Эрчим хүчний зохицуулах хороо нь жулдав уу, “Тэргүүн өргөө” нь томров уу

Улаанбаатар хотын даргад “хов” хүргэхээс аргагүй боллоо. “Тэргүүн чансаа” компанийн “Тэргүүн өргөө” гэх орон сууцны конторынхон Хан-Уул дүүрэг дэх “Могул таун” хотхоны 350 өрхийн 2000 гаруй иргэний эрхийг зөрчиж, одоо болтол дулаанаар хангаагүй байна. Хотхонд 600 орчим нярай болон бага насны хүүхэд бий. Өвөл хаяанд ирсэн энэ цагт халаалтгүй байр ямар байдаг билээ. “Дулааныхаа төлбөрийг барагдуулаагүй айлуудаас чинь болж байгаа юм” гэж олон хүний эрх зөрчсөн талаараа хээв нэг тайлбарлаад, иргэдийг загнаж, эсвэл “Өнөөдөр тавихаар ажиллаж байна. Даралт унаж байна” гэхчлэн худал, аргацаасан хариу хэлж байгаа орон сууцны конторынхны талаар нийслэлийн мээрт гомдоллох болсон нь учиртай. Тус конторын дарга гэх, нэрээ хэлэхээс цааргалсан эмэгтэй “Бид танай хотхоныг дуртайдаа аваагүй. Өнгөрсөн жил нийслэлийн удирдлага ийм шийдвэр гаргаж, манайд хүчээр тулгасан” гэж тайлбарласан. Тэрбээр дургүйд хүчгүй гэсэн утгатай зүйл ярьж байна гэж ойлголоо. Тиймээс С.Амарсайхан даргын чихэнд ийнхүү хонх уяхаас аргагүйд хүрлээ, уучлаарай.

“Могул таун” хотхоны зарим байранд өнгөрсөн долоо хоногт хоёр удаа бага зэрэг гал гарсан нь үр хүүхдээ дааруулахгүй гэсэндээ айл болгон цахилгаан халаалт залгаснаар гал хамгаалагч, цахилгааны утас нь ачааллаа дийлэхгүй болсонтой холбоотой.

Тус хотхоны оршин суугчдын гомдлын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос “Тэргүүн өргөө” конторынхонд шаардлага хүргүүлсэн нь 10 хоногийн өмнө. Гэтэл төрийн байгууллагын шаардлагыг үл тоож, одоо хүртэл иргэдийг дулаанаар хангах үүргээ биелүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Эрчим хүчний зохицуулах хорооноос давсан эрх мэдэлтэй контор байж болох уу. Төрийн байгууллага нь “жулдаад” байна уу, “Тэргүүн өргөө” нь томроод байгаа юм уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)