"Эрхэм сайд та Таван толгойгоос сонгуулийн мөнгөө босгох гэж байна уу?"

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ тус компанид болж буй асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазарын "Эрдэнэс таван толгой" компанид явуулж буй бодлогыг эрс шүүмжилж, Ерөнхий сайдад У.Хүрэлсүхэд ил захидал хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

С.Эрдэнэ: 2015 онд "Эрдэнэс таван толгой компани"-д үүссэн нөхцөл байдал өнөөдөр дахин давтагдлаа. Засгийн газрын 296 дугаар тогтоолоор "Эрдэнэс таван толгой" компанийн Цанхийн зүүн уурхайн тодорхой хэсгийг төрийн өмчийн мэдлийн хувьцааны 30 хувиар олон улсын зах зээлд хөрөнгө босгох, 1072 хувьцааны монголчуудад оногдох эсэхийг судлах шийдвэр гарсан. Харин сүүлийн үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тогтоолын агуулгыг мушгин гуйвуулж, ажилчин болон компанийн эсрэг бодлого явуулж байгаа гэж бид харж байна. 

“Эрдэнэс Майнинг” гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж байна. Д.Сумъяабазар сайд манай компанийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий оролцож байна.

Угтаа хуулиндаа бол компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөх тохиолдолд 45 хоногийн дотор ажилчдад танилцуулсан байх ёстой. Монгол Улсын бодлогыг хэрэгжүүлэх ёстой сайд хүн компанийн дотоод ажлыг шууд удирддаг боллоо. Тэр хүн Тавантолгойгоос ирэх жилийн сонгуулийн мөнгөө босгох гэж байна гэж бид үзэж байна. Иймд УУХҮ-ийн сайдыг огцруулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьж байна.

Манай компани 2015 онд өр зээлэндээ баригдсан байсан. Тухайн үед ажилчид бид нийтээрээ тэмцэж, уг компанийг хохиролгүй авч үлдсэн. Үр дүнд нь "Эрдэнэс таван толгой" компани 2017 оны шилдэг уул уурхайн аж ахуй нэгж болсон. Тухайн үед манай байгууллага 801 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)