Эрэгтэй сагсчид эх орондоо түрүүлж чадсангүй

Дэлхийн чансааны оноо олгох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олон улсын “Mongolian National cup 2017” тэмцээн манай улсад анх удаа боллоо. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй найман баг өрсөлдөв. Урилгаар FIBA-гийн 3х3 холбооны хөгжил хариуцсан мэргэжилтэн А.Роберт, Гоао Ринфэй, олон улсын шүүгч Эдмонт Хо нар Монголд иржээ.

Эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын легионер тоглогчид, БНАСАУ-ын үндэсний шигшээ багийнхан Монголын зургаан багтай хүч үзсэн. Тэд учраа бүхнээ хожсоор аваргын төлөө өрсөлдөв. Эцсийн мөч хүртэл эн тэнцүү өрнөсөн тус тоглолтын үндсэн цаг дуусахаас хэдхэн секундын өмнө АНУ-ын багийн тоглогч Б.Моррис довтолгоогоо амжилттай болгон, багаа хожилд хүргэв.

21:19-өөр хожсон америкчууд тус тэмцээнд анх удаа түрүүлж байгаа нь энэ. Тэд хагас шигшээд оюутны ДАШТ-ий мөнгөн медальт манай багийг хожсон юм. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Азийн элсний наадмын мөнгөн медальт үндэсний шигшээ багийнхан оюутны ДАШТ-ий мөнгөн медальтнуудыг яллаа. Эмэгтэйчүүдийн ангиллын алтан медалийн төлөөх тоглолтод Завхан аймгийн “Этүгэн ирвэсүүд” багийнхан Архангайн сагсчдыг 19-14-өөр хожин, алтан медалиар энгэрээ мялаав. Харин “Бурхантын буганууд” багийнхан “Хөвсгөл нэг үе”-ийнхнийг хожлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)