Эрэлтгүй “бараа”

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын тоо 2015 оны зургадугаар сараас хойш нэмэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, 24 нам бий. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн Ард түмнээ хайрлая нам одоогоор хамгийн отгон нь. Нам байгуулах “синдром” сэдэрдэг УИХ-ын сонгууль болоод өнгөрсөн учраас уг жагсаалт нэг хэсэгтээ нэмэгдэхгүй байх магадлалтай. Гэхдээ сонгуульгүй үеэр ч нам байгуулдаг “алсын зорилготой” хүмүүс цөөнгүй байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд хоёр ч нам бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ. Гэвч материал дутуу, хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас Дээд шүүх тэдгээрийг бүртгэхээс татгалзаад буй юм. Энэ олон нам байгаа хэдий ч сүүлийн 20 жилд төрийн эрхийг АН, МАН л ээлжлэн барьсаар ирсэн. Тэднийг сольё гэсэн ч оронд нь ажиллах, иргэдийн итгэлийг даах зангарагтай нам алга.

2012 оны сонгуулиар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авсан нь гуравдагч хүчнүүдийн хувьд түүхэн дээд амжилт байлаа. Гэвч 2016 онд гуравдагч хүчин ганцхан төлөөлөлтэй болж орон зай нь хумигдав. Зах зээл нь үгүй атал “бараа” нийлүүлсээр байгаагийн шалтгаан нь юу юм бол.

“ТОГЛОХ” ШАЛТГААН

Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс хамтраад нам байгуулах эрхийг Үндсэн хуулиар иргэн бүрт олгосон. Тиймээс нам байгуулах хүсэлтэй хүмүүсийг буруутгах хэцүү. Тэдний олонх нь “Монголд улс төрийн шинэ хүчин хэрэгтэй” гэсэн тайлбар хэлдэг. Төрийн эрхийг намаар дамжуулан барьдаг учраас УИХ-д суудалтай болох нь аливаа хүчний гол зорилго. Гэвч энэ зорилгодоо хүрсэн гуравдагч хүчин сүүлийн 20 жилд нэг ч гарсангүй.

Улс орныхоо хөгжилд бага боловч түлхэц өгье, зөвийг нь шүүмжилж, бурууг нь засахад нэмэр оруулъя гэсэн хүсэл, зорилготой нам, ийм хүслээр улс төрийн хүчин байгуулъя гэсэн хүн цөөн боловч бий байх. Гэвч ихэнх нь үүгээр дамжуулан албан тушаалд хүрэх жижигхэн зорилготой мэт харагдана. Сонгууль болохоор “ичээ”-нээсээ цухуйдаг хэсэг нам бий. Өрсөлдөөд ч амжилт гаргах нь үгүй. Бүр ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, сонгуульд оролцдоггүй, цаасан дээр бүртгэлтэй нам ч цөөн биш бий.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд “хаягдсан” Ард түмний намыг нэрлэж болно. Тэрбээр 2004 онд АН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон ч 2005 онд “нүүрээ буруулж”, Ард түмний намыг байгуулан улмаар тухайн үеийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан, Эрүүл мэндийн сайд болж байлаа. Гэвч удалгүй уг албан тушаалтай холбоотой үүссэн асуудлаас болж аврал эрэн АН-д буцаж орсон юм. Өөрт нь итгэж АТН-д элссэн гишүүдийг ч тоосонгүй.

Тэгэхээр уг нам түүнд Эрүүл мэндийн сайд болоход л хэрэгтэй байжээ. Сүүлд байгуулсан Ард түмнээ хайрлая намаас тэрбээр гэр бүлээрээ нэр дэвшсэн ч амжилт олоогүй. Сүр дуулиантай байгуулсан намаа тэр тоохоо больчихоод дахин АН-д элсэхээр хөөцөлдсөн паян хуучраагүй байна. Мөн нэг хүний, компанийн гэх тодотголтой, эздэдээ албан тушаалд хүрэхэд нь туслаад “амь тавьсан” нам ч бас бий.

