“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх хэргийг дахин шалгуулна

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”- ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корпорэйшн) ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн талаар бид энэ сарын 17-ны дугаартаа мэдээлсэн. Долдугаар сарын 5-нд ийнхүү шилжүүлсэн 60 гаруй хавтаст хэрэгтэй хяналтын прокурорууд танилцаад мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэсэн үндэслэлээр хамтарсан ажлын хэсгийнхэнд буцаажээ. Прокурорууд хэдхэн хоногийн дотор 60 гаруй хавтастай болсон энэ дуулиант хэргийг бүрэн гүйцэд уншиж танилцсан, эсэхэд нь эргэлзэх хүн хууль сахиулах байгууллагынхан дотор ч, жирийн иргэд дунд ч олон байна.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”- ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац”-ынхан хууль бусаар худалдан авсан гэх хэрэгт Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцсоноос гадна тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор, “Монголын төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн сайдаар ажиллаж асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал зэрэг өндөр албан албан тушаалтнуудыг буруутгаж буй билээ. Харин Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, үүндээ улс төрийн өндөр албан тушаалтнууд, садан төрөл, найз нөхдийг татан оролцуулан гэмт бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр хоёр ч удаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод суллаж, өдгөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ шүүхээс аваад байгаа билээ. Харин таслан сэргийлэх уг арга хэмжээний биелэлтэд өнөөдөр хэн хяналт тавьж буй нь тодорхойгүй.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)