Эртний гүнжүүдийн “нууц”

Оросын Кемеров бүс нутгийн Тисуль дүүргийн Ржавчик тосгоны нутаг дэвсгэрээс 1969 онд гайхмаар, оньсого шиг нэгэн олдвор илрүүлсэн гэх. Тисулийн гүнж, нойрсож буй гоо бүсгүй хэмээн нэрлэдэг, тийм ч олон хүн олж үзээгүй ч сураг ажиг төдийхөн нь л олны анхаарлыг татсан тэр олдвор өдгөө хаана хадгалагддаг нь тодорхой бусаас гадна энэ талаарх албан ёсны мэдээлэл ч байдаггүй аж. 

1993 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Укок буюу Монголын хилийн ойролцоох тэгш, өндөрлөг газраас Алтайн гүнж хэмээн нэрлэсэн, биедээ шивээстэй, залуу эмэгтэйн занданшуулсан шарил илрүүлснээс хойш Ржавчик тосгоны олдворын талаар цахим ертөнцөд илүүтэй шуугьж, янз бүрээр мэдээлэх болжээ. Эдгээр “бүсгүйг” ямар нэгэн учгаар холбоотой гэж үзэж, үзэл бодлоо илэрхийлсэн нь ч цөөнгүй байх юм.

1969 онд олсон гэх гантиг авсанд европ төрхтэй, залуу эмэгтэйн занданшуулсан шарил байсныг судалсан эрдэмтдэд эл олдвор 800-600 сая жилийн тэртээх буюу үлэг гүрвэл үүсэхээс өмнөх үеийнх болохыг тогтоосон гэнэ. ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ)-ны хурандаа эл олдворын тухай ярьсныг нэгэн сэтгүүлчийн сийрүүлснээс товчлон хүргэе.

НҮҮРСЭН ДУНДАХ ШАРИЛ

1969 оны есдүгээр сарын эхээр Ржавчик тосгоны уурхайн 70 метр гүнээс нүүрс олборлож байсан комбайн нэлээд том зүйлд тээглэжээ. Тэр нь барагцаагаар 2.5 метр урт, гантиг чулуун авс байсан нь уурхайчдыг (авсыг анх олсон гэх уурхайчин Карнаухов хожим мотоциклтой явж байгаад КрАЗ-ын дугуйн доор орж, осолдсоны улмаас олон жил хэвтэрт байжээ) гайхашруулав. Энэ талаар Москва руу мэдээлж, албаныхан болон КГБ-гийн тусгай ажилтнууд тухайн уурхайд очжээ.

Эртний гүнжүүдийн “нууц”

Тосгоны дарга А.А.Масалыгинаар (1980 онд ходоодны хорт хавдраар нас барсан) удирдуулсан багийнхан уурхайгаас олдворыг гаргасны дараа авсны дээд хэсгийн шаваас шиг зүйл нарны нөлөөгөөр уярч, зөөлрөн, урссан. Тэр зүйлд хуруугаа хүргэж, амссан саваагүй нэг нөхөр долоо хоногийн дараа ухаан нь самуурч, галзуурсан бөгөөд хэдэн сарын дараа гэрийнхээ гадаа хөлдөж үхсэн гэдэг.

Дөрвөн буланг нь цэнхэр туяатай ягаан шингэн зүйлээр бэхжүүлсэн авсанд 180 см орчим өндөр, ер бусын үзэсгэлэнтэй, 25-30 настай эмэгтэйн шарил байсан. Том нүд, цагаан царайтай тэр бүсгүй яг л унтаж буй мэт харагдсан. Цагаан, тунгалаг материалан даашинз нь богино ханцуйтай, уртаараа өвдгийг нь далдалжээ. Толгой хэсэгт нь нэг талдаа дугуйрсан, хар өнгөтэй, 25х10-ын хэмжээтэй, төмөр хайрцаг шиг (орчин цагийн гар утастай төстэй) зүйл байв.

Авсыг нээхэд эрдэмтэн, судлаач, цэрэг, гал сөнөөгч, цагдаа, аюулаас хамгаалахын ажилтан гээд олон нийтийн төлөөллийг байлцуулсан. Үүний дараахан үдээс хойш тухайн газарт тоосгон өнгөтэй вертолёт (нисдэг тэрэг) буулаа. Түүгээр ирсэн, жигтэйхэн боловсон хувцасласан, албаны нөхөр “Авсан дахь “нөхрөөс” ямар нэгэн халдвар тархах аюултай тул бүгд холд” гэж тушаав. Ингээд олдвор байгаа хэсэг рүү хэнийг ч үл нэвтрүүлэн, хамгаалалтад авсан. Тэр ч бүү хэл, авсанд ойртсон, тэр хавиар явсан хүмүүсийг эмчийн үзлэгт оруулж, шинжилгээ авсан. 

