Эрхээ сэргээлгэсэн шүүгч нар ажилдаа орлоо

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарыг шалгасан ч долоод нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал илрээгүйг АТГ-ын дарга албан ёсоор мэдэгджээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ сарын 10-нд өргөн мэдүүлсэн. Учир нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.3 дахь хэсэгт "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ” гэж заажээ. 

Энэ дагуу Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Б.Нармандах, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг Ерөнхийлөгч ажилд нь эргүүлэн томилов. Улмаар шүүгч нар өчигдрөөс ажилдаа орлоо. Ингэснээр өнгөрсөн зургадугаар сараас хойш үйл ажиллагаа нь зогсонги байсан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим таван шүүгчтэй болж, ирсэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэх боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд 1300 гаруй иргэний хэрэг овоороод байна. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хурлаар энэ сарын 23-нд 17 хэргийг хянан хэлэлцэх тов гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)