Эрэлттэй мэргэжлийн үнэгүйдэл буюу баялаг бүтээгчгүй нийгэм

Мэргэжил сонголт нь хүн бүрийн амьдралдаа хийж буй хамгийн чухал, үнэтэй сонголтын нэг. Эцэг эх, өсвөр үеийнхэнд маань нарийн мэргэжлийн талаарх мэдлэг, ойлголт дутмагаас Монголд түгээмэл байдаг буюу өөрсдийн ойлгож мэдэх хүрээндээ мэргэжлээ сонгодог талтай. Энэ нь ерөнхий мэргэжлээр төгсөгчдийн тоог нэмж, харин нарийн мэргэжлээр суралцагчийнх буурах шалтгаан болж байна. Тиймээс зарим мэргэжлээр төгсөгчид ажлын байргүй байгаа бол улс оронд хэрэгтэй чухал нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа билээ.

Хэдийгээр ямар мэргэжил сонгох нь хувь хүний эрхийн асуудал ч энэ нь тухайн хүний ирээдүй хийгээд нийгэмд ч сөрөг талтай юм. Манай оронд шинжлэх ухаан, технологи төдийлөн хөгжөөгүй. Үүнийг дагаад тэднээс үлгэрлэн дуурайх байдлаар мэргэжил сонгох нь бага байна. Тиймээс эцэг эх, өсвөр үеийнхэн өөрсдийн ойр байх хүмүүсээс үлгэр жишээ авах, мэддэг мэргэжлүүдээс сонголтоо хийх нь түгээмэл байдаг.

Тухайлбал, манай улсад таваар судлал, хүнсний чанар аюулгүй байдал, химийн технологи, хүнсний инженерчлэл, хөрс судлал, агрохими, гидромеханик, металлурги, металлын технологи, бараа, түүхий эдийн судлал, технологи гэх мэт нарийн мэргэжлийн ач тусыг олон нийт ойлгохгүй байгаагаас энэ чиглэлийн мэргэжилтэн дутагдалтай байна.

Монгол улс хөдөө аж ахуйн орон. Гэтэл газар тариалангийн салбарт хөрсний үржил шимийг судалж дүгнэх, бодлого боловсруулах, зөвлөмж гаргах, нөхөн сэргээх гэх мэт шат шатанд энэ чиглэлийн боловсон хүчин шаардлагатай. Гэтэл энэ мэт үнэ цэнэтэй, хэрэгцээтэй мэргэжлийн ач холбогдлыг ойлгоогүйгээс мэргэжилтний хомсдол бий болох нөхцөл бүрдэж, эрэлттэй мэргэжил үнэгүйдэж, үүнийг дагаад тухайн салбарын хөгжил, өрсөлдөх чадамж буурч байна.

Манай орон хэдийгээр өргөн уудам газар нутагтай ч байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан маш эмзэг хөрстэй. Хөрсөө хамгаалах, бэлчээрийн даацаа тохируулах нь ирээдүйд үндэсний аюулгүй байдлын тулгуур асуудлын нэг болох хоол, хүнсний хангамж, нөөцөө хамгаалах эх сурвалж болох юм.

Мөн усны нөөц багатай Монгол орны хувьд Гидромеханикийн мэргэжил ач тустай бөгөөд эрэлттэй. Усны нөөц тогтоох, хамгаалах, зүй зохистой ашиглах гээд энэ салбарт усыг хамгаалах, усжуулалтын инженерүүд чухал шаардлагатай. Цэвэр усны нөөц нь Монголын төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна. Бусад оронд хиймэл нуур цөөрөм байгуулах гэх мэтээр аль хэдийн төрийн бодлогын төвшинд шийдвэрлэх болсон. Манай улс өнгөрсөн оноос Усны газартай болсон нь төр засаг анхаарал хандуулж буйн нэг жишээ бөгөөд дэвшил юм. Тиймээс энэ салбарт ч мөн мэргэжлийн боловсон хүчин чухал шаардлагатай.

Бараа, түүхий эдийн судлал, технологи, таваар судлал гэх мэт мэргэжил чихэнд нэг л наалдацгүй сонсогдож байна уу. Тэгвэл манай оронд боодол бохиноос ч үнэ цэнэгүй болоод буй Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийг боловсруулах, судлах, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн бий болгох, нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэх энэ гинжин хэлхээг бүрдүүлэх нарийн мэргэжилтэн дутмагаас бид ховор түүхий эдээ хог болгон хаяж байна. Магад энэ чиглэлийн мэргэжилтэн болоод түүхий эд боловсруулах жижигхэн үйлдвэр байгуулчихвал, банкны эдийн засагч хийснээс ч баян чинээлэг амьдарч болох юм.

Манай улс зарим оронтой харьцуулбал хүнсний нөөцөөр арвин баялаг орон. Малын толгой шийр, гэдэс дотроос эхлээд сүү, цагаан идээ, төрөл бүрийн нарийн ногоо, байгалийн жимс жимсгэнэ, мөөг гээд эрдэс бодисоор баялаг, арвин их нөөцтэй. Гэтэл тэр нөөцөө зөв боловсруулан ашиглаж чадахгүй байгаагаас мөн л хаягдал бүтээгдэхүүн болж байна. Жимс, жимсгэнийг бага хэмжээгээр боловсруулж байгаа ч ерөнхийдөө шошго нааж, савлах хэмжээнд байна. Гэтэл Химийн технологи, Хүнсний инженерчлэл гэх мэт мэргэжил эзэмшээд эдгээр түүхий эдээр бүтээгдэхүүн боловсруулбал биотехнологийн аргаар шавьж өсгөн, боловсруулах хүртлээ хүнсний асуудал нь эмзэг болсон Азийн орнуудад экспортын том зах зээл нээлттэй байж болох юм. Хажууд хэдэн тэрбумаар тоологдох хүн амтай Хятад, Энэтхэг гэх мэт хүнсний том “мангас” байна. Зөв менежмент хийвэл тэнд байгалийн гаралтай манай бүтээгдэхүүн илүү үнээр ч худалдаалагдах боломжтой.

Гэтэл тэр үнэт түүхий эд мөнгө биш, нохой шувууны хоол болохоос хэтрэхгүй байна. Хүнсний түүхий эд, баялгаа савлах хэмжээнд хөгжүүлэх биш үнэт, ашигт чанар, нөөцийг нь судалж тодорхойлох, үүний үр дүнд боловсруулж, олон нийтэд таниулах, борлуулахад ч энэ чиглэлийн мэргэжилтэн чухал юм. Энэ мэт улс орны стратегийн хүнс үйлдвэрлэгч мал аж ахуй, газар тариалан, ус, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт чадварлаг мэргэжилтэн боловсон хүчнийг төрийн бодлогоор дэмжих, шаардлагатай байна. Нарийн мэргэжлийн мэргэжилтэн, боловсон хүчин байхгүй бол бид мянган удаа бодлого боловсруулж, инноваци, технологи, шинжлэх ухаан яриад хол явахгүй. Энэ чиглэлийн мэргэжилтэн хомсоос үүнийг дагаад баялаг бүтээгчид, мэдлэг, инноваци шингэсэн үйлдвэрлэл манай оронд хөгжихгүй байна.

Р.Батчимэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)