Удалгүй нойрсож буй гоо бүсгүйг нисдэг тэргээр авч явахад хэтэрхий хүнд гээд жинг нь багасгах арга чарга хайлаа. Ингээд авсан дахь шингэнийг юүлж эхлэхэд шарилын өнгө хувирч, харлаж байсан. Тиймээс эргүүлээд шингэнийг хийхэд “бүсгүйн” өнгө хэвэндээ орж, хацар нь ягаарах шиг болсон. Нисдэг тэргээр ирсэн хүмүүс олдворыг ачиж, явахдаа нөгөөх урссан шаваасыг нь уутанд авсан. Тэд Новосибирск рүү явсан байна. Үүнээс тав хоногийн дараа тэндээс Ржавчикт ирсэн настай профессор тосгоныхонд лекц уншиж, авсан шинжилгээний хариуг танилцуулав. 

Тэрбээр эл олдвор түүхийг өөрчлөх агуу нээлт хэмээгээд, Зөвлөлтийн эрдэмтэд удахгүй энэ судалгааныхаа талаар дэлхийд танилцуулан шинжлэх ухааны тэсрэлт хийнэ гэсэн. Нөгөөх шаваасны найрлагад сонгино, сармис орсон гэхээс илүүтэй тоймтой зүйл яриагүй. Төмөр хайрцагны тухай бол юу ч дурсаагүй. Түүнийг явснаас хоёр хоногийн дараа Тисуль дүүргийн сонинд Ржавчик тосгоноос археологийн чухал олдвор илрүүлсэн нь хүн төрөлхтний түүхэнд нэн ач холбогдолтой гэсэн утга бүхий жижиг мэдээ гарлаа. 

Тун удалгүй Тисуль дүүргийг цэргийнхэн бүслэн, хамгаалж, сэргийлэгчид холхин, авс олдсон газрын ойролцоо бөөн эрэл хайгуул болов. Олдворыг гаргахад оролцсон хүмүүсийн нэг нь Коммунист намын төв хороонд захидал илгээсэн юм билээ. Түүнээс хойш жилийн дараа зүрхний шигдээс болсон тэр хүний араас тухайн газарт ажиллаж байсан таван хүн автын ослоор гэх мэтээр цувран нөгөө ертөнцөд очих нь тэр. Тиймээс “хараал” хүрэхгүйн тулд бусад нь ам нээхээ больсноор Тисулийн гүнж “мартагдаж” эхэлсэн. Ингэж байгаад гантиг авс олдсон газраас холгүйхэн Берчикуль нуураас зургаан км зайд 1973 онд өргөн хүрээтэй малтлага хийсэн юм.

ҮНЭНИЙ ЭРЭЛД

Эл явдлаас хойш 38 жилийн дараа буюу 2007 онд “Сибдепо” сонины сурвалжлагч Роман Янченко 800 сая настай “эмэгтэйн” эрэлд гарч, “хэргийн” газарт очиж, Татьяна Павловна Карнаухова (уурхайчны эхнэр)-тай уулзжээ. Нөхөр нь автын ослоос хойш таван жилийн дараа нас барсан гэнэ. Түүнийг уухайчин байсныг тосгоны ахмад багш Г.Ребрикова баталсан аж. 

Домог шиг гайхалтай олдворыг “нууж” байсан уурхайг 1973 онд хаасан бөгөөд өдгөө хаанаас нь ч харсан жирийн л ой мод болсон гэнэ. Сэтгүүлч эр Ржавчик тосгоны Н.М. Гарманов хэмээх хүнтэй уулзжээ. Тэрбээр тосгоны хамгийн настай нь, бас гантиг авсыг гаргасан хүмүүсээс амьд үлдсэн ганц гэрч нь. Тухайн үед экскаваторын машинчаар ажиллаж байсан гэх мань хүн харин шал өөр зүйл ярьжээ. Түүний хэлснээр, Масалыгин машинч, Карнаухов дархан байсан бөгөөд ямар нэгэн авс уурхайгаас олдож байгаагүй. Ингээд сэтгүүлчийн эрэл мухарджээ.

