Эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг хамгаалалтад авна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх тухай А/441 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд 2016 онд хараа хяналтгүй явдаг, гуйлга гуйдаг, хүчирхийлэлд өртсөн болон орхигдож хаягдсан хүүхдийг түр хамгаалах шуурхай үйлчилгээ, хүнд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх өдрийн үйлчилгээний зардлыг батлав.

Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 36 сая 479 мянган төгрөгийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулж хянан, санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хүүхдийн шуурхай хамгаалал, хөгжлийн үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)