​“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” техникийн судалгаагаа энэ улиралд дуусгана


Торонто, Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компани алтны “Баян хөндий” ордын NI 43-101 эрдсийн нөөцийн тайланг Канадын SEDAR буюу тайлан бүртгэлийн цахим системд оруулсан талаараа мэдээлэв.

Тус компани нь дээрх болон “Алтан нар” ордод хайгуулын үйл ажиллагаа явуулах “Хөндий” төсөл хэрэгжүүлдэг. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь уг төслийн эдийн засгийн урьдчилсан үндэслэл, тооцоолол болон дээрх хоёр ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасантай холбоотойгоор шаардлагатай техникийн судалгааг энэ улиралд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петер Акерли “Хөндий” төслийг ашиглалтын түвшинд хөгжүүлэхээс гадна шинээр илрүүлсэн алтны дүүрэгт дахин ордууд олох, нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хайгуулын хөтөлбөрөө үргэлжлүүлнэ.

Монгол Улсын баруун өмнөд бүсийн боломжит талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар авах боломжийг судалж байна” хэмээн ярьжээ. Тэд Монголын баруун өмнөд хэсэгт геологийн мэдээллийн хамгийн том хувийн сан бүрдүүлж, хэтийн төлөвтэй 22 талбайг тодорхойлсон бөгөөд үүнд тулгуурлан сонгон шалгаруулалтад оролцохоор төлөвлөж буй гэнэ.

“Хөндий” дүүрэг нь өндөр агуулга бүхий алт, полиметаллын хэд хэдэн хэтийн төлөвт талбайг хамардаг агаад “Баян хөндий”, “Алтан нар” нь хоорондоо 16 км зайтай оршдог аж.

“Хөндий” төслийн нөөцийн тайланд 0.6-0.7 г/т захын агуулгаар тооцвол 2.3 г/т алтны дундаж агуулга бүхий 751 000 унци алтны бодит, 1.8 г/т дундаж агуулгатай 291 000 унци алтны боломжит нөөц тогтоогджээ. 1.4 г/т захын агуулгаар тооцоход 3.7 г/т алтны дундаж агуулга бүхий 642 000, үүнд 5.2 г/т дундаж агуулгатай 357 000 унци бодит нөөц багтаж буй гэнэ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Баян хөндий” төслийн талбайд өрөмдлөгийн судалгаагаар 158 г/т алтны агуулга бүхий 14 метрийн зузаан интервал, үүнээс нэг метр зузаан интервалд 2200 г/т алтны өндөр агуулга илрүүлжээ.

Түүнчлэн “Алтан нар” талбайд 10.3 г/т алтны агуулгатай 20 метрийн зузаан интервал илрүүлсэн гэв. Тус компани Монголын баруун урд бүсэд хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Сонирхуулахад, “Хөндий” төслөөс зүүн зүгт 40 км зайд зэс-молибдений “Зуун мод” орд мөн илрүүлсэн юм.

Ташрамд дурдахад, тус компани үйл ажиллагааны тайлан, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар өчигдөр Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудад танилцуулав. Тэд дотоодын хувьцаа эзэмшигчдэд зориулан өөрийн цахим хуудасны монгол хэлээрх хувилбарыг ашиглалтад оруулснаа энэ үеэр дуулгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)