“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Д.Ариунболдыг 15 хоног хорино

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдын гэрт нэгжлэг хийж, улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 4-ний үдэш албадан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорих захирамжийг шүүгч баталжээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Д.Ариунболдыг энэ сарын 4-нд шүүхийн зөвшөөрөлгүйгээр, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулсан бөгөөд маргааш нь шүүхэд тогтоолоо хүргүүлж баривчлан хорьсон хугацааг 48 цаг болгуулсан аж. Тэгвэл хойшлуулшгүйгээр цагдан хорьсон хугацаа дуусахаас өмнө прокурор, мөрдөгч нар яллагдагчаар тооцон цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Ингээд Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” үндэслэлээр яллагдагчаар татаж, 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнтэй хамт иргэн Ж.Зоригтбаатарыг шалгаж буй билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)