“Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг сэргээх нь чухал байна”

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хайминийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Син Хаймин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны мэндчилгээг уламжлаад, Засгийн газрын тэргүүнийг БНХАУ-д айлчлахыг урьсныг тэмдэглэв.

Ерөнхий сайд Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, Монгол Улсын шинэ Засгийн газар хоёр талын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц болон нийгмийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай зарим асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Тухайлбал, Хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулах, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг сэргээх нь чухал байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянд өөрийн мэндийг уламжилж, түүний Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашдын чиглэлээ тодорхойлсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)