“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиас татгалзсан сайд асан нарыг энэ сарын 16-нд шүүнэ

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нарт холбогдох, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкныхан буюу “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо. Уг нь энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тавдугаар сарын 22-нд хийхээр товлосон байсан бөгөөд хэргийг хянаж байсан шүүгч Д.Дарьсүрэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр татгалзсан учраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Татгалзсан шалтгааныг нь тус дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хянан үзээд үндэслэлгүй гэж дүгнэснээр шүүгч Д.Дарьсүрэн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг удирдан явууллаа. Улмаар Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэрэгт холбогдсон нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг энэ сарын 16-ны 10.00 цагт нээлттэй хэлэлцэхээр товлов. 2012-2016 оны Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Зам, тээврийн сайд байсан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал тэргүүтэй долоон хүний гэм буруутай, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийнхүү хэлэлцэхээр боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдсан, Зам, тээврийн сайд асан Д.Ганбатын эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хахууль авсан өөр үйлдлүүдэд нь ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Минжбадам, Санжаадорж нарыг холбогдуулан хэлэлцэх юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)