Эрдэс бүтээгдэхүүнээс 3.6 тэрбум гаруй ам.доллар олжээ

Манай улсын энэ оны эхний есөн сарын экспорт, импортын статистикийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тайлант хугацаанд 5.1 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.8 тэрбумаар багассан дүн болжээ. Экспортын нийт орлогын 70 орчим хувь буюу 3.6 тэрбум “ногоон”-ыг чулуун нүүрс, зэсийн баяжмал, сувд, үнэт ба хагас үнэт чулуу зэрэг эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлсэн байна. Улмаар ийм бүтээгдэхүүний борлуулалтын орлого 2019 оны мөн үеийнхээс 1.3 тэрбумаар багассан үзүүлэлт гарсныг дурдав. Үүнд хилийн хорионы улмаас 2-3 дугаар улиралд нүүрсний экспорт зогсонги байдалд орсон нь түлхүү нөлөөлжээ. Тэгвэл эрдэс бүтээгдэхүүний импортод 729 орчим сая ам.доллар зарцуулсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 400 саяар багассан дүн аж. 1-9 дүгээр сард манай улс нийт импортод 3.9 тэрбум гаруй “ногоон” төлсөн нь экспортын орлогоос 1.2 тэрбумаар бага үзүүлэлт юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)