Ийм олдвор байгаагүй, байх ч учиргүй гэдгийг шинжлэх ухаанчаар, бүр тодруубал, газрын үе, давхрагууд хэзээ, хэрхэн үссэнийг тайлбарлаад, тэр дотор авс “орох” боломжгүй гэж эрдэмтэд бичсэн байна. Зөвлөлт Засгийн үед хэвлэлд худал зүйл бичдэггүй, бичвэл намын даалгавар л байсан. Бусад тохиолдолд хэн ч, хэзээ ч худал хуурмаг зүйл бичих эрхгүй байсныг ч тэд сануулжээ. Андроповын тушаалаар авсыг Москва руу авч явсан гэж барим тавим ярьж байгаа нь ч худал гэж.

Тэгвэл иргэдийн дунд ийм яриа яагаад тархав. Хэрэв зориудаар, намын даалгавраар ийм үлгэр зохиосон бол “Яах гэж” гэсэн асуулт гарна.

Дэлхийн хэмжээнд хамгийн эртнийхэд тооцогдох, хүний түүхтэй холбоотой олдворыг 1856 онд АНУ-ын Иллинойс мужийн нүүрсний нэгэн уурхайн 30 метр гүнээс илрүүлжээ. Орчин цагийн хүний өвөг болох нэгэн төрлийн хүний араг ясыг судлаад 55-33 сая жилийн тэртээх, харин чулуун нүүрсний үе давхрагын нас нь 320 сая жил гэж тогтоожээ. Тэгэхээр нойрсож буй гоо бүсгүйг хүйтэн дайны үед Зөвлөлтийн удирдлага “эх барьсан” байх магадлалтай юм байна.

ХУДЛАА БИШ, ҮНЭН ГАЙХАМШИГ

Дээр өгүүлсэн Тисулийн гүнжийн олдвор нь зохиомол түүх юм бол 1993 онд илрүүлсэн залуу эмэгтэйн занданшуулсан шарил жинхэнэ гайхамшиг.

ОХУ-ын Алтайн хязгаарын оршин суугчид Алтайн гүнжийг хүн ёсоор оршуулахыг хүсэж буйгаа Ерөнхийлөгч В.Путинд захидлаар илэрхийлж байлаа. Эс бөгөөс байгалийн гамшиг нүүрлэнэ гэж учирласан байдаг. 2014 онд 22 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулахад хүргэсэн тэр “гүнж” ямар учиртай вэ?

1993 онд Алтайн Бүгд Найрамдах Улсын Укок хэмээх газраас илрүүлэн Укока гүнж гэж нэрлэсэн, 2500 жилийн тэртээхтэй холбогдох эмэгтэйн шарилыг 20 жилийн турш Новосибирийн Археологи, угсаатны зүйн музейд хадгалж, судалж байгаад 2012 онд Алтайн Анохины нэрэмжит музейд шилжүүлжээ. 

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор Н.В.Полосьмакийн мэдээлснээр, мөнх цэвдэгт маш сайн хадгалагдсан уг шарилын биеийн нэлээд хэсэг битүү шивээстэй. Булшнаас 25 орчим настай эмэгтэйн шарилаас гадна эмээл, хазаартай зургаан морь, хүрэл хадаасаар хадсан модон хударга зэрэг эд зүйл гарчээ. Энэ бүхэн нь эл хүн язгуутан гаралтайн илэрхийлэл.

III-VI зууны үеийн Алтайн пазырыкийн соёлтой холбогдох уг шарилын хөлийг атируулан, хажуугаар нь хэвтүүлсэн байжээ. Мөн эсгий оймс, арьсан дээлтэй, хиймэл үстэй байсан нь сонирхолтой. Оросын эрдэмтэд 2010 онд Алтайн гүнжийг MRI төхөөрөмжөөр судлаад ямар нэгэн шарх, гавал, ясны бэртэлгүй гэсэн. Тэгэхээр чухам юу түүнийг үхэлд хүргэснийг тайлаагүй юм байна. Мөн түүний хоёр шуун дээрх шивээсийн учрыг олоогүй аж.

Укок бол монгол Алтайн уулсын нэг хэсэг учраас эл олдвор монголчуудтай холбоотой гэж манай зарим судлаач үздэг.

Ташрамд өгүүлэхэд, судлаач Д.Ганхуягийн тайлбарласнаар, укок гэдэг нь монголоор үхэг гэсэн үг аж. Монголчууд нүүдэл хийхдээ нялх хүүхдээ хийдэг байсан авдрыг ийн нэрлэдэг байна. Түүнчлэн тогоо, шанаганы шүүгээг ч үхэг гэнэ. Таван богдын оргилын Монгол, Хятад, Казахстан, Оросын хил залгаа уулсын өндөрлөгийг нийтэд нь Үхэг гэж нэрлэдэг байна. Энэ үг явсаар оросоор укок болсон гэж тэрбээр тайлбарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)