Эрчим хүчний хөнгөлөлтөд 20 тэрбум төгрөг зарцуулна

Ногоон эдийн засгийн гуравдугаар чуулганыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Ногоон технологи, эдийн засгийг дэмжих төрийн бодлого, зохицуулалтыг танилцуулан, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн судалгааг танилцуулж, эко бүтээгдэхүүн импортлогчдод тулгарч буй бэрхшээл, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт болон ногоон зээл авах хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор тус чуулганыг зохион байгуулсан юм. Одоогоор нийслэлд 182 барилга, байгууламжийг 105 орчим уурын зуухаар халааж буй аж. Ирэх онд эдгээр зуухыг ашиглалтаас гарган, тухайн орчныг дулааны төвлөрсөн шугамд холбохоор төлөвлөжээ. Үүнд 37.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсоныг Эрчим хүчний зохицуулах хороо мэдээллээ. Мөн холбогдох байгууллагуудынх нь сүүлийн хоёр жилийн ажлын үр дүнд гэр хорооллын 41 000 гаруй өрхийг дөрвөн кВт-ын чадалтай цахилгаан үүсгүүрээр халаах техникийн боломж бүрдсэн аж. 

Үүнтэй холбоотойгоор айл өрхүүдийн хэрэглээг дэмжих, үнийг нь хямдруулахад зориулж энэ онд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төсвөөс 8.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд он дуусахад 10.4 тэрбумд хүрэх тооцоо гарсан гэнэ. Ирэх онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, гэр, байшингаа дулаалах материал, стандартын шаардлага хангахуйц бохирын систем суурилуулахад иргэдэд 40, жуулчны бааз, амралт, сувиллын газруудад 200 хүртэлх сая төгрөгийн ногоон зээл олгож буйг дурдъя. Уг зээлийн хөнгөлөлтөд төсвөөс 3.7 тэрбум төгрөг зарцуулах юм. “Хас” банкнаас “Эко дулаан шийдлийг бид дэмжинэ” уриатайгаар зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжин оролцсон дээрх чуулганы үеэр халаалт дулааны дэвшилт технологи нэвтрүүлсэн болон байгаль орчинд ээлтэй цахилгаан халаагуур, шалны халаалтын систем, бойлер, угаар мэдрэгч төхөөрөмж зэргийг борлуулдаг 20 орчим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)