"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2018 онд 680 сая ам.долларын өр төлбөрийг төлж барагдуулжээ

"Эрдэнэс-Тавантолгой" ХК өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна.

Тус тайланд мэдээлснээр өнгөрсөн онд "Эрдэнэс-Тавантолгой" ХК 45.8 сая тонн нүүрс олборлож, 2.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор ажиллажээ.

Мөн гадаад, дотоодод 680 сая ам.долларын өртэй байсан ч 2018 оны аравдугаар сарын 26-ны байдлаар бүх өрийг төлж барагдуулсан байна. Ингэснээр тус компани балансын хувьд цэвэр болжээ. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс-Тавантолгой" ХК 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, гадаад, дотоодын өрийг бүрэн төлж дуусгасан байна.

Тус компанийн захирал Б.Ганхуяг "Манай компани зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүллээ. 2016 оны нэгдүгээр улиралд "Чалко" компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны I улиралд 59.33 ам.доллар, 2018 оны II улиралд 61.0 ам.доллар, 2019 оны I улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөж чадлаа.

Үүнээс гадна Цанхийн баруун уурхайн 2016 оны 1-р улиралд 23.2 ам.доллар байсан үнийг 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний долоон гэрээг тус тус байгуулсан.

2019 оныг бид хөгжлийн жил болгоно. Гашуун-сухайт авто замын үйл ажиллагааг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Мөн 1072 хувьцааг амилуулна. Ингэх санхүүгийн бүх боломж, чадавхи бүрдсэн. Нэгж хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлэхээ шийднэ. Ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж, үүгээр саналаа орууж, эцэслэн шийднэ" гэлээ.

Мөн нүүрсний тээврийн жолооч нарын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байсан учир тээвэр ложистикийн хоёр компанитай гэрээ байгуулан, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгааг онцоллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)