Эрхэм гишүүдийг ажлыг нь хийлгэхийн тулд ард түмэн халаасаа "ухах" ёстой юу

УИХ-ын намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 2-нд завсарласан. Ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэж батлах ёстой хууль, тогтоолын төслүүдийнхээ нэлээд хэсгийг нь баталж амжаагүй. Энэ нь ердөө л эрхэм гишүүдийн маань попролтой холбоотой. Өөрсдийгөө ард түмний төлөөлөл хэмээн цагаан хоолойгоор зарлан тунхаглах тэд ард иргэдийг ашиглан Төв талбай дээр хоёр дахь удаагаа жагсаал зохион байгуулсан. Үүнийхээ дараа УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж, чуулганыг 8-9 удаа хойшлуулсан. Үүний үр дүнд өнөөдөр ээлжит бус чуулган зарлаж, төсвийг нь татвар төлөгчдийн халааснаас аваад сууж байна.

Гэхдээ парламентын ирцийн асуудал саяхнаас хөндөгдөж эхэлсэн зүйл биш юм. УИХ-ын чуулганы хуралдааны ирцээс гадна хуралдаанаас хоцордог, бусад гишүүний өмнөөс кноп дардаг, эсвэл туслахаа суулгаад ирцээ бүртгүүлдэг, картаа уншуулсан ч хуралдаандаа суудаггүй, хүндэтгэн үзэх шалтгаан нь баттай эсэх зэрэг гишүүдэд хүлээлгэх хариуцлага нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ гишүүдийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг долоон удаа оруулсан ч эл байдлыг өөрчилж чадаагүй байна. Сонгогдсон парламент бүр өөрсдөдөө тааруулж уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг байсан нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн гэдгийг эрхэм гишүүд өөрсдөө ч шүүмжилдэг.

Тэгвэл уг гишүүдийн ажлыг нь хийлгэхэд нь ард түмэн, татвар төлөгчид “туслах” үүднээс 600 сая төгрөгийг халааснаасаа гаргах болчихоод байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийсэн юм. Хуулийн төслийн үзэл баримтлалд чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол гишүүнээс эгүүлэн татах, ирц бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, санал өгөхөд хурууны хээгээр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах зэрэг зохицуулалтыг оруулсан байна. Харин энэхүү зохицуулалтын төсөв нь 600 сая төгрөг. 6 ч биш, 60 ч биш, бүр 600 сая шүү дээ. Хамгийн бага үнээр шийдэж байгаа нь л энэ гэнэ. Үүнээс асуулт гаргаж ирье. Яагаад заавал хурууны хээ бүртгэх системийг улсын төсөвт суулгаж өгөх ёстой гэж. Яагаад тэдний ажлыг хийлгэж, хууль батлуулахын тулд ард түмэн "төлбөр" төлөх ёстой гэж. Тэд үүнийхээ төлөө л цалин авдаг шүү дээ.

Энэхүү үйлдэл нь цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдээс ч дор санагдана. Тэд ядаж л ээж аав, эмээ өвөөгөөсөө уйлан зууран байж өглөө бүр цэцэрлэгтээ ирдэг шүү дээ. Гэтэл “нялхарсан” гишүүдийг ажлыг нь хийлгэхийн тулд гарнаас нь хөтлөн барин авч ирэх шаардлага бидэнд тун удахгүй ирэх янзтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)