ч төлөвлөлтгүй энэ хот хоёр хүн зөрж явахад ч хэцүү болсон гэдэг.

Тухайн үед гудамж талбай бохирдож халдварт өвчин тархжээ. 450 саяул байсан дэлхийн хүн амыг хэдхэн жилийн дотор 350 сая болгож хороосон халдварт хар тахлыг зогсоох аргагүй болсон Шотландын хаант засаглал өвчин тархсан хамгийн шигүү хүнтэй хэсгээ булахаар шийдсэн гэдэг.

Мэригийн гудамж XXI зуун хүртэл хадгалагдаж ирсэн цөөн хэдэн булагдсан гудамжнуудын нэг. Хамаг бие нь цэврүүтэн үхлээ хүлээж буй хүмүүстэйгээ хамт газар доор орсон энэ гудамж, байшингуудад сүнс байдаг гэдэгт итгэдэг хүмүүс олон.

Алдаанаасаа суралцсан Шотландын хаант улс хотоо тэлэхээр шийдэж, тойрон хүрээлж байсан газрыг тэгшлэн, муу усыг нь цэвэрлээд, цаг үеэсээ түрүүлсэн төлөвлөлттэй шинэ Эдинбургийг бий болгож чаджээ.

ХАР ГЭРТЭЭ ХААН, БОР ГЭРТЭЭ БОГД


Огцом ангалын дээр сүндэрлэх сүрдэм цайз дээр Шотланд дахь аяллынхаа сүүлчийн өдрийг үдэв. Бүх нийтийн санал асуулга дуусаад удаагүй Эдинбургийн гудамж эрх чөлөөг дуудсан уриа бичгээр дүүрэн.

Дээрээс сүндэрлэх Хүрэл үед баригдсан Эдинбургийн ордонд орлоо. 350 сая жилийн тэртээ дэлбэрсэн, 130 метр өндөртэй галт уулын үлдэгдэл дээр тухлах энэ чулуун бүтээл үнэхээр сүрдмээр юм.

Өнөө цагт жуулчид л хүлээж авах зориулалттай хаант улсын “бэлгэ тэмдэг” рүү орох гэж их ч алхаж, их ч хүлээлээ. Энд тэнд нь их буу зоосон өндөр хэрмийн цаанаас хот тэр чигээрээ харагдана. Хэрэм, ордон хоёрын хоорондох зайг ашиглан жуулчдад тэр үеийн буу зэвсгээр тулалдахыг заах юм.


Надаас бусдад нь их сонирхолтой байх шиг санагдав. Харин эрхэм бүхний дээрээс намирах Английн тугийг цоо ширтэн зогсох залуу миний нүдэнд тусав. Нутгийнх бололтой энэ залуугаас юу хийж байгааг сонирхон яриа өдвөл тэр эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч гэнэ.

Санал асуулгаар эрх чөлөөгөө олж авч чадаагүй эх нутгийнх нь хамгийн дурсгалт газрыг “дарангуйлан” намирах энэ тугийг ширтэн зогсох түүний бодлыг таахыг оролдлоо. Балар эртний түүхээс болж дэлхийн хөгжилд хүргэсэн олон зуун жилийнхээ “ханиас” салах гээд байдаг нь хачин шүү.

Өнөө эр “Манайх урдаа барьдаг ганц газрын теннисчинтэй. Тэр мэдээж Их Британийн вант улсыг төлөөлдөг. Ололт, амжилт бүрийг нь өөрийнх гэж өмчилдөг атлаа алдах болгондоо тэр зөвхөн Шотландынх болчихдог.

Одоохондоо Англитай нэг байх нь манай улсын эдийн засагт сайн л даа, гэхдээ тэд бидний амжилт бүхнийг дээрэмддэг. Анхнаасаа нэгдэхийг хүсээгүй улс орнуудыг хүчирхийллээр өөртөө нэгтгэсэн учир энэ олон жилийн турш бид “жинхэнэ гэр бүл” болж чадаагүй.

Бид бие биедээ дургүй мөртлөө ашиг сонирхлоороо нэгддэг хүмүүс” гэв. Намайг анх Англид ирэхэд шотланд мөнгө авч болохгүй шүү гэж анхааруулж байсныг тод санаж байна. Гадна төрхөөрөө л ялгарахаас англи фунттэй ижил ханштай шотланд мөнгөнөөс татгалзах нь Англид хууль бус ч нутгийнхан нь авдаггүй юм билээ.

Эдинбургийн харшийн өөдөөс харах Холируудын ордон бол шотландчуудын бахархал. Английн хүчирхийллийг тогтоож чадсан сүүлчийн удирдагч, ард түмэндээ зуун дамжин дурсагдах Мэри хатны амьдарч байсан ордон.

Унтаж байсан ор, өөрийг нь алах гэж ирсэн Английн цэргийг ширтэн зогссон цонх, ард түмэн нь өөрийг нь дурсаж яваг хэмээн хайчлан үлдээсэн улаан үс нь хүртэл энд хадгалаастай.

Түүхийн хуудаснаа эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эрэлхэг зориг, ухаан чадлаараа мөнхөрсөн энэ эмэгтэй шотландчуудын цохилох зүрх болж мөнхөрчээ.

Үлгэрийн юм шиг Эдинбургийг бахархал, гунигийн хоёрдсон сэтгэгдэлтэйгээр орхин явахдаа утаатай Улаанбаатараа учирг үй санаснаа мэдрэв.


 

Балдоржийн НОМИНТҮШИГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)