“Эрдэнэт”-ийн 49 хувийг зарсан хэрэгт Ч.Сайханбилэгийг яллагдагчаар тооцно


Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан нь тухайн үедээ нэлээд дуулиан тарьж, улмаар АН сонгуульд ялагдах нэг шалтгаан болсон гэж зарим гишүүн нь үздэг. Харин МАН-ынхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ёстой гээд, Засгийн газраас ч тийм шийдвэр гаргаж, Цэцэд хүртэл маргаан үүсгэж байсан. 49 хувийг худалдан авсан “Монголын зэс” корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын 49 хувийг “Монголын зэс” гэх үндэсний компани тус улсын “Ростех” компаниас худалдаж авсан. Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж байсан 51 хувьд огт өөрчлөлт ороогүй, төрийн мэдэлд хэвээрээ байгаа” хэмээн ярилцлагадаа онцолж байсан билээ.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг нарийвчлан шалгаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг яллагдагчаар татахаар болж буй сурагтай. Нэлээд олон баримтад тулгуурлан тэднийг хариуцлагад татах саналаа холбогдох байгууллагынханд хүргүүлэх болсон гэнэ. Тухайлбал, 49 хувийг “Монголын зэс” авахын тулд Монголбанкнаас үндсэн хөрөнгийг нь гаргахад ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан нь тодорхой болсон сурагтай. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Д.Дайчин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)