“Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг Лондон, Хонконгод арилжиж магадгүй

“Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжих зөвлөх компаниудыг сонгож бараг дуусжээ. Зөвлөх компаниудыг бүгдийг нь сонгож, гэрээ байгуулсны дараа олон нийтэд мэдээлэх юм байна. Хувьцаа арилжих ерөнхий андеррайтераар “Bank of America”, “Credit suisse” банкийг сонгох нь тодорхой болсныг эх сурвалж дуулгав. Эдгээр банк нь хөрөнгө оруулагч сонгох буюу гол ажлыг нугална. Харин хувьцааны захиалга авах, бүртгэл хийх гэх мэт ажлыг гүйцэтгэх туслах андеррайтераар Японы “Nomura”, Хятадын “Bank of Сhina” банкийг сонгохоор ярьж буй аж. Мөн аудит, хуулийн фирм, санхүүгийн зөвлөх компаниудыг сонгох ажил зэрэг үргэлжилж буй гэнэ.

Хуулийн фирм сонгохдоо Хонконг болон Лондоны хөрөнгийн биржийн аль алинд ажиллах чадвартай байх шаардлага тавих юм байна. “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааны 30 хувийг Хонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан арилжихаар төлөвлөж байгаагаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дуулгасан. Хонконгод эсэргүүцлийн жагсаал газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүсээд буй. Үүнээс шалтгаалж Хонконгод хувьцаагаа арилжих боломж хязгаарлагдвал Лондоны хөрөнгийн биржийг зорих гэнэ. Тус компанийн хувьцааг ирэх жилийн тавдугаар сард арилжихаар төлөвлөж байгаа аж.

Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг “амилуулах” андеррайтераар “БиДиСек”, MICC брокер дилерийн пүүсийг сонгожээ. Тус компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг дотоодын зах зээлд ирэх жилийн хоёрдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)