Эрх мэдэлтнүүдийн алдаанаас болж иргэд хохирч байна

“Энэ хавийн 10 гаруй айл байшингаа орхиод явчихсан. Байшинд орвол хана, шаланд нь хөрсний ус нэвчээд хөлдсөнийг харж болно. Энд хөрсний ус байнга ундардаг ч зам тавихаас өмнө урд талын гудамжаар урсчихдаг байсан. Тэр гудамжийг хаагаад зам тавьчихлаар нам дор газар буусан айлуудын хашаанд хөрсний ус тогтоод байгаа юм” гэж Сүхбаатар дүүргийн XIII хорооны Рашаантын IX гудамжинд оршин суугч Э.Хишигсүрэн ярилаа. Тэрбээр Хайлааст, Дарь-Эхийг холбосон авто зам дагуу амьдардаг нэгэн. Гэтэл зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр “Хайлааст, Дарь-Эх чиглэлийн замын ажил дууссан ч иргэдийн эсэргүүцлээс болоод хөдөлгөөнийг нээж чадахгүй байгаа” хэмээн сүржин мэдэгдсэн билээ. Шийдвэр гаргагч түвшний хүн, иргэний яриа ямар ялгаатайг та анзаарч байна уу?

Тэгвэл нийслэлийн төсвөөс 6.3 тэрбум төгрөг зарцуулж барьсан 1.4 км урт авто замын ажлын явцыг өнгөрсөн мягмар гарагт сурвалжлав. Замын хөдөлгөөнийг албан ёсоор нээгээгүй ч жолооч нар хашлагыг нь зайчлаад зорчиж эхэлжээ. Харин ногоон байгууламж байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хараахан дуусгаагүй нь харагдлаа. Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн хэлснээр бол нээлтээ хийхэд бэлэн болсон зам нь ашиглалтад орох яагаа ч үгүй байв.

Замын ажил гүйцэтгэгч “Мотор сервис” компанийн менежер Д.Даваасүрэн “2017 оноос хойш зам тавих тухай ярьсан ч хойшилсоор байгаад өнгөрсөн долдугаар сард ажлаа эхлүүлсэн. Иргэд газраа чөлөөлж өгөхгүй, зам барихыг эсэргүүцээд байсан юм” гэж ярьсан. Ногоон байгууламж байгуулах, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам хоолой суурилуулах зэрэг улирлаас хамаарахгүй ажлаа арванхоёрдугаар сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй гэнэ. Гэхдээ борооны ус зайлуулах шугам хоолой суурилуулах ажил нь товлосон хугацаанд амжихгүй аж. Учир нь шугам сүлжээний ажил хийхийн тулд 2.5-3 метр гүн нүх ухах шаардлагатай. Ингэж гүн ухахаар хөрснөөс ус ундраад ажлыг нь хийлгэхгүй байгаа гэнэ. Борооны ус зайлуулах шугам сүлжээг суурилуулж амжаагүй шалтгаанаа гүйцэтгэгч компанийнхан мөн л “Газраа чөлөөлөөгүй иргэдийн буруу” гэж тайлбарлалаа.

Хөрсний усанд автсан айлын хашаа

Иргэдийн ярьснаар оршин суугчид үнэндээ зам тавихыг эсэргүүцээгүй аж. Хөрсний ус ундарч тогтоод, орц, гарцыг хаах болсон нь тав тух алдагдуулж буй учраас иргэд бухимдсан бололтой. Оршин суугч Э.Хишигсүрэн “Уг нь үерийн ч бай, хөрсний ч бай ус урсах шугам сүлжээг зам тавихаасаа өмнө суурилуулах ёстой. Зам тавихаас өмнө манай хашаанд ус тогтдоггүй байсан” гэлээ. Тэдний хамар хашаан дахь байшингийн ёроолд тунасан ус хөрсөнд шингэж амжилгүй хөлдсөн бололтой харагдав. Тооцоо, судалгаа муу хийснээс болж хөрсний уснаас гадна автомашинтайгаа хашаа руугаа орох боломжгүй зэрэг асуудал үүссэн гэнэ.

Үүнд ямар арга хэмжээ авсан талаар зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Геодези, усны барилга байгууламж хариуцсан газрынхан өнгөрсөн долдугаар сарын дундуур хөрсний ус соруулах арга хэмжээ авсан. Нийслэлийн хэмжээнд хөрсний ус ундардаг газар олон бий. Энэ жил нэг газраас ундарсан бол дараа жил бас өөр газраас гардаг юм билээ. Тэгэхээр ирэх жилээс иргэдэд хүндрэл учрахгүй. Дарь-Эх, Хайлаастыг холбосон замын хөдөлгөөнийг нээвэл олон хүнд ашигтай шүү дээ” гэв. Уг нь дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээвэл Хайлаастаас Монел руу хүрэх замыг бараг гурав дахин ойртуулаад зогсохгүй тухайн орчмын замын хөдөлгөөний ачааллыг 30 хувиар бууруулах аж.

Харин тэнд амьдардаг хүмүүс ирэх жил дахиад усанд автахаас эмээж буйгаа илэрхийлсэн. Тиймээс зам доогуур хөрсний ус зайлуулах шугам суурилуулах шаардлагатайг санууллаа. Уг нь шийдвэр гаргагч, гүйцэтгэгч компанийнхан дээрх ажлыг зураг төсөлдөө багтаасан бол иргэд ийн бухимдахгүй байлаа. Дунд гол дагасан учраас дээрх байршлын хөрс усны ундаргатайг мэргэжлийн бус хүн ч хараад мэдэх боломжтойг Геодези, усны барилга байгууламжийн газрынхан хэлсэн. Харин зураг төсөл баталсан, түүнийг нь гүйцэтгэсэн хүмүүс үүнийг анзаараагүй бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)