Эрчүүдийг удирдах амаргүй даалгавартай бүсгүйчүүд

ИМКЕ ВЮББЕНХОРСТ – “КЛОППЕНБУРГ”

Имке Вюббенхорст бол Германы хөлбөмбөгийн түүхэн дэх эрэгтэйчүүдийн мэргэжлийн багийн анхны эмэгтэй дасгалжуулагч юм. Тэрбээр 2018 оны сүүлчээр Оберлигийн (тавдугаар дивизион) “Клоппенбург” багийг удирдаж эхэлснээр олны анхаарлыг ихээхэн татах болжээ. Ялангуяа “Welt” сэтгүүлд ярилцлага өгснөөс хойш. “Welt”-ийн сэтгүүлч И.Вюббенхорстоос тоглогчдоо хувцсаа өмсөөгүй байхад нь хувцас солих өрөөнд орохгүйн тулд тусгай дохиогоор урьдчилан анхааруулдаг уу гэж лавлажээ. Имке эл асуултад “Мэдээж, үгүй. Би мэргэжлийн хүн. Тоглогчдоо бэлэг эрхтнийх нь хэмжээгээр сонгож авдаг” гэж хариулсан байна. Хэвлэлийнхэн түүний хариултыг оновчтой, мундаг хариулт гэж үзсэн бөгөөд “Welt”-ийн сэтгүүлчийн асуултыг мулгуу, эмэгтэйчүүдийг ялгаварласан гэж дүгнэсэн юм.

И.Вюббенхорст бол мэргэжлийн хөлбөмбөгчин, Германы эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглож байхдаа хоёр удаа Европын аварга болсон тамирчин юм. 2012 оноос “Клоппенбург”-ийн эмэгтэй багт тоглож байгаад удалгүй спортын албаны захирал, эцэст нь лигтээ сүүлчийн байрт явж буй эрэгтэй багийнхаа дасгалжуулагчаар томилогдсон байна. Ивээн тэтгэгч нь гэрээгээ цуцалж, хөгжөөн дэмжигчид нь итгэл найдвараа алдсан гээд тус багийн нөхцөл байдал тун амаргүй байгаа.

Тиймээс багаа Оберлигээс хасагдуулалгүй авч үлдэх нь Имкегийн зорилго юм. “Клоппенбург”-ийн тоглогчдын өмнө нь мэддэггүй байсан бичлэг үзэж анализ хийх, тактикийн ганцаарчилсан бэлтгэл зэрэг олон шинэлэг зүйлийг Имке багтаа бий болгож эхэлсэн байна. “Би энэ багт тоглогч болон даргаар долоон жил ажилласан. Хамт ажилладаг эрчүүдтэй хөлбөмбөгийн тухай ярилцахыг хичээдэг байсан ч эмэгтэй учраас тэд намайг огт хайхардаггүй байлаа. Миний жишгийг дагаж өөр багууд эмэгтэй дасгалжуулагчтай болох нь юу л бол, ирэх улиралд ч надад энэ ажлаа хийх боломж олгохгүй байх. Гэвч би багтайгаа боломжгүйг бүтээхийг хичээнэ” гэж И.Вюббенхорст ярьсан байна.

НАТАША ОРЧАРД-СМИТ – “АРЛСИ ТАУН”

“Арлси таун” баг зургаан жилийн өмнө Английн цомын тэмцээнд “Ковентри сити” багтай өрсөлдөж байлаа. Гэвч тэр цагаас хойш багийн амжилт уруудаж, наймдугаар, төд удалгүй есдүгээр дивизионд тоглох болов. Тоглогч, дасгалжуулагч авах мөнгө ч үлдсэнгүй. Хэцүү байдалд орсон багийн удирдлага ихээхэн туршлагатай нэгэн эмэгтэй дасгалжуулагчид итгэл хүлээлгэхээр шийдвэрлэж, Наташа Орчард-Смиттэй холбогджээ.

Наташа “Тоттенхэм лэдис” багт хаалгачаар тоглож байгаад сүүлийн 10 гаруй жил дасгалжуулагчаар ажиллаж буй. Хүү нь хөлбөмбөгөөр хичээллэх болсонтой зэрэгцээд багийг нь удирдах шаардлага гарснаар Наташа дасгалжуулагч болсон түүхтэй. Чамгүй сайн ажиллаж, шинэ авьяасаа нээсэн түүнийг “Арсенал” баг охидын багийнхаа дасгалжуулагчаар урьсан аж. Наташа Лондоны багт ажиллах гэрээтэй байсан ч “Арлси таун” түүнтэй холбогдсон байна. “Эрэгтэйчүүдийн багийг эрэгтэй хүн л дасгалжуулах ёстой гэсэн стандарт бий. Гэвч Наташа ухаантай, гаргуун амжилттай мэргэжилтэн. Би хагас мэргэжлийн түвшинд 20 гаруй жил тоглохдоо түүн шиг мундаг дасгалжуулагчтай таарч байгаагүй” хэмээн “Арсли таун” багийн захирал М.Эндерсби өгүүлжээ.

Наташа тус даруухан багийн саналыг хүлээж авснаар Англид хөлбөмбөгийн багийг дасгалжуулсан анхны эмэгтэй “босс” болсон юм.

Тус баг өнгөрсөн жил наймдугаар лигт тоглохдоо 42 тоглолтын 21-т нь ялагдан ердөө 14 оноо авснаар есдүгээр лиг рүү унажээ. Харин энэ улиралд “Арсли таун” Наташагийн удирдлагад чамгүй амжилттай тоглон лигтээ зургадугаар байрт бичигдэж байна. Хэрэв есдүгээр лигт тэд түрүүлж чадвал наймдугаар лигт дэвшин тоглох учиртай.

“Арсли таун”-ы тоглогчид өдөр бүр бэлтгэл хийдэггүй, тэдний хувьд хөлбөмбөг бол нэмэлт орлого олох боломж юм. Гэхдээ тус баг заримдаа мэргэжлийн тамирчнаар хүч сэлбэдэг. Саяхан тус баг Молдавын залуучуудын шигшээ багийн тоглогчийг зээлээр авсан аж.

Эцэст нь өгүүлэхэд, 2012 онд Тимчана Немчич хэмээх бүсгүй Хорватын зургадугаар лигийн “Виктория Ваковац” багтай гэрээ байгуулснаар эрэгтэйчүүдийн багийг удирдсан анхны эмэгтэй дасгалжуулагч болсон түүхтэй.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)