Эрх мэдлийн засаглал ноёрхсон УИХ

-Томилгоо бүрийн цаана нуугддаг ашиг сонирхол хэтэрлээ-

УИХ-аас томилдог албан тушаалтан бүрийн цаана улстөрчдийн ашиг сонирхол нуугддаг болоод удав. Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулсан ч одоо хүртэл орны хүнийг нь томилоогүй. Мөн Ерөнхийлөгчийн санал болгосон АТГ-ын даргын томилгоог УИХ хэлэлцэлгүй хойшлуулж буйн цаана мөнөөх л улстөрчдийн зөвшилцөл нэртэй ашиг сонирхол нуугдсаар байна. УИХ-ын дэгийн тухай болон холбогдох бусад хуулиар УИХ Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авснаас хойш долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой. Гэвч өнөөдөр хуулийн энэ хугацаа тав хоногоор хэтэрчихлээ. Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын даргын томилгоог Байнгын хороогоор хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн даргын тайлбарласнаар “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй” гэсэн шалтгаанаар хойшлуулсан гэнэ. Харин энэ долоо хоногт хэлэлцэх болов уу. Өрнөж буй үйл явдлаас ажиглахад УИХ дахь АН-ын бүлгийнхэн АТГ-ын даргыг сонгуулийн өмнө томилохоос жийрхэцгээж буй бололтой. Учир нь өнгөрсөн хугацаанд АН-д өрнөсөн цусгүй дайны гол талбар нь АТГ байсан. Тиймээс энэ газрын дарга хэн байхаас хамаарч тус нам доторх бүлэглэлүүдийн ялалтын туг хэнд нь шилжихийг уг томилгоо шийдэх болоод байгаа юм. Тэр тусмаа Ерөнхийлөгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргыг УИХ-д санал болгосон нь УИХ дахь ашиг сонирхлын зөрчилтэй зарим гишүүнийг З.Энхболд гэх эрх мэдэлтний нөлөөн дор эрх ашгаараа нэгдэхэд хүргэсэн гэх мэдээлэл байна.

Сонгууль дөхсөн энэ үед нэр усыг нь дурдаж “улстөржөөд” яах вэ. АТГ-т шалгагдаж байгаа нэр бүхий фракцын толгойлогчид гэхээр уншигчид маань надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Саарал ордны мэдээллээс үзэхэд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга нар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчөөс бус, УИХ-аас нэрийг нь дэвшүүлж томилдог болгох хуулийн төслийг өргөн барих гэж буй. Тэд ч энэ талаараа албан ёсоор мэдээлсэн билээ.

Энэ бүхэн “Тавантолгой”-г гацаасан З.Энхболд ба түүний нөхдийн өмнөх сценари нь АТГ-ын даргын томилгоон дээр давтагдаж, сонгууль дуустал үргэлжлэх вий гэсэн болгоомжлол төрүүлээд байна. Гэхдээ энэ бол тэдний эхний хувилбар биш. Үүнээс өмнө тэд Ерөнхийлөгчтэй тохиролцон, түүний нэр дэвшүүлсэн хүн өөрсдийг нь оролдохгүй гэсэн баталгаа гаргасан тохиолдолд дэмжих зэргээр янз бүрийн шантааж, шаардлага тавихыг оролдож буй гэсэн мэдээлэл бий.

Төрийн ажилд хувийн явцуу ашиг сонирхлоор хандан, ичиж зовохгүй наймаалцаж, тохиролцох болсон нь энэ УИХ, түүний гишүүдийг үнэхээр ёс зүйгүй, муухай харагдуулж байна. Энэ тохиролцоо үргэлжилсээр байвал Монголд төр засаг, тангараг өргөсөн төрийн албан хаагч ажиллах ч хэрэг алга. АТГ, ЦЕГ, ТЕГ, бас Үндсэн хуулийн цэц зэрэг хууль, хүчний байгууллагын даргаар шударга, ёс зүйтэй ямар ч хүнийг томилоод ч улстөрчид ажлыг нь хийлгэхгүй нь тодорхой болж байна. Цаашид УИХ томилгоо бүрт нөлөөлөхийг оролдож, гацааж, зогсоосоор байвал Монголын төрийн нэгдмэл байдал алдагдаж, улс оронд эзэнгүй төрийн эмгэнэл нүүрлэх нь ээ.

