Эрдэс бүтээгдэхүүн бус, эрдэмтэй хүн хөгжлийн тулгуур

Мөнгийг хэрэглэдэг, “хэвлэдэг” цорын ганц амьтан бол хүн. Мөнгө “үйлдвэрлэл”-ийн хэмжээг өсгөхөд хувь хүний амьдралын туршид хуримтлуулж буй мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд чухал нөлөөтэй буюу хүмүүн капиталууд (Human capital буюу хүн хөрөнгө) нь хэр өндөр үнэтэй байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, тухайн улс үндэстэн элбэг хангалуун, эрүүл саруул аж төрөхөд төрийн бодлого шийдвэр, аж үйлдвэржилтийн түвшин, эрдэс баялгийн нөөцөөс илүүтэйгээр хувь хүний ур чадвар, мэргэжил, бүтээмж, эрүүл мэнд голлох байр суурьтайг Дэлхийн болон бусад томоохон банк, олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагуудын тайланд дурдсаар байна.

Тиймээс ч улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, зээл тусламж олгохдоо хүнд хөрөнгө оруулахыг эрмэлзэн, иргэдийн эрүүл мэнд, боловсролыг сайжруулахад түлхүү анхаарахыг зорьж буй. Мөн сүүлийн үед эрүүл мэндийн эдийн засгийг хөгжүүлэх буюу бие, сэтгэлийн хувьд эрүүл, боловсролтой иргэдийг бий болгох нь хөгжилд шууд хамааралтай, улс орнууд хурдацтай хөгжин, техник, технологийн ололт, дэвшлийг нэвтрүүлэхэд хүний хүчин зүйл онцлох нөлөөтэйг мэдээлсээр буй. Үүнтэй холбоотойгоор манай улсад хүмүүн капиталын бүтээмж, эрүүл мэндийн эдийн засгийн хөгжлийн түвшин ямар байгааг сонирхлоо.

Дэлхийн банкнаас 174 улсын хүн амын 98 хувийг хамруулан, эрүүл мэнд, боловсролын мэдээллүүдийг нь нэгтгэн хүмүүн капиталд гарсан өөрчлөлтүүд, цар тахлын үед болон дараа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд хөрөнгө оруулах бодлогын баримт бичгийн 2020 оны тайланг танилцуулсан. Үүнд Монгол Улсад өнөөдөр төрсөн хүүхэд бүрэн боловсрол эзэмшин, бие нь эрүүл байвал насанд хүрээд 61 хувийн бүтээмжтэй байх тооцоо гаргажээ. Энэ нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн зарим улсынхаас дээгүүр үзүүлэлт боловч хөгжиж буй, хөгжингүй орнуудын дунджаас харьцангуй бага дүн аж. Учир нь хөгжингүй орнуудын насанд хүрэгчид 90 хувийн бүтээмжтэй ажилладаг бөгөөд эрүүл мэнд, санхүүгийн болон суурь боловсрол, дундаж наслалт өндөр байгаа гэнэ. 

Ийнхүү бүтээмж өндөртэй ажиллахад юуны түрүүнд тухайн хүн эзэмшсэн мэргэжлээрээ олох цалингийн хэмжээ, татварт төлж буй дүн, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан, спортоор хичээллэхэд зарцуулдаг хөрөнгө зэрэг нь нөлөөлдөг байна. Тухайлбал, хөгжингүй улсуудад эмч, шүүгч, хуульч болон нарийн мэргэжилтнүүд нь нэг жилд 200-300 мянган ам.долларын цалин авч, 40 орчим хувийн татвар төлж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд жил бүр хамрагдан, ямар нэгэн спортоор заавал хичээллэдэг гэжээ. Жилийн нийт орлогынхоо 15-20 хувийг биеийн тамираар хичээллэх, хоббигоо хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд зарцуулдаг гэнэ. Түүнчлэн бидний нэрлэж заншсанаар насан туршийн боловсрол олох хөтөлбөр буюу мэдлэгээ ахиулахад хөдөлмөрийн насны хүн ам нь жилийн орлогынхоо 20 хүртэлх хувийг зарцуулж, хуримтлалд 25-30-ыг нь хадгалдаг юм байна.

