Эрдэнэтэй АН хаа хүрэх вэ

АН Эрдэнэтэй болов. Үгүй ээ, Эрдэнэ АН-тай болов. Биш ээ, биш, АН С.Эрдэнэ гэдэг даргатай болов. Хэрэгтэй үедээ “Би энэ намын дарга байна” гэж гарч ирээд, хэрэггүй болохоороо “Би аль эрт намын даргын ажлаа өгсөн шүү дээ” гэж яриад суудаг удирдлагатай, толгойтой, толгойгүй нь мэдэгдэхгүй долоон сар явсны эцэст шинэ даргаа нийт гишүүнийхээ саналаар тодруулав. Ингэхээр АН Эрдэнэтэй болсон гэж хэлж болох ч юм уу.

Гэтэл “С.Эрдэнэ бол З.Энхболдын томруулсан хувилбар. Энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй. Тэд нэг эрх ашиг, нэг зорилготой, “Шонхор” хэмээх нэг дээвэртэй. Тийм ч учраас З.Энхболд өөрийгөө залгамжлуулан С.Эрдэнийг намын дарга болгохоор бүх талаар дэмжсэн. Намын даргын нэр солигдож буйгаас өөр юу ч өөрчлөгдөхгүй” гэх яриа сонсогдох. Хэрэв тийм бол Эрдэнэ АН-тай боллоо гэчихэд буруудахгүй нь. Аль нь ч байлаа гэсэн баярлахад арай эрт байна.

Учир нь, сунгаагаар тодорсон хүнийг их хурлаар батламжилдаг дүрэмтэй. Ирэх сарын 12-нд болох VII их хурлаар батламжилбал С.Эрдэнэ АН-ын дарга албан ёсоор болно гэсэн үг. Гэтэл их хурлаар батламжлахгүй байх боломж бий хэмээн арга саам хайх нэгэн ч байгаа сурагтай. Гэхдээ тэр хурлын бэлтгэлийг С.Эрдэнэ удирдан хангуулах хойно санаа зовох юу билээ.

Өөрийг нь батламжилчих тооны хүн авчраад их хуралдаа суулгачихаа мань мэтээр заалгахгүй нь тодорхой. Бүр болохоо байлаа гэхэд их хурлаар батламжлуулаагүй ч ажлаа хийгээд явдаг өмнөх дарга нарыхаа жишгийг дагачихад болохгүй зүйлгүй биз.

Яадаг ч байсан тэр ирэх жилүүдэд АН-ын даргаар ажиллана. Харин хэр сайн дарга байх бол. Түүнийг ямар сорилт хүлээж байгаа вэ. С.Эрдэнийн гарт АН-ын тамга шилжихтэй зэрэгцээд нэгэнт эхэлсэн намын шинэчлэлийг гүйцээх, ердөө таван сар ч хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жил гаруйн дараа болох УИХ болон орон нутгийн сонгуульд намаа ялуулах үүрэг, хариуцлага түүний нуруунд ирсэн.

Тэрбээр хийх ажлын жагсаалтынхаа эхэнд “Намын VII их хуралд бэлтгэх” гэж бичсэн байх учиртай. Учир нь уг хурал ердөө арваадхан хоногийн дараа товлогдсон. Зунжин хүлээсэн VI их хурлаар хэлэлцээд гүйцээж чадалгүй орхисон намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчлэлийг VII их хурлаар батална. Эндээс С.Эрдэнэ ямархуу дарга байх өнгө аяс нь үндсэндээ тодрох болов уу.

Намын дүрэм, үзэл баримтлал, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхдээ нийт гишүүний эрх ашиг, хүсэл, зорилгыг тэргүүнд тавих нь уу, өөртөө зориулсан тоглоомын дүрмээ батлах нь уу гэдэг нь хэдхэн хоногийн дараа харагдана.

Дараа нь, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах болно. Их ялагдлынхаа дараа яаж өндийх учраа олохгүй “дөрвөн хөллөсөн” хэвээр буй АН-ын тун хариуцлагатай, чухал үе нь Ерөнхийлөгчийн сонгууль байх ёстой. АН-ын зарим нэг гишүүн “АН-ын даргын сонгууль амжилттай болж, МАН ялалтаа тэмдэглэж байна” хэмээн ёжилж сууна. Хэзээний олигтой нэргүй С.Эрдэнэ намын дарга болсноор наанадаж Ерөнхийлөгчийн сонгууль, цаашилбал ирэх УИХ-ын сонгуулийн ялалт МАН-д ирнэ гэж өрсөлдөгч хүчнийхэн баярлаж байгаа юм байх. Тийм ч биз, үгүй ч биз.

АН-ын дарга солигдсон үйл явдалд хамгийн их ач холбогдол өгөх, реакц үзүүлэх хүмүүс нь бусад намынхан бус, АН-ынхан байх учиртай. Үүнээс даргын цаашдын ажил хэр урагштай байхыг тольдох ч боломжтой. Шинэ даргаа угтсан эхний өдрийн байдлаар үзэл бодлоо илэрхийлж буй АН-ын гишүүд, дэмжигчдийн дийлэнх олонх нь түүнд саналаа өгөөгүй, түүнд дургүй болж таарлаа. Ийм байхад яагаад бусад дөрвөөсөө хол тасархай түрүүлснийг С.Эрдэнэ өөрөө л мэдэх байх.

Олонх яах вэ, тэгсхийгээд эвлэрч, хүлээн зөвшөөрөх биз. Харин хэдэн гишүүнээ азарган үрээ шиг хуваан хурааж, гоё нэртэй ч явуургүй зорилготой фракцын нэрээр хашиж суудаг хэдэн лидер нь яах л бол гэдэг сонирхол татсаар. Олон жилийн ужиг ан цав нь АН-ын даргын сунгааны үеэр улам гүнзгийрч, зарим нэг нь шинэ нам байгуулахаас буцахгүй болсон тухай шулганах “бор шувуу” ч байна. Гэвч үүнд итгэх эртдэх биз. Ийм яриа анх удаа ч гарч байгаа юм биш.

С.Эрдэнэ “хатуу гар” гэсэн тодотголтой. АН-д “хатуу гар” хэрэгтэй ч гэх нь бий. Буруу эрхэлсэн фракцуудаа ганц зандраад үгэндээ оруулдаг “зөв хатуу гар” байж чадах уу, эсвэл яавал ч яаж мэдэх тэднийгээ хажиглаж, хайрсаар тарааж бутраах “буруу хатуу гар” байх нь уу. Одоо л харах цаг ирлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)