"Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах шаардлага тавина

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, ИЭлСи компанийн хуульч Б.Баяр, “Гложекс” группийн ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн өмнөөс тус компанийн удирдлага болон Засгийн газарт шаардлага хүргүүлэх болсноо зарлалаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг олон талаар зөрчигдөж, үйл ажиллагаанд нь алдаа дутагдал ихээхэн гарч байна гэж тэд тайлбарлав.

Тус компанийн нийт хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх Засгийн газрын шийдвэр 2011 онд гарсан. Улмаар Засгийн газар үүнийхээ тодорхой хэсгийг бэлэн мөнгөөр болон сургалтын төлбөр төлөх хэлбэрээр худалдан авсан юм. Одоо хэн, хэдэн ширхэг хувьцаатай үлдсэн, эсэх мэдээлэл тодорхойгүй байгаа билээ.

Хуульч Б.Баяр “Хувьцаа эзэмшигчид компанийн тухай мэдээлэл авах, хуралд оролцох, санал өгөх, өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхээ өнөө хүртэл хэрэгжүүлээгүй” гэв. Мөн компани их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж, хууль тогтоомж мөрдөөгүй, санхүү, эдийн засгийн үзүүлэлт, тайлан балансыг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргээ хэрэгжүүлдэггүй гэсэн алдаа дутагдал байгааг шүүмжиллээ.

Тэгвэл эдийн засагч Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой” компани 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргаж ирсэн, 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон олборлож экспортолсон ч 453 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, 822 тэрбумын өр төлбөртэй болсныг дуулгалаа.

Олны анхаарлыг ихээхэн татдаг “Чалко”-гийн өр нийт зээлийн наймны нэгийг эзэлж байгаа аж. Тус компани орон нутгийн “Тавантолгой”-гоос 51.3, “Энержи ресурс”-ээс 106 хувийн өндөр зардлаар олборлолт хийж байгааг тэрбээр тодруулжээ. Л.Наранбаатар “Нүүрсний үнэ өсөхөөр зардлаа нэмдэг, хямдрахаар багасгадаг зүй тогтол энэ компанид ажиглагдсан” гэв. Мөн тэрбээр “Сайн чанарын коксжих нүүрсээ өнөөгийнх шиг сорчлон олборлосоор байвал уурхайн үр ашигтай нөөц найман жилийн дараа дуусна” гэж ярилаа.

Энэ үеэр Ч.Ганхуяг шаардлагыг дэмжиж байгаа хувьцаа эзэмшигч болон аж ахуйн нэгжүүдийг ard.mn цахим хуудсанд зочлон, бүртгүүлэхийг уриалав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)