Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэв тэргүүтэй хүмүүсийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан 2016 оны намраас шалгаж, цагдан хорьсон талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.

Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын хөрөнгө 35 сая ам.долларын санхүүжилтээс завшсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм. Д.Доржпүрэв эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид хоёр дахь шатны санхүүжилт болох долоон сая ам.долларыг шилжүүлээд, өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан гэх үйлдэлд түүнийг буруутгасан. АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхны явуулсан шалгалтын явцад манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэй лун жан хуа нян минерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ван Либао, түүнтэй хамтран бизнес эрхэлдэг “Шижиа инвестмент” компанийн захирал Жин Шиху нарын дансаар дамжуулан дээрх банк бус санхүүгийн байгууллагынхаа “Голомт” банк дахь дансаар нийт нэг сая ам.доллар авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон юм билээ. Уг мөнгө нь 2013 оны найм болон арваннэгдүгээр сард ББСБ-ын дансанд орсон нь, уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан гэдэг.

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2016 оны есдүгээр сард тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 148.4, 166.1.2-т заасан бүлэглэн онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж байв. Гэвч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч уг хэргийг хэрэгсэхгүй болгох санал прокурорт гаргажээ. Ингэхдээ “БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансны хуулгыг Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу өмнөд хөршөөс авахаар хүсэлт тавьсан ч ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хаах санал хүргүүлсэн гэнэ. Түүнийг нь ч прокурор хүлээн авсан бололтой. Харин дээд шатных нь прокурор Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, сэргээх, эсэхийг удахгүй шийдэх сурагтай.

Уг нь шалгалтын явцад “Чингис” бондын 35 сая ам.долларын хөрөнгөөс “Hunan industrial equipment installation” ХХК-ийн дансанд 3.5 сая нь ороогүй нь ч батлагдсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх хэд хэдэн хөрөнгө, барилгын материалыг нь тухайн үед битүүмжилж байсан билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)