С.ЖАВХЛАНГ ТОЙРСОН ХАРДЛАГА

Нам байгуулах оргилуун хүсэлтэй хүн олон ч Дээд шүүхийн босгыг давж чаддаггүй. А.Отгонбаяр хэмээх даргатай Үнэн ба зөв нам өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд Улсын дээд шүүхэд хандсан. Мөн энэ сарын 16-нд Зон олны нам жагсаалтыг нэмэхээр эрмэлзэв. Тэдний хэн хэн нь босго давж чадаагүй байгаа. Мөн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт тэргүүтэн “Монголын хүний төлөө” нам байгуулахаар төлөвлөж буй юм билээ. Нам байгуулах хурал нь ирэх сарын 17-нд болох аж.

Зон олны хэмээх нэртэй намын ард УИХ-ын гишүүн С.Жавхлан байж магадгүй гэсэн хардлага гарлаа. Нэр нь түүнтэй “дотно” сонсогдсон ч байж мэднэ. Олон нийтэд танигдаагүй, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх лидергүй зарим нам УИХ-ын бие даагч гишүүдийг элсүүлэх замаар парламентад суудалтай болохыг хичээдэг нь нууц биш. Хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуульд зөвхөн УИХ-д суудалтай намуудаас л нэр дэвшүүлэх боломжтой.

Харин бие даагч гишүүн С.Жавхлан аль нэг намд элсчихвэл өөр өрсөлдөгч гарч ирж болзошгүй гэсэн хувилбар бий. 1997 онд ийм тохиолдол гарч байсан. 1996 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж сонгогдсон О.Дашбалбар агсан МУНН-д элсэж, улмаар тус намаас Ж.Гомбожавыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байсан аж. Үүний дараа маргаан гарч, Дээд шүүхээс “Зөвхөн УИХ-ын сонгуульд оролцож, төлөөлөл нь сонгогдсон намыг парламентад суудалтай гэж үзнэ” гэсэн тайлбар гарч байжээ.

Хэдий тийм ч МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт буцаан татсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлдөө дээрх тайлбарыг тусгайлан заалт болгон тусгаж, “болзошгүй эрсдэл”-ээс хамгаалахыг хичээсэн юм. Гэвч уг төслийг санаачлагчдад нь буцаачихсан. Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд дээрх заалт байхгүй. Ингэхээр С.Жавхланд, түүнийг элсүүлэх хүсэлтэй намд 50:50 хувийн боломж байгаа мэт. Магадгүй ийм горьдлого тээсэн эрхмүүд УИХ-ын сонгуульгүй жил нам байгуулах оролдлого хийж байж мэдэх.

ЗАМЫН ГОЛООС АЛГА БОЛОГСОД

УИХ-ын сонгуулийн өмнө нам байгуулах гэж оролдоод Дээд шүүхийн босгыг давж чадаагүй “нам” бас хэд хэд бий. Тухайлбал, Далайн дээрэмчдийн намыг Дээд шүүх “Нэр нь зохисгүй” гээд бүртгээгүй юм. Уг нь энэ бол Ногоон нам гэдэг шиг дэлхийд сүлжээтэй хүчин юм билээ. Мөн Монголын залуучуудын нэгдсэн намыг хэсэг залуу байгуулахаар оролдоод бүтээгүй. Тэгэхээр нам байгуулна гэдэг тийм ч амархан ажил, “тоглоом” биш аж.

Төрийн эрх барих хэмжээний том зорилгод тэнцэхгүй ч дэд сайд хэмээх албан тушаалын “бялуу” ч болов хүртэх сонирхолтой наманцрууд ийнхүү олширч байна. Дөрвөн жилдээ нэг удаа сэрдэг, сонгуульд оролцож үзэгддэг нь дээрх 24 намын 50 хувь. Бусад “амьгүй” намыг нь татан буулгаж, цэгцлэх цаг болсон. Дээд шүүх 2000 оны дундуур нэг ийм “их цэвэрлэгээ” хийсэн байдаг. Эрэлт, нийлүүлэлтийн хуулийг зөрчсөн нам байгуулах үйл явцад ийм цэвэрлэгээ хэрэгтэй. • • • • • • • • • • • • • • • • •


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)