Харамсалтай нь Ерөнхийлөгчийн авлигачдын эсрэг хатуу байр суурь хэвээр байгаа нь тэднийг ийнхүү дээрх хуулийн төслийг яаран санаачилж, АТГ-ын даргыг УИХ нэг хэсэгтээ “өмчлөх” эцсийн оролдлогоо хийхээс өөр аргагүйд хүргээд байгаа бололтой. З.Энхболд зуумхай, санасандаа хүрэхийн төлөө юу ч хийж чаддагийг ТӨХ-ны даргаас эхлээд УИХ-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалыг хаших бүх шатандаа харуулсан. Түүнтэй тэрсэлдсэнээс тэнгэртэй тэрсэлдсэн нь дээр гэж ярьдаг хэдий ч З.Энхболд гэх энэ хүн одоохондоо УИХ-ыг л даргалж буй болохоос биш, Монголын хэмжээгүй эрхт хаан биш. Өмнө нь Ерөнхий сайдынхаа олон улсын хэмжээнд яригдаж хэлэлцсэн асуудлуудад УИХ, АН-ын даргын эрх мэдлээрээ далайлган шууд оролцож, гадаад, дотоодынхны өмнө хэн ч биш болгож байсан удаатай. Энэ удаад тэр мөн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрхэнд халдаж, хязгаарлахыг оролдож, Монгол Улсаас олон улсын өмнө хүлээсэн авлигын эсрэг тэмцлийг явцуу эрх ашгийнхаа үүднээс саармагжуулахыг санаархаж буй нь АТГ-ын даргын томилгоог тойрсон энэ өдрүүдийн үйл явдлаас харагдаж байна.

АТГ бол дарга нь байх, эсэхээс үл шалтгаалан хэнээс ч, юунаас ч хараат бус, бие даан ажиллах учиртай төрийн тусгай байгууллага. Тийм ч учраас Монголын бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу тус газрын даргыг сонгон нэр дэвшүүлж, ард түмний төлөөлөл-УИХ-ын 76 гишүүн хэлэлцэж томилон, хараат бус, бие даасан байдлыг нь хуулиар хамгаалдаг. Гэтэл УИХ, Үндсэн хууль болон бусад хуулиар зааглан ялгаж өгсөн эрх, үүргээ умартан, улс төрийн ашиг сонирхлоор бусад институцийнхээ эрхэнд халдаж буй нь Монголд хуулийн биш, эрх мэдлийн засаглал тогтоох далд санаархлын илрэл биш биз гэх хардлага эрхгүй төрүүлж байна.

Ц.Элбэгдоржийн хувьд АН-аас нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон, тус намаас гаралтай, нэгэн цагт удирдаж явсан нэгэн. Гэвч тэр одоо хууль ёсоор намын гишүүнчлэлээс татгалзан, улс орны эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд нам, улс төрөөс ангид, бие даасан бодлогыг тууштай баримтлах болсон. Ялангуяа авлигын эсрэг тэмцэлд улстөрчдийг хүний, өөрийн гэж үл ялгах хатуу байр суурь баримталж буй нь эрх баригчдын “эрх ашигтай” ноцтой зөрчилдөж эхэлсэн гэдэг юм билээ. Тиймээс Ерөнхийлөгч АТГ-ын даргад хэнийг нэр дэвшүүлж, хэнийг дэмжих нь УИХ-ын зарим гишүүний хувьд сонгуулиас ч илүү анхаарал татсан асуудал болоод байгаа нь энэ.

