“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүжилтийн 72.4 хувь нь төрийн мөнгө”

“Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай буюу эдгээр компанийн ОХУ-ын эзэмшилд байсан хувийг худалдаж авахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн, 2016 оны зургадугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлээс гаргасан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ил болгосон хурлын тэмдэглэл болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан 400 270 000 ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

49 хувийг худалдаж авах хөрөнгө босгосон “Монголын зэс корпорац”-ын санхүүгийн схемийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах 400 270 000 ам.долларыг дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлсэн нь баримтаар нотлогдож байгаа. Нэгдүгээрт, Сангийн яамнаас вексель хэлбэрээр 183.6 тэрбум төгрөг “Кью Эс Си” компанид шилжүүлсэн. Энэ компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбогддог, захирал нь Э.Шижир, ТУЗ-ийн дарга нь Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг. Хоёрдугаарт, Монголбанкнаас өрийн бичиг гаргаж, 200 тэрбум төгрөг, гуравдугаарт, Хөгжлийн банкнаас 122.6, дөрөвдүгээрт, Аж үйлдвэрийн яамнаас 90.3, Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.долларын барьцаагүй зээл нэг өдрийн дотор авсан байна.

Найман өдрийн дараа Монголбанкнаас зузаатгал нэрээр Худалдаа хөгжлийн банк 160 тэрбум төгрөг гаргажээ. Энэ бүх мөнгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан. Дансандаа ганц сая төгрөгтэй байж байгаад 14 хоногийн дотор 100 тэрбум төгрөг, дахиад 14 хоногийн дараа 400 сая ам.доллартой болсон Ц.Пүрэвтүвшин гэдэг залуу яаж энэ мөнгийг босгов гээд харахад ийм схем гарч байгаа. Нийт санхүүжилтийн 72.4 хувь нь төрөөс, 26.4 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан нь эхний байдлаар тогтоогдож байна. 49 хувийг худалдаж авсны дараа “Эрдэнэт үйлдвэр”-ээс 119.3 сая ам.долларыг “Кью Эс Си”, “Монголын зэс корпорац” авсан гэхээр Худалдаа хөгжлийн банк ер нь мөнгө гаргасан уу гэдэг нь их ойлгомжгүй болж байгаа.

Шүүхийн маргаанд Засгийн газар “Монголын зэс корпорац”-д удаа дараа ялагдсан. Ингэхдээ тус компани Худалдаа хөгжлийн банктай ямар ч хамааралгүй хэмээн мэлздэг, үүнийг нь Засгийн газар няцааж чаддаггүй байсан. Тэгвэл энэ Худалдаа хөгжлийн банк, Д.Эрдэнэбилэгийн ойр тойрныхноор дамжин Ц.Пүрэвтүвшинд очсон 400 сая ам.доллар, энэ санхүүгийн схем юу болж таарах вэ” гэв. Тэрбээр “Хууль хяналтын байгууллага энэ схемийг шалгаж, учрыг нь олсны дараа Засгийн газар “Монголын зэс корпорац”-тай хэлцлийн ширээний ард суух боломжтой” хэмээсэн.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс корпорац”-д энэ боломжийг шилжүүлэх тухай хэлэлцсэн Засгийн газрын хуралдаанд тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, танхимын гишүүд бүгд оролцсон. Сангийн яам, Монголбанк, “Эрдэнэт үйлдвэр”, Хөгжлийн банканд мөнгө байсаар атал Засгийн газар сайн дураараа 49 хувийг авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс корпорац”-д боломж олгосон. Ингээд тус компанийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьд шилжүүлэх луйвар хийсэн. Үүнд хууль хяналтын байгууллагын тухайн үеийн удирдлага ч гүнзгий оролцсон. Кинонд гардаг шиг бизнес, эдийн засгийн томоохон бүлэглэл Монголд бий болсны тод жишээ нь энэ” гэцгээж байв.

Мөн 2016 оны зургадугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд дурдсанаар, тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс корпорац”-д энэ боломжийг шилжүүлэх тухай танилцуулсан. Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Орхон “Монголын зэс корпорац”-ын өмчлөгч нь Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банк, “Монгол зэс корпорац” хоорондоо удирдлага болон санхүүгийн хамааралтай гэдгийг хэлсэн нь нууцаас гаргаж буй тэмдэглэлд бичээстэй байгаа гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)