Түүнчлэн их, дээд сургуулийн багш нар нь нэг цагт 35-50 “ногоон”-ы цалин авч, мөн л 40 орчим хувийн татвар төлдөг аж. Ийнхүү өндөр орлоготой иргэн, татвар сайн төлөгч болохын тулд ерөнхий боловсролын сургуулийн 10-12 жилээс гадна нэмж 10 орчим жил сурч, жилд дунджаар 40 000 ам.долларыг сургалтын төлбөрт төлдөг аж. Ийм улс орнуудын тоонд АНУ, Канад, Франц, Герман, Япон зэргийг багтааж болох нь. Эдгээр улсын хүн амын дундаж наслалт 80-аас дээш бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1-13 их наяд “ногоон” байгаа юм. Харин манай улстай хүн амын тоо ойролцоо, ижил гараанаас үйлдвэржилт, зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлж эхэлсэн гэх Армени, Литва, Гүрж зэрэгт дундаж наслалт 70-75. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ дээрх улсуудынхаас 1000 дахин бага боловч манайхаас хоёр дахин их байна. Манай улсад нарийн мэргэшсэн эмч, багш, хуульч, эрдэм шинжилгээний ажилтнууд нэг жилд таван мянга гаруй ам.долларын цалин авч, татварт 12 орчим хувийг нь төлдөг. 

Мэргэжилтнүүд дахин суралцах буюу зэргээ бараг ахиулдаггүй, насан туршийн боловсролд зарцуулах хөрөнгө нь жилийн орлогынх нь таван хувиас хэтрэхгүй байгааг албан бус судалгааны дүн харуулжээ. Түүнчлэн албан бус секторт 360 000 орчим хүн ажиллан, сард 500 000-600 000 төгрөгийн цалин авч, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгааг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал дурдсан. Түүнчлэн хувийн хэвшлийн 100 гаруй аж ахуйн нэгжийн 800 орчим ажилтны дунд явуулсан албан бус судалгаагаар тэдгээрийн 90 хувь нь дээд боловсролтой, олонх нь эдийн засаг, эрх зүй, түүх зэрэг нийгмийн ухаанаар мэргэшжээ. Сарын орлогынхоо 10-20 хувийг хуримтлуулдаг гэж 15 хувь нь хариулсан бол үлдсэн нь хэрэглээндээ зарцуулаад таардаг гэжээ. 80 хувь нь цалин, лизингийн зээлтэй гэсэн бол спортоор хичээллэх, мэргэжлээ дээшлүүлэх, рашаан сувилалд явах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдахад мөнгө зарцуулдаг гэж 10 хүрэхгүй хувь нь хариулсан байна.

Дэлхий нийтэд хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах хүрээг нэмэх нь өвчлөлийг бууруулж, эмчилгээнд зарцуулах хөрөнгийг багасгах, улмаар эрүүл мэндийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал алхам болохыг онцолсоор буй. Азид эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагддаг хүний тоогоор БНСУ, Япон тэргүүлдэг бол манай улс сүүл мушгидаг юм байна. Энэ хэрээр ч хорт хавдар бусад хүнд өвчнийг гадаадад эмчлүүлэхэд жил бүр хэдэн арван сая ам.доллар зарцуулдаг. Харин урьдчилан сэргийлэх үзлэгт эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдийг хамруулахад 2018 онд давхардсан тоогоор 52 000 хүнд 2.1, 2019 онд 115 000 иргэнд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлсэн. 

Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын байдлаар эрүүл мэндийн даатгал төлөгч иргэний тоо 3.4 сая байгааг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Зүй нь энэ төрлийн даатгал төлөгч иргэд жилд 1-2 удаа зарим төрлийн өвчний эрт илрүүлэгт үнэгүй, сайн дураар хамрагдах эрхтэй юм. Гэтэл сүүлийн хоёр жилд давхардсан тоогоор 160 000 орчим хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан нь 3.4 сая даатгуулагчтай харьцуулахад тун хангалтгүй дүн гэдгийг холбогдох байгууллагынхан нь онцолж байна. Баянгол дүүргийн “Шар дэгд” өрхийн эмнэлгийн эмч Л.Лхагвасүрэн “Сайн дураар эмнэлэгт хандан, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хүний тоо өсөж байгаа ч нийт даатгуулагчийн тоотой харьцуулахад бага хэвээр. Товлолт хугацаанд иргэд үзүүлэх ёстой ч хэд дахин утасдуулаад ирэхгүй, хугацаагаа өнгөрөөх хүн олон. Манай хорооны хамрагдвал зохих иргэний 60 орчим хувь нь сайн дурын үзлэгт хамрагдсан” гэлээ.