Ер нь АТГ-ын даргын албан тушаал бол хэн хүний хүсээд байдаг, бас хүссэн бүхний хийж чаддаг амар ажил биш. Тэр тусмаа хэлмэгдүүлэлт, хийрхэл, хардлага нь хэрээс хэтэртэл улстөржсөн манай одоогийн нөхцөлд нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчдөө ч, нэр дэвшсэн тухайн хүндээ ч халгаатай энэ албан тушаалд хуулийн үндсэн шалгуур шаардлагаас гадна хувь хүний ноён нуруу, зангараг, жудаг, ёс зүй зэрэг олон хүчин зүйлийг орхилгүй шигшин сонгосон байж таарна.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн өмнө шударга ажиллахаа амлан, тангараг өргөдөг төрийн тусгай алба, түүний даргын томилгоог сонгуулийн өмнө ийнхүү гацаан удаашруулж, цаг хожих нь хэнд ашигтай байна вэ?

Үүнийг УИХ-ын хэсэг бүлэг гишүүний хувийн ашиг сонирхлоос үүдсэн наймаа тохиролцоотой холбоотой гэж үзэж болох юм. Ялангуяа хууль, хүчний байгууллагынхан сүүлийн жилүүдэд улстөрчид болон УИХ-ын гишүүдтэй холбоотой хэдэн сая ам.долларын, томоохон хэргүүдийг олноор илрүүлэн шалгаж эхэлсэн. Үүнээс болж ЦЕГ, ТЕГ, АТГ-ын дарга нарыг огцруулах, эрх мэдлээрээ далайлган дарамтлах оролдлого УИХ-ын гишүүдийн зүгээс хэдэнтээ гарсан. “Баянгол”-ын хэргээс болж ЦЕГ-ын даргыг огцруулах шаардлагыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тавьж, үүнийг нь Хууль зүйн сайд нь Ерөнхий сайдынхаа эзгүйд Засгийн газрын хуралдаанаар оруулж байсан нь үүний нэг жишээ. Төрийн ажилд хувийн явцуу ашиг сонирхлоор хандан, ичиж зовохгүй наймаалцаж, тохиролцох болсон нь энэ УИХ, түүний гишүүдийг үнэхээр ёс зүйгүй, муухай харагдуулж байна. Энэ тохиролцоо үргэлжилсээр байвал Монголд төр засаг, тангараг өргөсөн төрийн албан хаагч ажиллах ч хэрэг алга. АТГ, ЦЕГ, ТЕГ, бас Үндсэн хуулийн цэц зэрэг хууль, хүчний байгууллагын даргаар шударга, ёс зүйтэй ямар ч хүнийг томилоод ч улстөрчид ажлыг нь хийлгэхгүй нь тодорхой болж байна. Цаашид УИХ томилгоо бүрт нөлөөлөхийг оролдож, гацааж, зогсоосоор байвал Монголын төрийн нэгдмэл байдал алдагдаж, улс оронд эзэнгүй төрийн эмгэнэл нүүрлэх нь ээ. Хэдхэн хоногийн дараа сонгууль болно. Эрээ цээргүй, ичих булчирхайгүй УИХ-ын гишүүдтэй ард түмэн хариуцлага тооцно. Харин тэр хүртэл үлдэж буй хэдхэн хоногт эрх мэдэлдээ ташуурсан эрх баригчид улс орныг минь үүнээс бүү дордуулчихаасай. Ялангуяа УИХ хууль хүчний байгууллагын хараат бус, бие даасан байдалд “даргаар” нь дамжин нөлөөлөхийг оролдох тохиолдол энэ мэтээр олширч буй үед ядаж Ерөнхийлөгч маань байр сууриа хатуу хамгаалж, төрийн нурууг төвшитгөнө гэдэгт л итгэж, хүлээхээс өөр гарц ард түмэнд үлдсэнгүй.

Төр түвшин, түмэн олон амгалан байх нь монголчууд бидэнд юу юунаас илүү чухал болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)