“Эрдэнэт үйлдвэр”-т дэгдэх их үймээний сураг буюу хуудуугаа нуух “хувьчлал”-ын чимээ

Аливаа зүйлийн үнэн нь сайхан. Үнэн ил болж байж харгүй цагаан болдог. Ингэж хэлэхийн учир нь 2019 оны гуравдугаар сарын 6-наас хойшх “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны талаар олон нийт мэдэх ёстой гэж бид үзэж байгаа юм. Улсын эдийн засгийн саалийн ганц үнээгээ “Онцгой дэглэм” хэмээх “сав”-нд хийж түгжээд бүтэн жил боллоо. “...“Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 936.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэв” гэдэг гялайх мэдээ 2019 оны сүүлчээр гарсан, сайн хэрэг.

Тус үйлдвэр нь 2016 онд 1.3 их наядын борлуулалтын орлоготой, 126.5 тэрбумын алдагдалтай, 2017 онд 1.9 их наядын борлуулалтын орлого, 321 тэрбумын ашигтай, 2018 онд 2.1 их наядын борлуулалтын орлого, 440 тэрбумын ашигтай, 2019 онд 2.0 их наядын борлуулалтын орлого, 517 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Түүнчлэн орон нутгийн төсөвт 2016 онд 183.7, 2017 онд 580, 2018 онд 655 , 2019 онд 962 тэрбум төгрөг төвлөрүүлсэн мэдээлэл бий. Гэвч үүний учир хийгээд “Онцгой дэглэм” гээчийн ард юу болсон, одоо юу болж байна вэ гэдгийг бид мэдэх эрхтэй. Төрийн өмч гэдэг ард түмнийх гэсэн үг. Түүнээс биш хууль гаргаж цоожилсон хэдэн даргын өмчлөл бус юм шүү дээ. Ийм учраас Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид бид “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнгөрсөн нэг жилийг “цоожных нь нүх”-ээр бага ч болтугай харахыг оролдож буй юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн улс төрийн маргааны гол сэдэв болон гарч ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын талаар энд нурших нь илүүц биз ээ. Асуудлыг хэт нэг талаас нь ч болов төр, хэвлэлүүд мэдээлсээр олны тархинд шингээгээд орхисон. Маш товчоор хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшдэг “Ростех”-ийн хувьцааг 2016 оны зургадугаар сард “Монголын зэс корпорац” ХХК худалдаж авсан. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК эзэмших болов. Гэвч Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-нд дээр дурдсан 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг Засгийн газар бүрэн хяналтдаа авсан байдаг. Ингээд тус үйлдвэрт зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Улмаар УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 13-ны 74 дүгээр тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгасан.

Мөн Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн статусыг өөрчилж, Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болгосон билээ. Дүрмийг нь баталж, зохион байгуулалт хийснээр 100 хувь төрийн өмчийн статустай болсон юм. Энэ цаг хугацаа, тогтоол шийдвэрийн огноог нэгбүрчлэн дурдаад байгааг анхаараарай. Учир нь ийм. “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа хуулиараа 2020 оны гуравдугаар сарын 13-нд дуусжээ. Ингээд энэ үйлдвэр үйл ажиллагаагаа урьдын адил нээлттэй хэвээр үргэлжлүүлж эхэлсэн гэсэн үг. Гэвч энэ байдлаар удахгүй болсон байна. Учир нь, онцгой дэглэмийн хугацаанд ээдрээтэй, хариулт нэхсэн олон үйл явдал өрнөжээ. Хуулийн хэллэгээр үйлдэл гэсэн ч болно. Тиймээс энэ байдлаа нуун дарахаар маш ноцтой нэгэн өөрчлөлт хийхээр бэлдэж байна гэсэн мэдээллийг бид авлаа. Эх сурвалжийн мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа нар үйлдвэртээ очилгүй хэд хонож байна. Шалтгаанаа коронавирусийн улмаас тогтоосон хязгаарлалтад орсон гэж байгаа бололтой юм. Харин тэд Улаанбаатарт огт өөр ажил хөөөцөлдөж явна. Төрийн ордон дахь ЗГХЭГ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Төлөөлөгчийн газар хоёрын дунд жим гартал гүйж байгаа юм байх.

ТӨҮГ болоод нэг жил болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусыг дахин Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ААТҮГ) болгохоор ажиллаж буй гэх. Дахин “хувьчлал” ч гэсэн болно. Эсвэл дахин хуваарилалт гэж болохоор юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг ААТҮГ болгосноор маш их өөрчлөлт явагдана. Хамгийн түрүүнд бүтэц, орон тооны асуудал яригдана. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хуучин ажиллагсдын ажлын байр хөндөгдөхөд хүрч болзошгүй. Тодруулбал. “Эрдэнэт үйлдвэр”-т 2016 онд 5096, 2017 онд 6045, 2018 онд 6110 хүн тус тус ажиллаж байлаа. Харин онцгой дэглэм тогтоож, хаалттай болсон 2019 онд ажиллагдсын тоо огцом өсөж, 6648 болжээ. Даруй 500-гаар нэмэгдсэн байгаа юм. Яг үнэндээ энэ бүхний эцэст эрх баригч намын шахаагаар ажилд орсон 500-гаад хүний ажил, албан тушаал баталгаажих бололтой. Эсрэгээрээ түр нэртэй хуучин ажиллаж байсан хүмүүс халагдах дээрээ тулна. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-т их үймээн дэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас нь үзвэл тус үйлдвэрийн статусаар ингэж шалтгаангүй оролдох болсон нь юутай холбоотой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгж нууж буй шалтгаантай хүмүүст “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажиллагсдын ажлын байртай байх, эсэх юу ч биш байж мэднэ. Учир нь, бүтэн жил онцгой дэглэм нэрийн доор ТӨҮГ статустай явсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг ААТҮГ болгосноор Монголын төрд болоод тус үйлдвэрт хууль зөрчиж хийсэн үйлдлүүдийг хариуцах эзэнгүй болно. Энгийн логикоор аваад үзэхэд ч энэ ойлгомжтой. Монголын төрд өмнө нь ийм байдлаар мөрөө баллаж байсан түүх цөөнгүй бий. Яг өнөөдөр бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өнгөрсөн нэг жилийн ял, гавьяа хоёрыг эдлэх ганц хүн бол Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн. Гэвч тэд статусыг нь өөрчилж чадвал Х.Бадамсүрэн ч, хэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгээс гарч ирэх “үйлдэл”-үүдэд хариуцлага хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнгөрсөн жилийн санхүүтэй холбоотой хуудуугаа статусыг нь өөрчлөх замаар “дахин хувьчлал” хийж, нууж дараад өнгөрөхөөр зэхэж байна гэсэн үг.

Хэрхэхийг харцгаая.

Та ч, бид ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар мэдэж байх эрхтэй билээ.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)