“Эрдэнэс Тавантолгой” олон нийтийн зөвлөл байгуулах нь

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ сараас эхлүүлж буй зарим ажлынхаа талаар өчигдөр мэдээлэл өгөв. Тэд IPO гарган нээлттэй компани болон өргөжих болсонтой холбогдуулан санхүү, хөрөнгийн зах зээлийн олон улсын мэргэжилтнүүд, туршлагатай компаниас зөвлөх үйлчилгээ авах, сонгон шалгаруулалт зарласан байна. Түүнчлэн компанийнхаа дэргэд олон нийтийн зөвлөл байгуулахаар болжээ.

Сонирхсон хүмүүс есдүгээр сарын 12-ноос хойш тус компанийн цахим хуудсанд бүртгүүлэн, хүсэлт гаргах юм. Бүртгүүлэгчдээс хамгийн олон хүний санал авсан ес нь зөвлөлд багтах аж. Шалгаруулалт 14 хоног явагдана. Энэ нь нийгмийн хариуцлагыг дээшлүүлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилготой. Мөн цахим хуудсаараа дамжуулан шинээр үүссэн ажлын байруудыг зарлан, нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулах явц, борлуулалтын гэрээг ил болгосноо дуулгав.

“Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого энэ сарын 10-ны байдлаар 1.19 их наяд, цэвэр ашиг нь 483 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2019 онд иргэдэд ногдол ашиг тараах амлалтаа хэрэгжүүлнэ гэлээ. Харин 1.7 сая иргэн хувьцаа эзэмших эрхээ нээлгээгүй байгаа тул нэрийн дансаа нээлгэн, эзэмшигчийн эрхээ баталгаажуулах ёстойг хэллээ.


Бэлтгэсэн: С.Цэрэндулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)