ГАДААДЫН БОЛОВСОН ХҮЧИН, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ

Монгол Улс гадаадын чадварлаг мэргэжилтнүүдийг өндөр үнээр хөлслөн, зөвлөх үйлчилгээ авахад их хэмжээний валют зарцуулдаг орны тоонд ордог аж. Тухайлбал, 2018 онд манай улс гадаадын бизнесийн зөвлөх үйлчилгээ, авто зам, барилга зэрэг салбарын нарийн мэргэжилтнүүдийн цалинд нэг тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ нь нүүрснээс олсон гурван ам.доллар тутмын нэгийг мэдлэг, чадвартай гадаад хүнд төлдөг гэсэн үг. Ийнхүү манайх түүхий эдээ экспортолж олсон орлогоо буцаагаад өндөр үнэтэй мэдлэг, ур чадвар, инновац, технологи худалдан авахад зарцуулсаар буйг Төвбанкны мэдээлэлд дурдсан байв.

Үүнээс гадна хувь хүмүүс эдийн засгийн талаарх ойлголт, банкнаас бусад санхүүгийн байгууллагын тухай мэдлэгтэй байх нь улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулдаг гэж үздэг аж. “S&P global“ судалгааны байгууллагаас 2018 онд манай улсын 150 000 орчим иргэнийг хамруулсан судалгаагаар насанд хүрсэн иргэдийн 51 нь санхүүгийн мэдлэгтэй гэжээ. Тодруулбал, нийт иргэдийн 90 орчим хувь нь банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэднэ гэсэн бол 30 хүрэхгүй хувь нь хөрөнгийн биржийн тухай ойлголттой гэсэн байна. Хувьцааны арилжаа, брокерын талаар ердөө 15 хувь нь мэдэж байсан дүн гарчээ. Сүүлийн хоёр жилд хөрөнгийн бирж, хувьцаа, ногдол ашгийн талаарх иргэдийн мэдлэг харьцангуй өссөн ч 20 хувиас хэтрээгүйг мэргэжилтнүүд онцоллоо. 

Харин хөгжингүй болон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 12 000 ам.доллароос дээш орлоготой улсын иргэдийн 70 орчим хувь банкнаас бусад санхүүгийн салбарын талаарх мэдлэгтэй, хөрөнгийн биржийн арилжаанд ямар нэг байдлаар оролцдог, хөрөнгө оруулдаг гэнэ. Нэмж энгийн жишээ дурдахад, гадаад хэлний мэдлэгтэй байх нь хувь хүний орлогыг багадаа 20 хувиар өсгөх боломж бүрдүүлдэг аж. Манай улсад гадаад хэл сурч буй хүмүүсийн тоо таван жилийн өмнөхөөс 40 орчим хувиар өссөн гэх боловч насанд хүрэгчдийн 25 хүрэхгүй хувь нь монголоос өөр хэлээр мэдээлэл чөлөөтэй солилцох, боловсруулах чадвартай аж. Тэгвэл Европын Холбооны болон Хойд Америкийн орнуудын 15-аас дээш настай хүмүүсийн 60 хувь нь хоёр ба түүнээс дээш, БНСУ-ын 15-30 настнуудын 70 хувь нь англи хэл мэддэг гэжээ.

Эдгээрээс харахад манай улс хүн амынхаа эрүүл мэндийг сайжруулж, боловсролын түвшнийг ахиулахад онцгойлон анхаарахгүй бол эдийн засгийн чадамжаа дээшлүүлэхэд бэрхшээлтэй байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн завийг хөдөлгөгч хүч болох эрүүл биетэй, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, мэдлэг, чадвар, боловсрол өндөртэй хувь хүмүүс дутмаг байгаа нь хөгжлийн хурдыг чангааж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)